Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм.

Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. Түүний ярьсныг тоймлон буулгав.

 

“ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ДЭЛХИЙ РҮҮ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ОЧИХГҮЙ”

 

Бид цар тахлыг бараг мартчих шиг боллоо. Гэхдээ дэлхий нийтээрээ “Цар тахлын өмнөх дэлхий рүү дахиж хэзээ ч очихгүй” гэж дүгнэж байна. Маш их юм өөрчлөгдчихсөн. Цар тахлын энэ сөрөг эффект дэлхий нийтийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа юм. Дэлхий нийтээрээ л одоо маш их жагсаал цуглаантай, уур бухимдалтай цаг хугацааг өнгөрүүлж байна. Байгалийн гамшиг, сөрөг үзэгдлүүд их өсөж байна. Олон улсын хувьд дахин өөрөө өөрийгөө олж харж байгаа ийм цаг үе болж байна. Ийм тохиолдолд Монгол Улс хэрхэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглал, ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэх вэ гэдэг бидний том сорилт болоод байна. Энэ хугацаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. Боомт хаагдчихвал юу болдог вэ. Бензин тасарчихвал яах вэ. Эрчим хүчний хомсдолд орчихвол яах вэ. Энэ бүх зүйлүүд бусдаас хэт хамааралтай, хөгжлийг хязгаарлаж байгааг бид маш хурдан цэгцлэх ёстой. 

 

ХОЁРХОН ЖИЛИЙН ӨМНӨ БИД “ЯАЖ ДЕФОЛТ БОЛОХГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГИЙГ ТОРГООХ ВЭ” ГЭДГЭЭ ЯРЬЖ БАЙСАН

 

Шинэ сэргэлтийн бодлого бол “Алсын хараа-2050” хөтөлбөрийн эдийн засгийн бүлэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт, цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэг эрсдэлийн төлөвлөгөө гэж ойлгож болно. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд бие даах ёстой манай тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгож болно. Маш энгийнээр хэлбэл, “Алсын хараа-2050”-ын 30 жилийн төлөвлөгөөний эхний 10 жилийнх нь төлөвлөгөөг Шинэ сэргэлтийн бодлого гэж үзэж байгаа юм.  Дараа нь Урт хугацааны хөтөлбөр хэрэгжинэ.

 

Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлсэн. Бүгд чухал. Гэхдээ хамгийн чухал нь бид мөнгө олох ёстой. Үүн дотроо тээвэр логистикийн боомыг тайлах Боомтын сэргэлт нэгдүгээр бодлого байна. Өөрөөр хэлбэл, үүний нэгдүгээр бүлэг нь боомт байна. Боомт гэхээр нүүрсний экспорт, бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар зөөнө л гэсэн үг.

 

Энэ агуулгаараа Гашуунсухайтын төмөр замыг арван хэдэн жил нэлээн хэрүүл болж байж сая холболоо. Одоо бид хил холболтын терминал буюу ачиж буулгах байгууламж барина. Үүнийг удахгүй хийж дуусна. 1.5 орчим жилийн хугацаанд Хангимандалын төмөр замыг бариад дуусгасан. Энэ төмөр зам шууд холбогдоно. Цааш нь хятадууд хийнэ. Хангимандалын төмөр зам баригдсанаар бид Гашуунсухайтаар гаргаж, зөвхөн Баяннуурт бүтээгдэхүүнээ зардаг байсан бол Бугат руу зарах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, өрсөлдөөн үүсэж байна. Дээрээс нь Бичигтийн боомт бол далайд хамгийн ойр. Энэ боомтыг төмөр замаар холбоно. Экспортын гурав дахь гарц. Энэ боомтыг төмөр замаар холбох ёстой. Шивээхүрэнг холбох том төсөл явж байгаа. Энэ жилдээ ингээд багтаагаад шийдвэрлэнэ.  Эргээд бодоход, бараг жил орчмын хугацаанд боомтууд сэргээд эхэлчихлээ. 200 орчим километрын урттай хоёр ч төмөр замын ард бид гарчихлаа. Товчхондоо, бүх боомтыг авто замаар холбоно.

 

Стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно. Тэгэхээр боомтын сэргэлт маань, ер нь “Боомтын боомыг тайлна” гэдэг маань экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх юм. Бидний хувьд маш хурдан маш их хэмжээний нүүрсийг гаргах нь Монгол Улсын одоо ойрын ирээдүйн маш том стратеги гэж ойлгож болно.

 

Тэр санхүүжилтээрээ эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Манайх жилд 30 орчим сая тонн нүүрс зардаг. Үүнийг 40-45 сая тонн руу оруулбал Монгол Улсын нөхцөл байдал нэлээн өөр түвшинд гарна. За тэгээд далд эдийн засаггүйгээр, нүүрсээ амны биш хилийн үнээр зарж чадвал, 50-100 сая тонн нүүрсийг экспортолдог болж, ДНБ 10 мянган ам.доллароос давна. Гэхдээ бидэнд жилийн дараа 5000 ам.долларт хүргэх боломж байна. Тэгэхээр энэ бол том алхам. Боомтууд сэргээд, авлигын энэ тэмцэлд Засгийн газар иргэдтэйгээ хамт ялалт байгуулсан тохиолдолд 2030 онд хүрнэ гэж тооцож байсан үр дүндээ 1-2 жилийн дараа очно. Тэр утгаараа Шинэ сэргэлтийн бодлого бол хурдасгагч бодлого гэж ойлгож болно. Хоёрхон жилийн өмнө бид “Яаж дефолт болохгүйгээр эдийн засгийг торгоох вэ” гэдгээ ярьж байсан. Одоо цар тахлыг давчихлаа гэж тооцож байна.

 

Энэ жил эдийн засаг сэргэж, 5-6 хувийн өсөлттэй гарна

 

Шударга засаглал, ил тод байдал, Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд 2023-2024 онд эдийн засаг сэргэнэ. Цар тахлын үед хатуу хөл хориотой байхад -4.7 хувьд хүрсэн. 1992 оноос хойш хоёр дахь “хасах” уналт гэсэн үг. Нийгмийн шилжилтээс шалтгаалсан картын барааны үетэй тэнцэхүйц хэмжээний “хасах” баланстай байсан. Төсөв 20 орчим хувиар тасарчихсан. Ийм хүнд нөхцөл байдалтай байсан. Одоо бид хилээ нээчихсэн. Боомтоо сэргээгээд, далд эдийн засгаа ил тод болгоод, хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд эхэлбэл 2023 оны эдийн засаг нэлээд эерэг болно. Эдийн засаг одоо 5-6 хувьд хүрч, өсөлттэй гарна.  Анх удаа 50-55 их наяд хүрч ДНБ тэлнэ. Нийслэлийн нийтийн тээвэр 100 хувь шинэчлэгдэнэ. Энэ бүхнийг би тодорхой яриад байгаа биз. Яагаад гэхээр төлөвлөөд мөнгийг нь тавьчихсан юм. Эдгээрийн ТЭЗҮ-үүдийг нь цар тахлын үед боловсруулчихсан.  Цар тахлын цаг хугацаанд манай Засгийн газар манай улсад энэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн өмнөх бүх Засгийн газрын эхлүүлсэн зургаан сэргэлтийн хүрээний 90 орчим төсөлд аудит хийсэн. Бүх ТЭЗҮ-үүдийг зассан. Хоёр хөрш болон бусад улс орнуудтай, бодлогын гол яамд, хувийн хэвшлүүд, хөрөнгө оруулагчидтай ажилласан. 

