Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  парламент энэ долоо хоногт хэлэлцэнэ.

Мөн Засгийн газраас  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  төслийг өргөн барихаар бэлдээд байна.  Тэгвэл өчигдөр намын бүлгүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин нарын байр суурийг хүргэе.

 

Д.ТОГТОХСҮРЭН:  2019 ОНД ХИЙЖ ЧАДААГҮЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ГҮЙЦЭЭЖ, ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛНӨ

 

-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Мөн өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчилсөн. Харин одоо яригдаж байгаа өөрчлөлтүүд нь  2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулсан асуудлуудаа хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох гэсэн асуудлууд 2019 онд яригдаж байсан.

 

Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Мөн Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангах чиг үүрэгтэйн хувьд Улс төрийн намын тухай хуулийг санаачлан өргөн мэдүүлээд байна. 

 

Бүлгийн хурлаар тус хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Улс төрийн намын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орж байсан. Хуулийн онцлог гэвэл дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт, улс төрийн намуудыг хариуцлагажуулах. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна. Хоёрдугаарт, улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрэв тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно. Дөрөвдүгээрт, улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

 

Х.ТЭМҮҮЖИН: ТҮР ЗУУРЫН ЗАСВАР ХИЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАМ ДОРОЙ БОЛГОНО

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын гол баримталж байсан зүйл нь сонгуулийн тогтолцоо байсан.

 

Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг бидний зүгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болохгүй байх ёстой. Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө ял эдэлдэг байдал байна.

 

Иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол уг асуудал аль эрт шийдэгдэх байсан. Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэн. Дахиад 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлыг хуримтлуулж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэдэг зүйл ярьдаг. Ачаалал даах хэмжээний Цэцийн гишүүдтэй болох гэдэг бол дараагийн асуудал.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул дорой болгоно.

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин