УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна. Хуралдаан түр завсарласан үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн тав дах өдөр оруулж ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай бүлэг байгуулсан үндэслэлээр шалгаж байгаа.

     11 хүнтэй уулзахыг нь хязгаарлаж, хориг тогтоосон. Нэг хүнийг цагдан хорьсон байна. Мөн 119 гаруй хүнээс мэдүүлэг авсан. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн дөрвөн зүйлээр яллагдагчаар татсан. Нийт 66 хүн гэрчээр дуудагдаж, 11 хүнийг яллагдагчаар татаж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Мөрдөх байгууллагад шалгах бололцоог нь хангах үүднээс түдгэлзэх санал оруулсан.

          Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүснэ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны аль нэг газар нь нэгжлэг хийхэд гишүүний хамаарал бүхий объектод халдвал хууль бус үйл ажиллагаа болдог. Гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн болно. Энэ талаар УИХ-ын тухай 9.8-т энэ талаар заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байхад гүтгэлээ гэдэг нь өрөөсгөл ойлголт” гэлээ.