 

2023.3.13 бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ

 

Оюу толгойн гэрээний тухайд “Рио Тинто”, “Туркойз Хилл групп” буюу хөрөнгө оруулагч тал буулт хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд, тухайлбал, Оюу толгой Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэлээ гэсэн. Энэ өр үүсчихлээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулах ямар ч боломжгүй болчихсон. Ийм л байдалтай л гацаа үүсээд бараг арваад жил үргэлжилсэн.

 

Улс төрийн хамгийн халуун сэдэв байсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам долларын өр тэглэснээр манай 34 хувь одоо 0 баланс дээр шилжээд, анх Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн өдөр дээрээ буцаад авчирч байна л гэсэн үг. Одоо гүний уурхай хийгдэж байгаа нь тэр 2.3 тэрбум ам.долларын өр төлөгдчихсөн учраас хийчихэж байгаа юм. Цаашаа өгөөж нь нэмэгдэнэ.

 

Гүний уурхай гуравдугаар сарын 13-ны өдөр нээгдэнэ. Энэ бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ. Экспорт маань огцом нэмэгдэнэ. 2027 оноос хойш манай ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжтой болж эхэлнэ. Ер нь бидний хувьд ирээдүй гэрэлтэй л тал руу явж байна гэсэн үг. Яах вэ, мэдээж өнөөдөр бид Оюу толгой, Хөгжлийн банк, Тавантолгойн асуудал болоод л байна. Ингэж засаж байна. Засаж байгаа учраас дандаа л эерэг үр дүн авчирч байгаа. Оюу толгойн хувьд ч маш эерэг үр дүн гарч ирж байна. Хоёр дахь нь Дубайн гэрээтэй холбоотой санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалж дуусгавар болгосон. За бас Оюу толгойг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын хэлцлийг энэ ондоо багтааж хийнэ. 

 

“Welcome to Mongolia” зөвхөн аялал жуулчлалын кампанит ажил биш

 

Манайх уул уурхай дээр нэмээд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гэсэн хоёр салбар төрөлжиж хөгжих боломжтой. Тэгэхээр ирэх жилийн хувьд “Welcome to Mongolia” кампанит ажлыг хийх гэж байгаа юм. Аялал жуулчлалын хууль гарч байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад татварын буцаан олголтыг өгөхөөр болж байна. Агаарын тээврийн либералчлал хийж байна. Бусад улс руу шууд нислэгүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр ирэх жилийн хувьд олон жил ярьсан нэг сая жуулчиндаа бол хүрнэ. Ирэх зун хөрөнгө оруулалтын том уулзалтуудыг зохион байгуулна. Гадаад харилцаан дээр барьж байгаа нэг зарчим бол өмнө нь бусад улс орны Засгийн газрууддаа тохирсон бүх асуудлаа эцэслэн шийдвэрлэж байна. Ер нь гаднынханд “Монголчууд хэлсэн амандаа хүрдэггүй. Монгол Улсын засаглал их тогтворгүй. Урт хугацааны бодлого байдаггүй” гээд ойлгогдчихсон байна.

 

Нэг Ерөнхийлөгч нь очоод “Төмөр зам барина” гэнгүүт, нэг сайд нь зогсоодог. Дунд нь хөрөнгө оруулагчид хохирчихдог. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нэг хөрөнгө оруулагч ирээд байшин барьж байсан чинь манай хууль хяналтын байгууллагууд зохиомол хэрэг үүсгээд газрыг нь булаагаад авчихдаг. Ингээд байхаар хэн Монголд итгэж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Ийм асуудлуудыг эрх зүйн хувьд бүтэн цэгцлэхээр ажиллаж байна. “Монголын за-андагаар буй за” гэдэг гоё үг байдаг.

 

Түүн шиг “Монголчууд За гэсэн бол За байдаг”, “Монголчууд хэлцэл хийсэн бол тэр нь хэлцэл байдаг” гээд бүх хувийн хэвшилтэйгээ, бүх иргэдтэйгээ хамтраад улсынхаа нэрийг дэлхийд өргөх жил бол 2023-2025 он байна.  Тэр утгаараа  “Welcome to Mongolia” гэдэг жил маань зөвхөн аялал жуулчлал биш эрх зүйн хувьд ч хөрөнгө оруулагчдыг хамгаалах жил юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Энэ яам дээр гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг шинээр байгуулж байгаа юм. 

 

Ерөнхийлөгч улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна

 

АТГ-ынхаа үйл ажиллагааны тухайд 2023 оныг авлигатай тэмцэх жил болголоо. Чадах бүх зүйлээрээ хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Жилийн дараа л үр дүнг нь харна. Үнэнийг хэлэхэд би Ерөнхий сайд болоод яг энэ чиг үүргийн дагуу ажиллаж үзсэнгүй. Ковидын үе таарсан болохоор Онцгой байдлынхантайгаа илүү ажиллалаа. Одоо бол авлигалын эсрэг одоо хууль тогтоомжийн дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн байгууллагуудтай нэлээд тулж ажиллана. Энэ асуудлаар би Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн хувьд “Эрдэнэт”-ийн 49, Оюу толгойтой холбоотой асуудлуудыг Ерөнхий сайд байхдаа бас гаргаж тавьж дуу хоолойгоо илэрхийлж байсан улстөрч. Тэр нь үргэлжлээд л явж байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн дэмжлэг үзүүлж Засгийн газрыг дэмжинэ гэдэгт миний хувьд итгэлтэй байгаа.

 

Би гайхамшиг бүтээх гээд байгаа хүн биш

 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авлигатай тэмцэх жил болгоод Засгийн газраас зарлачихлаа. Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа “Бид авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр сууриа тогтоолоор баталгаажуулсан. Энэ таван асуудал дээр Засгийн газар нэг жилийн хугацаанд иргэдтэйгээ хамт тэмцээд үр дүн гаргаад үзье ээ л гэж байгаа юм. Тийм хүсэл сонирхолтой гэсэн үг. Энэ дээр би иргэдээ ч гэсэн уриалж байна. Хамтдаа авлигатай хийх тэмцлээсээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ухрахгүй. Засгийн газрынхаа хүрээнд чадах бүх зүйлээ хийх болно. Чадах бүх зүйлээ хийнэ. Тийм учраас тал талаас нь шахъя гэж байгаа юм. Илчилье. Би гайхамшиг бүтээх гээд байгаа хүн биш. Зүгээр л бусад улс шиг болох гээд байгаа юм.

