Ядуурал, нийгмийн тэгш эрх, халамжийн бодлого , хөдөлмөр эрхлэлт гээд нийгмийн амьдрал энэ яаманд холбогддог. Тэр утгаараа хамгийн чухал салбар гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ чухал салбарыг удирдах сайдын суудал эзэнгүй удлаа.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ийн сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлов. Яагаад хойшилсны цаад учир нь улс төрийн тохироо бүрдэж өгөхгүйд оршиж байна. Өөрөөр хэлбэл, ХНХ-ийн сайдад зүтгэж яваа улстөрчид олон байна гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд хэнийг нь томилох, хэнийг нь гомдоох асуудалд эргэлзээтэй байгаа нь тодорхой. Мэргэжилтнүүд энэ салбарыг эмэгтэй хүн удирдах нь илүү зохимжтой гэж үздэг. Тэр утгаараа Ерөнхий сайд намынхаа эмэгтэй гишүүдийн саналыг сонсож байгаа. Нөгөөтэйгүүр сайд болох амбицтай эмэгтэй улстөрчид МАНдотор ёстой шоргоолж шиг л гүйлдэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын нэр яригдаж буй. М.Оюунчимэгийн хувьд хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн. Холбогдох байнгын хороодыг удирдаж байсан туршлагатай. Тэр утгаараа тус салбарыг бусдаасаа илүү мэдэж, мэдрэмжтэй ажиллах бололцоотой гэдэг. Б.Саранчимэг гишүүний хувьд мөн адил хоёр дахь удаагаа сонгогдож, холбогдох байнгын хороодыг удирдаж байсан туршлагатай. Түүнийг нам доторх Сү-гийн фракц хүчтэй дэмжиж байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд УИХ-д анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа улстөрч. Тэр утгаараа хоёр сонгогдож, байнгын хороо удирдсан эгч нартайгаа өрсөлдөж байна. Гэхдээ түүний хувьд намынхаа эгч нарын амбицыг гүйцэхгүй байх гэсэн таамаг яригдаж байгаа. Харин эрэгтэй улстөрчдийн хувьд сайд болох цөөнгүй хүн байгаагийн нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм. Түүний нэр саяхнаас гарч ирсэн нь бас учиртай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийн фракцаа Засгийн газарт нэмэгдүүлэхийг хүсч байна гэсэн үг. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн фракц хумигдаж байгаа. Тиймээс тэрээр фракцынхаа нөлөөллийг тэлэх зорилгоор энэхүү саналыг гаргаж байгаа гэх бор шувуу саарал ордонд нисч эхлээд удаж байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдаас сайдын суудал гуйж, шаардаж байгаа нэг хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрээр МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Тулгыг зүтгүүлсэн. Гэвч үүнийг нь Ерөнхий сайд хүлээж аваагүй гэх. Харин одоо Н.Энхбаярын хувьд хүүгээ сайдад суулгахаар нөлөө бүхий зарим улстөрчтэй уулзаж яваа талаар “Тамхины цэг”-ийн мэдээ байна. Гэхдээ Ерөнхий сайд түүний хүслийг дахиад л буцаах магадлал өндөртэй. Тохироо, гуйлга, нөлөөлөл дунд толгой нь эргэх шахуу яваа Ерөнхий сайдын өөр нэг санаа зовоож байгаа асуудал бол ах нар нь. Тодруулбал, намын ах нар сайдын суудалд санаархаж эхэлсэн гэх. Хамгийн эхэнд Н.Энхболд, Ц.Нямдорж хоёр сайд болохоор ярьсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Энэ үнэн бол МАН-ын ах нарын албан тушаалын төлөөх шунал одоог хүртэл эрчтэй байна гэсэн үг. Н.Энхболдын хувьд ёстой ордны буг болсон улстөрч. Насаараа Их хурлын гишүүн, сайд дарга хийж яваа хүн. Тэр утгаараа өнөөгийн завхарсан нийгмийг гар бие бүтээлцсэн ах нарын нэг. Залуу, ид үедээ хийх ёстойгоо зөв хийж чадаагүй улстөрчид одоо засаад, сайжруулаад явна гэж түүхэнд байхгүй гэдгийг хэн хүнгүй хэлэх байх. Юутай ч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг сайдаар тавих вэ гэдгээ Ерөнхий сайд мэднэ.

Түүний хувьд сошиалын нөлөөллийг харж сайдаа сонгодог жижиг улстөрч огт биш. Хэн нь илүү ажиллаж байна, хэн нь илүү салбараа мэдэж, мэдэрч чадах вэ гэдгээр нь сонголтоо хийнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. ХНХ-ийн сайдын асуудлыг Ерөнхий сайд хойшлуулаад байгаа нь тавих хүнээ сонгож чадахгүй дээ биш, намын эв нэгдлийг хангах, улс төрийн бужигнаан үүсгэхгүй байх гэдэг хандлагаар өдийг хүртэл яваа. Гэхдээ одоо цаг нь болсон. Чимэгтэй гишүүдээсээ сайдаар томилох уу, чирж яваа ах нараасаа сонгох уу гэдэг нь сонин.