Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд цагдан хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах заалтыг төсөлд тусгасан
2023/03/21
"Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсандаа бичсэн.
Тэгвэл тэрбээр тухайн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
"Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих ангиудад 4,300 гаруй хоригдол ял эдэлж байна. Цагдан хорих байранд 1,350 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа. Харин 1,800 орчим хүн торгуулийн ялтай байна. Улаанбаатар хотод байрладаг урьдчилан болон цагдан хорих байранд 1,000 орчим, орон нутагт 400 гаруй хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой бодлого гаргаж ажиллаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хэрэгжүүлж эхэлсэн" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Түүнчлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг хуулийн төсөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний оронд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг хэрэгжүүлэх техникийн болон программ хангамжийн бэлтгэл ажил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хангагдсан.
Бид хяналтын танхим, программ хангамжийн асуудлаа шийдсэн. Хууль батлагдсан тохиолдолд мөрдөгчийн саналаар таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа зорчих эрхийг хязгаарлах чиглэлийг баримтлах бэлтгэл ажил хангагдсан. Эх орноосоо урвах, тагнуул зэрэг тодорхой төрлийн хэрэг дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ" хэмээв.
зояин · 2023/03/22
Энэ зөв байхаа хэрэг хийсэн үгүйг мэдээгүй байж шууд хоридогоо болих хэрэгтэй ш дээ