 

Үнэн бол нэрээр нь хэлчих

 

Нэгдүгээрт, “Шүгэл” ажиллагаа гэж байгаа юм. “Шүгэл”ажиллагаа гэдэг маань олон нийтийн дунд авлигалын ямар асуудлууд байна вэ. Бид ажлын хэсэг байгуулаад дунд нь фокус группийн уулзалт хийгээд орчихно. Засгийн газраас, мөрдөх байгууллагуудын дарга нар энэ ажлын хэсэгт орно. Хэвлэл мэдээллийнхэн орно. Одоо энэ шимэгчлээд байгаа, жишээ нь, Үйлдвэр үйлчилгээний газрын дүүргийн дарга нар зөвшөөрөл сунгаж өгөхөд заавал ресторанд нь очиж хоол иддэг гэсэн гомдол 11-11 төвд их ирдэг. Энэ үнэн бол нэрээр нь хэлчих. Та нэрээ хэлэхгүй байж болно.Үүнийг “шүгэл”-дэнэ гэж байгаа юм. 

 

Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ

 

Яагаад заавал эрүүл мэндийн салбар дээр “Баярлалаа” гэдэг байдлаар мөнгө өгөх ёстой гэж. Яагаад заавал одоо газар авахын тулд бид нар Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитектурт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нар нь энд амьдраад байхад тэрийг бид нар өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж.

 

Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж энэ бүх зүйл авлига шүү дээ. “Шүүр”-дүүлэх ийм олон албан тушаалтан байна гэсэн үг.

 

Тэгэхээр би хамт “шүүр”-дье гэж хэлээд байгаа юм. Яваад үзээрэй, манайх шиг ингээд эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг.

 

Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм.

 

Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй. Түгжрэл, утаа бол мөсөн уулын орой гэдэг шиг энэ авлигал болон буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л юм. 

 

Хил даваад явчихсан 134-өөс хамаагүй олон “шувуу” байдаг

 

“Шувуу” ажиллагаа гэхэд хэрэгт шалгагдаж байхдаа, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурахгүй гараад явчихсан олон хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, авлигалын хэрэг нь баригдаад асуудал болоод ирэхээр л хил даваад явчихдаг хэсэг бүлэг хүн байна. Бид олны танил 134 хүн дээр нь л фокусалж яриад байна. Түүнээс биш энэ бол их тоо бий. Тэд хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээгээд байна шүү дээ. Ингэж нийгмийн анхаарлын төвөөс гарах гээд байна. Тэгэхээр ГХЯ, Иргэний харьяатын газар зэрэг байгууллагууд АТГ, ЦЕГ хоёрт дэмжлэг үзүүлж ажиллана. Засгийн газрын хувьд баримтуудыг ил болгож, шаардлагатай бол хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулах боломжтой хувилбарыг УИХ-д оруулна. Олон нийттэй хамт хуулийн хүрээнд шахаж чадна. Түүнээс биш прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, эсвэл Ерөнхий сайд шүүхийн тасалгаанд орчихоод “Одоо ялла” гээд байдаг нийгэм бол биш. 

 

E-Mongolia дээр асуудал үүсэхэд дотроо баяртай байсан

 

“Шил” ажиллагаа гэдэг цахимжуулна л гэсэн үг. Ер нь энгийн зүйлсийг ч цахимжуулахгүй бол дунд нь нугалаа үүсгэж, энэ нь авлигал болоод байна. Сая хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор E-Mongolia дээр асуудал үүсэж байна. Шулуухан хэлэхэд, би тэрийг хараад дотроо баяртай байсан. Мэдээллүүд өөр өөр, зөрүүтэй байгааг бид олж харлаа. Тус тусдаа, өөр өөр байгаа энэ мэдээллүүд юу хэлээд байна вэ гэхээр авлигалын хөрс сууриуд л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл “Шил” ажиллагааг сайн хийвэл “шүүрдэх” хүмүүс дахин гарч ирэхгүй. Нэг үгээр хэлбэл, хогийн ургамлыг нэг удаа цавччихаж болно, эсвэл хадчихаж болно. Гэхдээ дахиад ургахгүй байх суурь нь“Шил” ажиллагааны хүрээнд одоо хийгдэнэ. Энэ дээр ч олон нийттэй хамт, ялангуяа хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана. Худалдан авалтыг цахим болгож байна. Гаалийн бүртгэлийг цахимжуулах нээлтийг хийлээ. Тэгэхээр хүнээс хамаарахгүй болгохыг “Шил” ажиллагаа гэж байгаа юм.

 

Шилжүүлэн авахдаа хувийн өмчид халдахгүй

 

Тав дахь “Ш” буюу  шилжүүлэн авах гэдэг маань, жишээ нь “Тавантолгой компанийн захирал авлигынхаа мөнгөөр хороолол бариад хажууд нь спорт заал барьчихсан байна” гэж бодъё. Үүнийг яах вэ. Шилжүүлэн авах ёстой. Тэр шилжүүлэн авсан орлогыг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй. “Гадаадад байгаа бүртгэлгүй мөнгө илэрчихлээ” гэж бодъё. Тэрийг яаж авчрах вэ. Манайд ийм эрх зүйн систем туйлын тааруу байгаа. Энэ дээр бид хувийн өмч рүү халдахгүй, гэхдээ хулгайн өмчийг ангилж ялгана. 

 

“5Ш” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 30 жилд болоогүй том үр дүн гарна

 

2023 онд “5Ш” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд болоогүй том хэмжээний үр дүн гарна. Тэр тусмаа олон нийтийн дэмжлэгтэйгээр, хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр. Ингээд явахад Оюу толгойг бид нар хийсэн шиг, “Эрдэнэт” дээр үр дүн гаргаж чадсан шиг, төсөв дээр реформ хийсэн шиг, цэцэрлэг дээр үр дүн гаргасан шиг, эрт илрүүлэг яваад үр дүнд нь хүрч байгаа шиг авлигалыг ч гэсэн цэгцэлчих боломжтой. Мэдээж 30 жил хуримтлагдсан олон асуудал байна. Үүнийг бүгдийг илчилж, ялан дийлэх том боломж яалт ч үгүй олон нийт байдаг. Ер нь бол ард түмнээс илүү том эрх мэдэл гэж хаана ч байхгүй. Олон нийтээс илүү хүчтэй улс төр гэж байхгүй. Тийм учраас л ардчилсан улсын хамгийн гайхамшигтай давуу тал бол энэ.

 

“Нүүрс, зэс хоёр байхад  улс төрийг бид удирдана” гэж ярьдаг

 

Өнгөрсөн 30 жил дотор их  олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой, парламентын засаглалтай болсон. Чөлөөт хэвлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн.Бас өнгөрсөн хугацаанд саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг.Энэ маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Тэгээд энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу.

 

Өнгөрсөн 30 жилийн туршид дандаа л манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж л явсан. Хэрвээ хүч мөхөсдөөгүй байсан бол юу боллоо гэж Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх юм бэ. Манай Засгийн газрын хувьд энэ асуудлуудыг гаргаж тавьж байгаа нь ингэхгүйгээр улс маань цаашаа явахгүй. Тийм учраас бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал болсон. Бид ч ярьдаг.

 

Ер нь Ерөнхий сайд нар маань дандаа огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна гэсэн үг. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой.

 

АТГ-аас “Шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч” гэж Засгийн газарт хандсан

 

Нүүрсний хулгайн хэргийг одоо АТГ шалгаж байна. Тэнд дөрвөн багц асуудлаар хэрэг үүсээд 70 орчим хүнийг сэжигтнээр, тэдний заримыг нь яллагдагчаар татаад шалгаж байна. Дараа нь прокурорын хяналт руу орж ирнэ. Прокуророос шүүхэд шилжүүлэх эсэхийг нь шийднэ. “Ингэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Хуулийнхаа хүрээнд, Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд яаралтай арга хэмжээ ав” гэдэг зүйлийг бид хэлж байгаа. Засгийн газрын хуралдаан дээр байнга мэдээлэл авч байгаа. Ийм түвшиндээ явж байна.  Мөрдөн шалгах ажиллагааны хувьд нүүрсний хэргийг дөрөв ангилаад шалгаж байгаа юм байна лээ.

 

Нэгдүгээрт, худалдан авалтууд байна.

Хоёрдугаарт, оффтейк буюу урьдчилан борлуулсан нүүрснүүдийн цаана байгаа асуудлыг шалгаж байгаа.

Гуравдугаарт, олборлолтын компанитай холбоотой асуудлууд байна.

Дөрөвдүгээрт, бидний ярьдгаар жижиг Тавантолгойтой холбоотой буюу мөргөцөг алга болсон асуудал бий. Нэг уул бүтнээр алга болчихдог. Хилээр тийм хэмжээний нүүрс гарч байсан эсэхийг шалгаж байна. Эдгээрийг нэлээн эрчимтэй шалгаад явж байгаа юм байна лээ. “Энэ хэргүүдийг шалгахад Засгийн газраас шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч” гэж АТГ-ын удирдлагууд бидэнд хандсан.“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойшхи Засгийн газрын бүх тогтоол, бусад баримт бичгүүдийг гаргаж өгсөн. Энэ хүрээнд бүх гэрээ, тогтоолыг нууцаас гаргасан.

 

Ерөнхий прокурор 17-д багтсан зарим гишүүнийг УИХ-д оруулах  хуулийн боломж нээлттэй байгаа

 

Зарим хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бий. Нүүрсний хэрэгт холбоотой гэх 17 хүнийг зарласан. “Хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүй юм бэ” гэдгийг яаралтай тодруулж, мэдээллээ нэгтгэх ёстой гэдэг чиглэлийг бид барьж байна. Яагаад гэхээр тэр чинь парламентын хэвийн үйл ажиллагаатай холбоотой асуудал шүү дээ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр өргөдлөө өгөөд “Шалгуулъя” гэчихээд байж байна. УИХ-ын гишүүнд үзлэг, нэгжлэг хийх эрхгүй, орон байранд нь нэгжлэг хийх эрхгүй. Халдашгүй байдлын хуулиар хамгаалагдсан байдаг. Тийм учраас УИХ-ын гишүүн байна гэдэг нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулдаг гэж үздэг юм байна лээ. Хүмүүсийн яриад байгаа бүрэн эрх шүү дээ. Бүрэн эрхтэй, яалт ч үгүй бэрх эрх. Цаашлаад Улсын ерөнхий прокурор шаардлагатай бол нөгөө 17-д багтсан гишүүдээс УИХ-д оруулж ирж шийдүүлэх хуулийн боломж бол нээлттэй байгаа. Нэг зүйлийг манай иргэд зөвөөр ойлгох ёстой. Ерөнхий сайд бол хүн шоронд хийж шууд ялладаг ч юм уу, тийм эрх мэдэлтэн биш шүү дээ. Тэр ажлыг зөвхөн шүүх л хийдэг. Шүүх бол тусдаа засаглал.

 

“Буруугүй юм бол шалгуул, бүрэн эрхийн цаана битгий нуугд” гэсэн

 

Бүлгийн хурал дээр би байр сууриа хатуу илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагууд асуудалтай гэж үзвэл улс төрийн хамгаалалт хийхгүй гэж хэлсэн. Үүнийг би Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд бас хэлсэн. Нэг үгээр хэлбэл, хууль хяналтын байгууллага ямар нэг байдлаар асуудалтай гэж үзвэл өргөдлөө өгөөд үнэн зөвөө тогтоолгох ёстой. Одоо УИХ-ын гишүүний эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй. УИХ кнопдоно. Бүр нууцаар кнопдоно. Гэхдээ тэр чинь УИХ-ын гишүүнийг хамгаалаад байгаа зүйл биш. Санал өгсөн иргэдийн саналын эрхийг л хамгаалаад байгаа юм. Түүнээс биш тэр хувь УИХ-ын гишүүнийг нь хамгаалаад байгаа гэдэг агуулга байхгүй. Халдашгүй байдлын байнгын хороо,УИХ заавал нууцаар санал хураадаг гэж яригдаад байдаг үүнтэй холбоотой. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.Чуулган эхлээд нэн тэргүүнд хоёр гишүүнтэй холбоотой асуудлуудыг ярилцана. “Үнэхээр олон нийт хардаж байгаа бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулцгаа” гэж би хэлж байгаа юм. Цаашдаа хоёроор ч тогтохгүй байх. УИХ-ын гишүүдийг бас уриалж байгаа юм. Буруугүй юм бол шалгуул, бүрэн эрхийн цаана битгий нуугд. Энэ бол гэмт хэргийг халхавчилдаг бүрэн эрх биш. Энэ бол ард түмний төлөөллийн мандатыг хамгаалж байгаа бүрэн эрх. Тийм учраас УИХ гэдэг бол иргэний төлөөлөл, УИХ-ын гишүүүн бол ёс зүйн өндөрлөг байх ёстой. 

 

МОХ-ны үе үеийн удирдлагууд санхүүжилт босгож жагсаалд оролцсон

 

“Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос 145 хоногийн дараа жагсаал болсон. Энэ хооронд Засгийн газар хэд хэдэн удаа авлигалтай холбоотой томоохон мэдээллүүдийг хийсэн л дээ. Тэгэхээр тэр жагсаал бол хоёр, гурван шалтгаантай жагсаал болсон.

