Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагджээ. 

Тус ажлын хэсгийн гишүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна. 

Тэрбээр "Та бүхэнд ажлын хэсгийг танилцуулъя

.

Ажлын хэсэгт:

  1. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  2. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  3. ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  5. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  6. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  7. ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  8. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  9. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  10. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  11. Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллахаар төлөвлөсөн.

Ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллана" гэв. 

Авлигын эсрэг шүгэл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд өнөөдөр мэдээлэл өглөө.

Сайд Б.Солонгоо "Иргэдийн зүгээс авлигын талаар эрсдэлтэй зүйлийн талаар мэдээлэх юм бол өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг бүхий л талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Эхний ээлжид 1111 төв дээр долоо хоногийн Баасан гараг бүрд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно.

Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Иргэд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгэм, сэтгүүлчидтэй хамтарч ажиллана. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл ирсэн бол бид нээлттэй байх болно.

Ингээд шүгэл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэж байна" хэмээн ярилаа.