УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий Түр хороог “...Нүүрсний” хэмээн товчилдог. Нүүрсний түр хороо хамгийн сүүлд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөө хаалттай хуралджээ. Хуралдаанд Түр хорооны 13 гишүүнээс ес нь оролцсон байна.

 

Тэд нүүрсний нээлттэй сонсголыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Хаалттай хуралдааны дараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд “...Хуралдаанд АТГ-ын төлөөлөл оролцож “...УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9 дэх заалтын дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.

 

Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэдгийг илэрхийлсэн. Иймд Түр хорооны гишүүд санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлууллаа. Нүүрсний гэх хэрэг бол Хөгжлийн банкны асуудлаас ялгаатай” гэж мэдээлэв. Түр хороо 2022 оны зургадугаар сарын 30, аравдугаар сарын 25, арваннэгдүгээр сарын 9, арванхоёрдугаар сарын 13, арванхоёрдугаар сарын 30, 2023 оны гуравдугаар сарын 20, дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтдээ долоон удаа хуралджээ. Дээрх хуралдаануудаар нүүрсний хулгай тойрсон маш ноцтой асуудлуудыг гаргаж ирж хэлэлцсэн байдаг. Ер нь бол Нүүрсний түр хороо нээлттэй сонсгол хийх бэлтгэлээ базаачихсан байсан. 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаад нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-нд хийхээр товлосон. Тус Түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар бүрдүүлсэн материал, нотлох баримт, Хятад улсын нүүрсний импортын болон олон улсын нээлттэй цахим хуудаст байршуулсан мэдээллийг харьцуулан шинэчилж, хууль бусаар алдагдсан нүүрсний хэмжээ, үнийг тогтоосон бүрэн бодитой хараат бус дүгнэлт гарчихаад байсан. Шинжээч, хянан шалгагч нар нь ч ийм дүгнэлт гаргачих хэмжээний хүмүүс томилогдоод байв.

 

Гэтэл АТГ энэ нээлттэй сонсгол хэдэн сарын турш яригдахад дуугараагүй. Бүтэн гурван долоо хоногийн өмнө тов гарахад ч ямар нэг байр суурь илэрхийлээгүй байж гэнэт ийм “хориг” тавьсан нь эргэлзээ, хардлага дагуулж байгаа юм.

 

Нүүрс тойрсон хулгай, хууль бус үйл ажиллагаа олон жилийн турш үргэлжилсэн гэдэг нь нийтэд нэгэнт ил болчихсон. Хууль хяналтынхны тухайд нээлттэй сонсгол гэдэг бол мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна гэхээсээ дэм болох магадлал өндөр гэдэг. Ийм кэйсүүд бий. ЖДҮ-ийн хэрэг дээр л гэхэд Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёр чуулганд орж сууж байгаад гишүүдийн үйлдлийг маш тодорхой тайлбарлаж байсан түүхтэй. Тэгсэн ч УИХ тэдгээр гишүүдээ чөлөөлөөгүй болохоос биш олон нийт “тос, ус”-ыг нь ялгаад л хоцорч байв. Саяхан болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсгол ч тов тодорхой үр дүнтэй өндөрлөсөн. Хэдийгээр бодит байдал ийм боловч нүүрсний нээлттэй сонсголыг хойшлуулах саналыг АТГ гаргасан болоод үлдлээ.

 

Гэхдээ “...АТГ болгоомжилж, бид түүгээр нь шийдлээ” гэж Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд мэдэгдлээ. Хуралдаан хаалттай явагдсан болохоор хэн, юу гэж хэлээд Түр хороо тэгж шийдсэнийг оноож мэдэхгүй юм.

 

Харин ганц л зүйл маш ойлгомжтой байна. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний асуудалтай холбоотойгоор Түр хорооны шинжээчдийн гаргасан дүгнэлттэй холбоотой аж. Тодруулбал, оффтейк гэрээний дүгнэлт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүдийн талаар маш ноцтой дүгнэлт гарчээ. Чухамдаа тэр л Түр хороогоор тийм шийд гаргуулж, Г.Ганболдоор дээрх мэдэгдлийг хийлгэсэн болж таараад байна. Тиймээс “...“Нүүрсний” Г.Ганболдын ард ямар хүчин байна вэ” гэдэг асуулт улс төр, хууль хяналтынхны дунд яригдаад эхэллээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин