Т.Доржханд: Маргааш эхлэх Хөгжлийн Банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлагатай
2023/03/01
Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хувьд бар жил хатуу болж өнгөрлөө. Өдгөө маш олон хэргийн асуудал яригдаж байна. Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зохион байгуулсан.
Ингэхдээ бид иргэдэд бүх мэдээллийг нээлттэй ил тод хүргэсэн юм. Харамсалтай нь үр дүн буруу гарах вий гэдэг болгоомжлол байгаа учраас бид ийнхүү мэдээлэл өгч байна.
Тодруулбал, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хянан шалгах анхан шатны шүүхэд болно.
Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ.
Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргаснаар хаалттай хуралдах шийдвэрт хүрчээ. Өмгөөлөгчид "Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч" гэж хүсэлт гаргасан байна.
Хүсэлтийг нь шүүх хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болсон.
Бид шүүхийн хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол түүнийг хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах боломж нь хуульд бий.
Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна" гэсэн юм.
Сонсголд танилцуулсан нийт мэдээллийн 90 хувь нь шинэ мэдээлэл байжээ. Тухайлбал, маш олон улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, УИХ-ын өмнөх болон одоогийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн харилцаа холбоо бүхий компаниуд баримтаар нотлогдсон.
Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ хоёр тэрбум бол төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө бөгөөд татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ чанаргүй болгон цааш дамжуулж, зориулалтын бусаар ашигласан хэргийг УИХ-ын түвшинд баталсан.
Улмаар шүүх рүү шилжүүлсэн ч хаалттай байдлаар эцэслэн шийдэх гэж байгаа нь буруу.
Бид гурван сая гүйлгээг нягталж, улсын бүртгэл дээр зургаан сарын турш ажиллан зээлдэгчдийн харилцаа хамаарлыг гаргаж ирсэн байдаг.
Түүнчлэн улсын төсвөөс 100 сая төгрөгийн зарцуулалт хийж, хянан шалгах түр хорооны хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ нь иргэдэд нээлттэй мэдээлэлтэй байх зорилго агуулсан юм.
Тиймээс ХҮН намын хуулийн багийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж байна" хэмээв.
Зочин · 2023/03/01
Шаардлага яриад суухын өөрөө энэ бүгдийг дотроос нь хийлдээ ард түмнийг жагс гээд бгаа умуу хаашаа ум