Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгууль 2024 ондоо болно
2023/05/03
Засгийн Газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл,
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
- Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэн, танилцаж буй юм.
Засгийн Газрын хуралдааны үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар УИХ-ын ээлжит бус сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэж, сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүссэн байна.
Өмнө нь шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр намуудын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын сонгууль энэ онд болох эсэхийг тодруулахад "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаад, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй.
Мөн улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй" хэмээн хариулж байв.