 

Нэгдүгээрт нийгмийн маш их бухимдал дээр үүссэн органик давлагаа байсан. Эхний нэг,хоёр өдрийн жагсаалын тухайд Засгийн газраас нүүрсний хулгайтай холбоотой мэдээллүүд задалсантай холбоотойгоор олон нийт “Ямар их хэмжээний нүүрсний луйвар явчихсан юм бэ” гэдгийг илүү мэдэрч бухимдсан гэсэн үг.

 

Буглачихсан ийм хатгийг задлахаас л өөр аргагүй шүү дээ. Тэгээд ч задлах цаг нь болсон байсан. “Эрдэнэт”-ийн 49 дээр тогтоосон яг тэр эрх зүйн дагуу “Эрдэнэс Тавантолгой” дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Тэгээд тэнд байгаа бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн л гэсэн үг. Тийм учраас жагсаалыг ашиглах гэсэн хэсэг бүлэг нөхдүүд гарч ирсэн. Бодит байдал учраас тэрийг би одоо хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас халагдсан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд байсан.Тэд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Засгийн газрын эсрэг жагсаалыг уриалж эхэлсэн гэсэн үг. Шалгагдаад эхлэнгүүтээ, одоо явж байгаа нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг саармагжуулах гэсэн зорилго агуулсан төлөвлөлт болсон. Б.Ганхуяг МОХ-г удирдаж байсан. Н.Удаанжаргал бас МОХ-г удирдаж байсан.

 

Бас МОХ-ны одоогийн ерөнхийлөгч зэрэг хүмүүс оролцсон. Тэд “Эрдэнэс Тавантолгой” компанид бөөнөөрөө томилогдож тендер авдаг байсан. Одоо бүгдээрээ шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Тэр нь энэ нэг хэсэг нөхдүүд дээр их хүнд туссан байх л даа. Ер нь бол тэд оюутнуудын дотуур байраар явж, сүлжээ үүсгээд, мөнгө тараасан.

 

Гэхдээ дийлэнх нь органик байсан жагсаал дээр нэмж орж ирсэн. Ийм зохион байгуулалт хийсэн. Нөгөө “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг юм болсон. Нийгмийн бухимдалд тулгуурлаж байна шүү дээ. Тийм зорилгоор жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. Бас, манай сөрөг хүчнийхэн оролцсон. Тэд сөрөг хүчнийхээ л ажлыг хийсэн гэсэн үг. 

 

Тэд “Нүүрс гэдэг сэдэв тэр хэргийг замхруулахад хэрэг болж магадгүй” гэж бодсон байх

 

Дээрээс нь энэ койнтой холбоотой нөхдүүд оролцсон. Яагаад гэхээр хохирогчдын маш том асуудлууд гарч ирээд, койнтой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаанууд хийгдээд эхэлчихсэн байсан. Одоо эхэлж байгаа юм биш л дээ. Бараг жилийн өмнөөс эхлээд явж байсан. Энэ хүндрээд эхэлсэн. Тиймээс тэд “Нүүрс гэдэг сэдэв тэр хэргийг бас замхруулахад хэрэг болж магадгүй” гэж бодсон байх. Ийм хэсэг нөхдүүд гарч ирсэн.

 

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ энэ жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн За, дээрээс нь жижиг “Тавантолгой” гээд нэг ийм анхаарлын төвөөс гадна үлдчихээд байдаг. Жижиг “Тавантолгой” буюу Өмнөговьт байгаа тэр Тавантолгойн компанитай холбоотой луйвар нь хэмжээгээрээ “Эрдэнэс Тавантолгой”-нхтой бараг дүйцнэ.

 

Нөгөө мөргөцөг алга болсон, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байна. Ихэнх нь энэ жижиг “Тавантолгой” дээр асуудал үүснэ. УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж бий. Жижиг “Тавантолгой” түүний өмч. Уг нь түүний өмч биш, орон нутгийн өмчит гэж ойлгодог. Бид бүгдээрээ тэгж ойлгодог. Бодит байдал дээр тэр хүний л 100 хувийн өмчлөлд байдаг. Тэр байтугай МАН талаас томилогдож байсан хүмүүсийг ч тэр хүн томилсон. АН талаас томилогдож байсан хүмүүсийг нь ч тэр хүн томилсон байдаг. Тэгээд тэнд нь ямар ч бүртгэл байхгүй. Худалдан авалтын ямар ч баримтууд байхгүй.Ингээд харахад олон нийтийн компани боловч зүгээр л ийм далд эдийн засгийн том хөшүүрэг болж байсан. Тиймээс бид жижиг “Тавантолгой” дээр бас онцгой байдлыг нь тогтоосон шүү дээ. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд энэ жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг бол би шулуухан хэлэх нь зүйтэй. Дээрээс нь Оюу толгой,“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэрэг дээр эрх ашиг нь зөрчигдөж байгаа нөхдүүд “Засгийн газрыг боломж нь байвал унагачихъя” гээд нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах гэсэн. Ийм зорилго агуулсан төлөвлөлт болсон. Гэхдээ манай иргэдийн хувьд юмыг наанатай цаанатай ойлгодог. Болж буй бүх зүйлийг мэдэрч байдаг ард түмэн юм. Тэгэхээр тэр органик жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглахыг хүссэн хүмүүсийн зорилго биелээгүй. 

 

Хөгжлийн банкны хэрэг бол 30 жилийн “соёл”-ын үр дүн

 

-ОУВС-гийн удирдлагууд “Ер нь Хөгжлийн банк чинь байх хэрэгтэй юм уу” гэдэг асуултыг надад тавьсан. “Ийм Хөгжлийн банкийг татан буулгах ёстой” гэсэн. Тэгснийх нь дагуу татан буулгачихаар нэгдүгээрт, энэ өрүүд төлөгдөх туйлын эрсдэлтэй болж хувирна.Хоёрдугаарт, цаашдаа Хөгжлийн банкийг дахиж байгуулах боломж туйлын хомс болно.

 

Нэг үгээр хэлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зүйлгүй болно л гэсэн үг. Механизм байхгүй болно гэсэн үг. Хөгжлийн банк байсны гэж буруу юу байх вэ. Түүнийг өөлж байсан улстөрчдийн нөгөө л нэг задгай явсан 30 жилийн соёл нөлөөлж байгаа юм л даа. Тэр утгаараа Хөгжлийн банкны хэрэг хамгийн олон оролцогчтой болж байна.

 

Нөгөө талдаа УИХ-ын сонсгол ч гэсэн баримтуудыг шинжлэн судалж, ийм дүгнэлт гаргаж байна гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд оруулж байна гэсэн үг. Тэрнээс биш тэнд шүүн таслах ажиллагаа явуулаад байгаа юм биш. “Засгийн газар өнөөдөр элдвийн баримтуудыг гаргаж ирээд, задлаад л байна” гэж намайг зарим хүн шүүмжилдэг юм. Ер нь бол зарлана. Ил тод болгоно. Энэ үгийг би их олон давтаж байна. Ерөнхий сайдын хувьд хийж чадах зүйл л энэ.Тийм учраас би олон давтаад байгаа юм. Цаашдаа ч би олон асуудлыг ил тод болгоод явна. Яагаад гэхээр Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй шүү дээ. Бид “Самурай” бондын өрийг өөрөө төлөх хэмжээнд очоод нэг их наядын эргэн төлөлт хийчихлээ.

 

Хэвлэл мэдээллийнхэн байсан тулдаа үүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулж байгаа учраас тэр хүмүүс нийгмийн шахалтад орж зээлээ төлж байна гэсэн үг. Бид дотооддоо ингээд, бүр ВВС-гээр авлигаа ил гаргаад, илчлээд байж байгаа маань манайд ам.доллар олж ирэх урсгал татрах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээчих вий гэдэг болгоомжлол бас байна.

 

Бид нар ил тод байх тусам л хөрөнгө оруулалт ирнэ. Миний бас нэг баяртай байгаа зүйл бол саяын нүүрсний хулгайг дөрөв, таван жил яриад төдийлөн анхаарлын төвд ороогүй байсан. Харин одоо энэ системийн авлигыг олон нийт бараг бүтэн олоод харчих шиг боллоо. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр олон нийтийн анхаарал сулраад ирэх үед л шүүхийн шатанд ч юм уу завхрал явдаг. 

 

“С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой”

 

Эцсийн бурууг шүүх тогтооно. Шүүхэд гүйцэтгэх засаглал нөлөөлж болохгүй. Шүүхийг томилох процесс ямар байсан бэ гэхээр шүүхийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан, одоо нүүрсний хэрэгт орооцолдоод байгаа нөхдүүд маань л томилсон гэсэн үг. Логикоороо бууж байгаа биз. Үүнийг нэг нэгээр нь ярихад цаг ч бараг багадна. Ийм том том сэдвүүд л дээ.

 

Тоймлоод ярихад С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн.

 

Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ. Гэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажилласан, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд логик дарааллыг нь ингээд хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл болно. Энэ хэрэг олон жил их ээдрээтэй явж байна. Би бол дотроо,“Одоо бид нарын яриад байгаа авлигалын том системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа даа” гэж боддог юм. Нэг бол “С.Зориг нас барснаар, алагдсанаар тэр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр шинэ тогтолцооноос гарч, өөр тогтолцоо руу ороод, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа” гэж боддог. Тэр цагаас хойш системийн авлигал гэдэг юм явсан юм биш байгаа гэж боддог юм. 

 

Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл бол хүчтэй

 

Ингээд л тэр өдрөөс хойш “Зэс” гэдэг том асуудал гарч ирсэн. Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл бол хүчтэй. Тийм учраас “Эрдэнэт”-ийн удирдлагуудын төлөөх үе үеийн том тэмцлүүд болсон. Тэдгээр нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь байхгүй юу. Ер нь бол тэр үед “Эрдэнэт”-ээс өөр ч юм бараг байгаагүй. Өмч хувьчлал болсон.  470 орчим улсын үйлдвэрийг хувьчилчихсан.

 

Улс төрд нөлөө бүхий хэдхэн хүн л нийгмийн хагас зуун жил бүтээсэн баялгийг хувьчлаад авчихсан. Хувьчлал бол зөв, хувийн өмчтэй болж байгаа нийгэм юм чинь. Гэхдээ энэ нь өнөөдөр юунд гай болоод байна вэ гэхээр бид нар дараа дараагийн төрийн нэр дээр байгаа өмчүүдийг олон нийтэд хувьчлах гэхээр итгэхгүй байгаа юм. Олон нийт “Үгүй ээ. Яг л тийм юм болно шүү дээ” гэдэг. 

 

Тэгэхээр нэг ийм үйл явдал ямар хортой дагавартай вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тэгээд тэр 1998 онд эхэлсэн “Эрдэнэт”-тэй холбоотой, зэстэй холбоотой асуудал энэ том албан бус бүлэглэлийн систем явж явж, бараг 18 жилийн дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзаад,  төр тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргасан атлаа тэрийг нь нэг хоёрхон сайдаас бусад сайддаа хэлэхгүйгээр, сонгуулиас хоёр гуравхан хоногийн өмнө Их хуралд мэдэгдэхгүйгээр хувьчлаад авчихсан. Ч.Сайханбилиг тухайн үед Ерөнхий сайд байсан. Сонгуулиас нэг өдрийн өмнө гаргасан шийдвэрийн эхэлсэн процесс нь нэг сар орчмын өмнөөс эхэлсэн. Гэхдээ их тийм хурдан явсан л даа. Энэ схемийг би гаргаж ирж тайлбарлаж байсан. Энэ схем яагаад чухал вэ гэхээр энэ ерөөсөө 2-6 дугаар сар хүртэл ерөөсөө дөрвөн сарын дотор л энэ бүх гүйлгээнүүд хийгдсэн. Эх сурвалжууд бол өөр өөр. Нэг үгээр хэлбэл тэрийг нэг хувийн хэвшил ч юм уу, ганц Ерөнхий сайд шийдэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл, тэнд тагнуул оролцсон. Шүүх оролцсон. Прокурор оролцсон.Ерөнхийлөгч оролцсон. Ийм систем л дээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр миний яриад байгаа албан бус, төрөөсөө том бүлэглэл байна гэдэг нь 1998 онд илэрч байсан. Тэр асуудал явж бэхэжсээр байгаад сая “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мөнгөөр хувьд авах хэмжээний том лобби болж босож ирсэн.

 

Сонгуулийн дараа хэдэн банкны захирал тойрч суугаад шүүхийг хувааж авдаг байж болохгүй

 

Одоо шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал очсон. Яаж шийдэхийг хэдүүлээ хамтдаа нүд цавчилгүй харна. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм биш. Зүгээр л олон нийт ажиглаасай гэж хүсэж байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой асуудал ч шүүхэд очсон одоо шийдэгдэнэ. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо мөрдөн байцаах шатанд явж байна. Шүүхэд очно. Мөрдөх байгууллагуудын хувьд ер нь ажлаа хийгээд л өгчихдөг юм байна лээ. Гол нь шүүх гэм бурууг эцэслэн шийдэх Үндсэн хуулийн эрхтэй цорын ганц байгууллага. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх өнөөдөр томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа хэдэн банкны захирал тойрч сууж байгаад л “За би Захиргааны танхимыг авлаа. Би Эрүүгийн танхимыг авлаа. Би Дээд шүүхийн энэ шүүгчийг нь авлаа” гээд хувааж авдаг байж болохгүй. Тэгэхээр эсрэгээрээ хараат бус байдал үнэхээр хангагдахгүй байна гэсэн үг. Ийм л байсаар ирсэн. 

 

Шүүх засаглалгүй юм шиг явж ирсэн

 

Одоог хүртэл шүүхэд тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс л байгаа шүү дээ. Нийтдээ 500 шүүгч байдаг. Би Ерөнхий сайдын хувьд ингэж ярих нь зохисгүй. Үүнийг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр 30 жилийн явсан энэ авлигалтай холбоотой асуудал хэвийн хэмжээнээс илүү гарчихсан. Тийм учраас Засгийн газрын тэргүүн хөгжлийн бодлого тодорхойлоод аж ахуйн ажил хийх байтал арга буюу бүхэлдээ авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод, авлигын эсрэг жил болгож зарлаж байна. Энэ бол шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Авлигыг таслан зогсоож байж эдийн засаг хөгжих гээд байна. Тэгэхээр энэ бол нийгмийн асуудал болчихож байгаа юм. Бид шүүхийн хараат бус байдал, бүх зүйлээ хуулийн дагуу хүндэтгэнэ. Гэхдээ шүүх тэр асуудлуудаа шийд л дээ. Үгүй юм аа гэхэд тайлбараа хэл л дээ. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, бараг шүүх засаглалгүй юм шиг явж байна шүү дээ, өнөөдөр. Энэ асуудлуудаа шийдэхгүй л бол шүүхийн шударга байхад итгэж, цалинг нь нэмсээр 30 жил хүлээсэн нийгэм одоо яах юм бэ. Монголын ард түмэн чадах бүх зүйлээрээ л дэмжсэн шүү дээ. Парламент ч дэмжсэн, Засгийн газар ч дэмжсэн. Одоо юу хүлээгээд байгаа юм бэ. 

 

Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гэсэн

 

Одоо энэ хаврын чуулганаар Засгийн газраас УИХ, Засгийн газрын гишүүд өөрийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа төрд томилох эрхийг хуулиар хаах гэж байгаа юм. Дээрээс нь эцсийн өмчлөгч нь болж хувьцаа эзэмшдэг компаниараа төрийн тендерт орохыг хуулиар хаана. Төслийг нь УИХ-д өргөн барина. Энэ дээр бас олон нийтийг дэмжихийг уриалж байна. Дахиад л дэмжлэг хэрэгтэй. Энэ хууль батлагдвал төр, бизнес хоёрын зааг тогтож эхэлнэ.  Одоо бол нэг тийм болчхоод байна. Энэ мажоритар тогтолцооныхон ч бас нэг гажуудал мөн. УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн бөгөөд Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн бөгөөд аль нэг спортын холбооны дарга, УИХ-ын гишүүн бөгөөд том компанийн захирал гээд байхаар эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн ардчилал маань дүр эсгэсэн ардчилал болчихоод байна. Харахад сонгууль явагдаад байгаа мөртлөө нөгөө л мөнгөтэй, нөгөө л нэг нүүрс, зэсийн нөхдүүд, нөгөө л нэг хэдэн тоглогчид байж байдаг. Ингээд төлөөллийнхөө хүнийг томилоод л төрийг алсаас удирддаг. Гэхдээ энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочихоод байна. Тийм учраас үүнийг одоо засахаас өөр ийм арга байхгүй.

 

УИХ баталж чадвал цаашдаа улстөрчид ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авдаг явдал хязгаарлагдана. Энэ нь зарим нэг хүмүүст жоохон ойлгомжгүй байгаа байх. Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гээд байгаа юм.Миний тайлбар юу вэ гэхлээр “Үгүй ээ, УИХ-ын гишүүн бол иргэн биш.

 

УИХ-ын гишүүн бол иргэний төлөөлөл юм. Иргэдээсээ хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч одоо яриад байгаа халдашгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрэв та Үндсэн хуулийн тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол иргэнтэйгээ адилхан болчих. Иргэнээсээ илүү үүрэг хариуцлага хүлээж байж энэ тухай ярих эрх зүй болон ёс зүйн одоо ийм өндөрлөг дээрээ байх боломжтой” гэж байгаа юм. 

 

Үндсэн хуулиар үзэл бодлын гурван хэсэгт хуваагддаг

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Ер нь 30 жилийг ингээд бүхэлд нь дүгнэх ёстой.  Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид ирж уулзсан. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудтай ч уулзсан. Үндсэн хуулийн 1992 оны протоколыг бас хэвлүүлсэн.  Олон нийт илүү дүгнэлттэй байгаасай гэж үзсэн. Тэр бол 30 жилийн өмнө болж байсан төсөөлөл буюу протокол.

 

Харин 30 жилийн дараа бодитоор аль нь хэрэгжив, аль нь хэрэгжсэнгүй вэ. Энэ бол бодитой дүгнэлт мөн. Бид Үндсэн хуулийн протоколыг эхлээд маш сайн судлах ёстой юм байна гэж би бодсон. Алдаа оноогоо дэнслээд, оноон дээрээ тулгуурлаад алдаагаа засах ёстой. Тэгэхээр дүгнэлт их бодитой байх ёстой. Энэ агуулгаар би бүх хүнд нээлттэй хандаж байгаа юм.

 

Үүн дээр үзэл бодлын гурван хэсэгт хуваагддаг юм байна лээ. Шинэчилсэн найруулга буюу Үндсэн хуулийг бол шинээр хийх ёстой гэдэг хүмүүс байна. Жишээлбэл, хоёр танхим ч юм у, ийм том суурьтай асуудлуудтай. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ч юм уу, энэ асуудлууд бол бүгдээрээ шинэчилсэн найруулга гэсэн үг. Эдгээрийг нэмэлт өөрчлөлтөөр хийх гэхээр хэтэрхий том агуулга хөндчих гээд байдаг. Нэг өгүүлбэр өөрчлөгдөнгүүт дагаад хэд хэдэн өгүүлбэр дээр өөрчлөлт ороод л тэр ньҮндсэн хуулийн 30 хувь болчихдог. Нэг үгээр хэлбэл, шинэчилсэн найруулга гэдэг нь нэлээн тийм том хэмжээний өөрчлөлтийг хийх цаг болсон гэдэг. Энэ тохиолдолд мэдээж ард нийтийн санал асуулга явах ёстой. Нийгэм маш олон талаас нь хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шинэчилсэн найруулга хийгдэнэ. Ялангуяа туршлагатай, олон жил парламентын гишүүн явсан хүмүүс туулаад гарчихсан 30 жилээ дүгнэж ярьж байгааг би буруутгахгүй. Би бүгдэд нь “Та нар маань санал санаачилга гарга. Засгийн газар чадлаараа л дэмжье” гэж байгаа юм. Хоёр дахь нь “Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бол цаг нь биш. Нэмэлт өөрчлөлт маягаар ингээд яваад байх ёстой” гэж үздэг хэсэг хүн байна. “Үндсэн хуулийн боломжийг нь бид шавхаагүй. Сахигтун, Мэдэгтүн” гэдэг хоёр заалтыг нь л хэрэгжүүлэхгүй яваад ирлээ гэж байгаа юм. “Бүтэн мэдэхгүй байна. Сахиж чадахгүй байна.

