Өнгөрөгч жил УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна" хэмээн Далай аварга цолыг хасан, Үндэсний баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар наадмын өмнөхөн батлуулсан.

Монгол улсын ерөнхийлөгч “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн үндэслэлээр уг хуулинд бүхэлд нь хориг тавьсан юм.

Гэвч энэ оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд ерөнхийлөгчөөр хориг тавиулсан хуулийн төслөө УИХ-д дахин өргөн барьсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг бусад гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.  Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “Далай аварга” цолыг хасах эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хуулийн төсөл дэмжигдлээ.

Иймд "Далай аварга "цол Үндэсний бөхийн цол чимэгнээс хасагдаж байгаа бөгөөд наадмын өмнө зарим бөхчүүдийн цол эрэмбэнд багагүй өөрчлөлт орох нээ.

 

Х.Даваа