Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн өвчтөнг хүлээж аваагүй байна
2014/06/13
Өнөөдөр Засгийн газрын харьяа 11-11 төв ажиллаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч байна. Одоогийн байдлаар тус төвд 30 гаруй санал гомдол иржээ. Заримыг тодруулбал, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотноо онгоцоор зорчин ирсэн өвчтнийг Гэмтэл судлалын үндэсний төв хүлээн аваагүй тухай №1406130858 дугаараар холбогдсон иргэн мэдүүлсэн аж. Тэрбээр Говь-алтай аймгаас онгоцоор гэмтлийн эмнэлэгт ирсэн ч хүлээж авахгүй эмнэлгийн үүдэнд хэвтэж байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол иржээ.
Мөн авто машины даатгалтай холбоотой гомдлыг иргэн тавьжээ. Хугацаандаа даатгалд хамрагдаж чадаагүй жолоочийг 190 мянган төгрөгөөр торгох эрх үүссэнийг шударга бус үйлдэл болж байна гэж үзэж буй юм. Энэ мэт олон төрлийн гомдол ирснийг дараах байдлаар түүвэрлэлээ.
№1406130118 Ипотекийн зээл авах гэхээр банкууд олгохгүй байна.Зээлийн мөнгийг юунд зарцуулаад байна вэ? Банкууд зээлийн мөнгийг өөр зүйл зарцуулж байна уу гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй байна.Зээл олгогдож байгаа юу?
№1406149394 Автомашины даатгал төлөхөд иргэдийг маш их шулж, зөвхөн даатгалын компанийн эрх ашгийн төлөө нэг талыг баримтлан журам дүрмүүд нь боловсруулагдсан байх юм. Даатгалын тухай хуульд хяналт тавих эрхтэй байгууллагууд нь энэ асуудалд анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, Д ангиллын жолоочийн даатгал 53.000 төгрөг, мөн дээр нь суудлын автомашины даатгал, жолоочийн хязгааргүйн даатгал гэх мэтээр хувилсан байдлаар даатгалын төлбөрийг асар их нэмэгдүүлж байна. Даатгалд хамрагдаагүй тохиолдолд шууд зогсоогоод 190,000 төгрөгөөр торгох эрх үүсч байгаа нь шудрага бус байна. Мөнгөн дүнг дандаа өссөн тоон дүнгээр хувилж бодож байна.
№1406146915 Баянхошууны замыг засч байгаа гээд хаа хамаагүй гудамжны замыг хаачих юм. Маш их тоос босч байна. Машинууд яаж явахаа мэдэхгүй бөөн бухимдал үүсээд байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1406147440 Иргэний үнэмлэхээ аваагүй хүүхдүүд шалгалтандаа орох гээд очсон зуратгтай хорооны тодорхойлолт гэж байна. Төрсөний гэрчилгээ байхад хүүхдүүдийг ингэж хохироож болдог юм уу?. Хүүхдүүд шалгалтнаасаа хоцроод уйлаад байж байна. Монгол Улсын хүчин төгөлдөр бичиг баримт одоо хүчингүй болсон юм уу?. Яагаад 2 регистер тохирч таарч байхад зурагтай тодорхойлолт нэхээд байгаа юм бэ.
№1406142589 Хархорин захын ойролцоо шуудан холбоо байдаг. Энэ газар утасныхаа төлбөрийг өгөх гэсэн 3 сараас хойш төлөөгүй байна гэж байна. Би сар бүр өгдөг. 3 сарын төлбөр төлөөгүй бол манай утсыг салгачих байсан. Үүнийг шалгаж өгнө үү.
№1406140594 Баянзүрх дүүргийн 7-р хороонд 2-р байрны зүүн талын тоглоомын талбайг нураагаад нүхэн гарц хийнэ гэж байна. Иргэдээс ямар ч санал аваагүй. Яг 2-р байр биш 29-р байртай залгаа шөнөжингөө газар ухлаа. Иргэд шөнөжингөө шаардлага тавиад нэмэргүй. Та 2 өдөр тэвчээрэй гэж байна. Үнэхээр гомдолтой байна.
№1406145314 Хан-Уул дүүргийн 11-р хорооны 95-р байрнаас 2 метрийн зайтай 2 барилга барих гээд байна. Энэ асуудлаар хороо, нийслэлд хэлээд арга хэмжээ авч өгөхгүй байна. Бидний эрхийг зөрчиж байхад ямар ч байгууллага хамгаалахгүй байгаад гомдолтой байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
№1406145711 Хан-Уул дүүргийн 14-р хороонд том хайрганы машин, самосволууд их явж байгаагаас Өлзийт хороололд тоосжилт хэрээс хэтэрч байна. Замаа байнга услах шаардлагатай байна. Шинээр хийсэн замаа усалж байх шаардлагатай байна. Хайрганы машин хайргыг өдөр шөнөгүй зөөж байна. Улаан шороо эргэлдэж, ойрын бараа харагдахгүй байна.
№1406130192 Манай хашааны үүдэнд "Загталын өндөр" ХХК нь нь орон сууцны барилга барина хэмээн нүх ухаад орох гарах гарцгүй болголоо. Бид хашаанд байгаа машинаа гаргаж чадахгүй байна. Эдийн засгийн сургуулийн хашаа руу ордог хаалган дээр / манай руу ордог / хамгаалалтын машинтай хүмүүс зогсоод машин хүн оруулахгүй гээд байх юм гэжээ.
Renato · 2014/06/15