 

Нэмэлт өөрчлөлт бол болно” гэдэг. Жишээлбэл, “Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэхэд нэг хэсэг нь “Огт өөрчлөөд хэрэггүй. Үүнийг Үндсэн хууль биш салбарын хуулиар зохицуулах ёстой” гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдын хувьд аль нэг талд нь орсон юм байхгүй. Аль аль тал нь өөрийн итгэл үнэмшилтэй байгаа учраас би эрх баригч намын даргын хувьд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зүйтэй л гэдэг байр сууринаас хандаж байгаа юм.

 

Бас эрх барьж байгаа намын аа даргын хувьд хэлэхэд “Та нар л ялаад байдаг” гээд байдаг гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. “Шинэчилсэн найруулга хийж болно, гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингээд байгаад байдаг, тэгээд тэгдэг гээд хоорондоо бас байр сууриараа нэгдэж өгдөггүй,  дотроо их мэтгэлцээн өрнөөд байдаг. Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна.  

 

“Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь л өрсөлдье” 

 

“Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу байна вэ” гэж тодруулбал би “Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ. Холимог гэдэг маань эхнийх нь тойргоос парламентын гишүүдийг сонгоно. Энэ бол тойргоо төлөөлнө. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдоно. Тэр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. 

 

Ингээд 50:50 болчихлоор 50 хувь нь тойрогжих үзэгдэл, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. 

 

Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахиад хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна.  Саяын Зөвлөлдөх санал асуулга бол томсгосон фокус группийн хэлэлцүүлэг л гэсэн үг. Тэндээс саяын гурван зүйлийг л асууж байгаа юм.

 

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга байж болох уу, үгүй юу.

Хоёрдугаарт, нэмэлт өөрчлөлт байж болох уу, үгүй юу.

Гуравдугаарт,  огт хөндөхгүйгээр салбарын хуулиудаараа зохицуулаад явж болох уу, үгүй юу. гэдэг л ийм гурван зүйлийг юмыг асууна. Дахиад хэлэхэд, улс төрийн намууд одоо өөрсдөө шийдэх гэж байгаа юм. Би бол “Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” л гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлүүдээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм.

 

Байгалийн баялаг эзэмшиж байгаа нөхдүүдийн компани Хөрөнгийн биржийн листэд байх ёстой

 

Хувь хүний тухайд би хүнтэй муудаад байх дургүй хүн. Хувь хүнтэй холбоотой субъектив юм нэг ч байхгүй. Би зүгээр л тогтолцоо засах гээд байгаа юм. Түүнд авлигал саад болоод байна. Магадгүй, энэ улс төрд хийх гэж хүсээд байгаа зүйл маань гэвэл тогтчихсон байгаа авлигалын системийг нураахыг хүсэж байгаа юм. Улстөрч хүн уул уурхайн компаниудаас санхүүжилт авдгийг нь болиулахыг хүсэж байгаа юм.

 

Банкны салбар бусад жижиг бизнес рүү ороод байхыг хуулиар хязгаарлахыг хүсэж байна. Байгалийн баялаг эзэмшиж байгаа нөхдүүдийн компани бүгдээрээ Хөрөнгийн биржийн листэд байхыг би олон нийттэй хамт шахахыг хүсэж байгаа юм.  Улс төрд орсон хүн бизнесийн хувьд хохиролтой байхыг би хүсэж байгаа юм.

 

Тэрбум төгрөгөөр санхүүждэг сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хүсэж байгаа юм. Улс төрийн намууд илүү бодлого ярьж өрсөлддөг байх эрх зүйн орчин бүрдээсэй гэж бодож байгаа юм. Төрийн албан хаагчид “Би татвар төлөгчдийн санхүү дээр амьдарч байгаа, үйлчлэх ёстой албан тушаалтан” гэж ойлгодог байх, энэ реформыг би хийе гэж бодож байгаа юм. Парламентын гишүүд “Би бол дарга гэж бодох биш, би бол олон нийтийг төлөөлж байгаа төлөөллийн төв байгууллагын сонгогчдын мандат” гэдгээ ойлгох цаг ирээсэй гэж бодож байгаа юм.

 

Энэ бүх зүйлийг өөрчлөөд шинэ 30 жилийг эхлүүлэхийг л хүсэж байгаа юм. Үүнийг л би “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлого гэж нэрлэж байгаа юм. Үүнийг л би Шинэ сэргэлтийн бодлого гэж одоо томьёолж байгаа юм. Гайхамшиг бүтээх гээд байгаа зүйл биш. Зүгээр л хэдүүлээ хэм хэмжээтэй, эрх зүйтэй, хуультай, авлигалгүй, энгийн хөгжсөн бусад улстай адилхан болъё.

 

Ингэснээр дундаж давхарга өснө. Амьдралын чанар эрс нэмэгдэнэ. Шинэ 30 жил илүү итгэл найдвартай болно. Монгол Улс одоо бүс нутагтаа тэргүүлэх эдийн засгийн өсөлттэй, хүртээмжтэй байгалийн баялагтай байлаа гэхэд хуваарилалт нь шог болчхоод байна. “Олон нийт” гэж би олон дахин яриад байгаа нь “Ерөнхий сайд олон нийттэйгээ байхад асуудлуудыг шийдэж чадах юм байна” гэдэг итгэл үнэмшил авсан. 

 

Тоглоомын дүрмийг өөрчилье гэж чин сэтгэлээсээ хүсэж байна

 

Үнэтэй цаг зүүсэн гэдгийн тухайд тэр цагийг 40 насны маань төрсөн өдрөөр манай Б.Баатар ах авч өгсөн. Ийм цаг бэлэглэсэн гэсэн үг. Германы айлчлалаар онгоцны нислэгтэй холбоотой асуудал гарсан. Энэ талаар тайлбарлаж амжаагүй байсан. Уг нь санхүүжилт хэмнэх гэсэн хандлага байсан юм. Төрийн хэмнэлтийн хуулийг дагасан. Хандлага маань бол тийм байсан. Гэхдээ нислэг дээр тийм ойлголтын зөрүү гарсанд хүлцэл өчье. Дээрээс нь, тухайн үед иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье. Харвардын дипломын тухайд google-дээд үзэхэд л бүртгэл дээр нь гараад ирнэ шүү дээ. Тэнд би 2015 онд төрийн удирдлагын мастер хамгаалсан. Ер нь бол би энэ тоглоомын дүрмийг өөрчилье гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Тэгэхээр энэ агуулгаараа би өөрөө үнэн байхгүй бол яаж үнэний төлөө явах юм бэ. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин