С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах бололтой. Буруутаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн болж таарсан. Хэрвээ “...Энэ хоёр хүн буруутай нь нотлогдохгүй байна” гэсэн мөрдөгчийн саналыг прокурор баталгаажуулбал шүү дээ. Тэгснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд болоод захиалагчийг шинээр “тодруулна” гэсэн үг. Нөгөө талаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шүүсэн шүүгч нарын асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ямар зорилгоор дээрх хоёр хүнд хэргийг үүрүүлсэн бэ гэдэг маш ноцтой юм. Тэгэхээр улстөрчдийн оролцоо бас гарч ирнэ.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй тун төстэй “сценар”-аар шийдэгдсэн нэг хэрэг байдаг. Тэр нь “...Долдугаар сарын 1”-ний хэрэг. Таван хүн амиа алдсан. Тэдний дөрөв нь буудуулсан гэдэг. Уг нь энэ хэрэг 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой. Саналын дүнг эсэргүүцсэн ултөрчдийн “манлайлал”-аас үүдэлтэй гэдэг.

2008 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болж тухайн үеийн МАХН 41, АН 29, бусад нь дөрвөн суудал авсан.  АН, БНН, Иргэний эвслийн удирдлагууд “...Эрх баригчид луйвардлаа” гэж мэдэгдсэн. Маргааш нь буюу долдугаар сарын 1-ны үдээс өмнө Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд цуглаан зохион байгуулсан. Ингэж тэр үймээний суурь тавигдсан байдаг. Харин хэрэг явдлын дараа уг үймээнийг зохион байгуулсан гэгддэг улстөрчид ямар нэг хариуцлага үүрэлгүй үлдсэн байдаг. Харин цагдаагийн хэдэн дарга л ял үүрээд өнгөрсөн. Энд нэг анхаарал татах зүйл байдаг. Үймээний үеэр хүний амь хөнөөсөн гэгдэж шалгуулж байсан цагдаагийн алба хаагчдын үйлдэл нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үймээний үеэр амиа алдсан хүмүүсийг хэн хөнөөсөн нь тогтоогдоогүй гэсэн үг. Үнэхээр ч цагдаагийнхан уг хэргийг хүлээгээгүй байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд “...Хэрвээ цагдаагийнхан иргэдийг буудсан бол би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэж байв

Гэвч эцэст нь цагдаагийн зарим даргыг яллаад өнгөрсөн. Тэднийг ялласан шүүгч нар ч түүнээс хойш тасралтгүй дэвшсээр карьерынхаа оргилд хүрчихээд байгаа юм. Үүнийг “...Шагналаа авсан” хэмээн үздэг.Зарим нь “...Монголын хамгийн том шүүгч болно гэчихсэн тууж яваа” гэж яригдаж байна.

Түүнчлэн 2014 онд Ерөнхий прокурор болсон эрхэм энэхүү хэргийг босгож ирээд тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг буруутгаад “хаах” үйл ажиллагааг зохион байгуулсан гэгддэг. Энэ мэтээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй төстэй буюу хэн нэгэнд бурууг үүрүүлэх байдлаар “...Долдугаар сарын 1”-ний хэргийг хаасан гэгддэг. Тиймээс уг хэргийн жинхэнэ буруутан илрэх цаг нь болсон бололтой. Эх сурвалжийн мэдээллээр, хууль хяналтынхан энэ хэргийг сэргээн шалгаж эхлэхээр болсон байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин