“MN partners” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаттай ярилцлаа.


-МАН Засгийн эрх барьснаас хойш төрийн өмчит компани болон хувийн хэвшил дээр Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилдог болоод удаж байна. Хууль зүйн талаасаа энэ нь хэр зөв шийдэл вэ. Эдийн засагчид бол нэлээн хохирол дагуулж байгаа гэж үздэг?

-Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа асуудал нь нэгдүгээрт, ямар хуулийн зохицуулалтаар явж байгаа вэ гэдгийг ярих ёстой. Бүрэн эрхт төлөөлөгч томилдог Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр 1990-1992 он бол шилжилтийн үе. Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хууль батлагдахын өмнө буюу 1990-1992 онд Монгол Улсад хувийн өмч бий болж байсан. Үйлдвэрүүдийг тодорхой хэмжээнд хувьчилж байсан гэсэн үг. Тухайн үед төр зохицуулалтын механизмгүй байсан учраас улсын өмчит үйлдвэрийн газруудад Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар хувьчлалаас урьтаж хулгай зэлгий гарахаас сэргийлэх зорилгоор түр хугацаагаар дээрх хуулийг баталсан байдаг.

Харин ардчилсан Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна гэж заасан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Хувийн өмчид халдахгүй байх, Төр өмчийг онцгой нөхцөлд дайчлах зохицуулалтыг Үндсэн хуулиар баталсан.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай гээд 1992 оны нэгдүгээр сарын 16-нд батлагдсан журмын тухай хуулиар “Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн бүх хуулийг хүчингүй болгоод 1992 оны Үндсэн хуульд нийцүүлж батална” гээд эрх зүйн шинэтгэлийг 1996 онд дуусгах шийдвэр гаргасан. Бүх хуулиа шинэчилсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Бүгд найрамдах Монгол Ард Улсын есөн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэр хүчин төгөлдөр үйлчилж есөн хуулийн нэг нь Засгийн газарт эрх олгох тухай хууль юм. Энэ хуулийн хамгийн ноцтой нэг заалт нь 1-р зүйлд заасан “Бүгд найрамдах Монгол Ард Улсын нийтлэг хуулийг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт байгаа юм.

Энэ зохицуулалт нь ямар сөрөг үр дагавар бий болгож байна вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх, цаашлаад дотоодын хөрөнгө оруулагч, 1992 оны Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө төр ч, иргэн ч тэгш байдаг энэ зарчмыг алдагдуулсан зохицуулалт нь үйлчилсэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа харш дагаж мөрдөх журмын тухай хуулиа хүчингүй болгоно гээд хуулиараа баталчихсан хуулийг өнөөдрийг хүртэл 30 жил хүчингүй болгоогүй. Уг нь хавсралт хуулиар хүчингүй болгосон хууль шүү дээ.

УИХ, Засгийн газар энэ хуулийг хувийн өмч рүү халдах тохиолдолд хэрэглээд байгаа нь туйлын харамсалтай. Гэтэл 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын ард түмний олж авсан хамгийн том ололт бол хууль шүүхийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх, хувийн өмч рүү хэн ч халддаггүй, хувийн өмчийг хуулиар хамгаалах тухай тусгаж өгсөн. Харамсалтай нь, Үндсэн хуулиар хориглосон зохицуулалтаар, олон улсын гэрээ конвенцио зөрчин удаа дараа хувийн өмч рүү халдаж, хөрөнгийг нь дайчлан авч байгаа нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Үндсэн хуулиа зөрчиж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын төр олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэхгүй, унаад байгаагийн шалтгаан нь хуулийн засаглал тогтоогүй байна л гэсэн үг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч хохирлоо гэхэд хөндөгдсөн эрхээ сэргээлгэх хуулийн засаглал нь тодорхой байх ёстой. Гэтэл энэхүү зохицуулалт нь тодорхой биш байгаагийн илрэл болов уу. Ялангуяа эдийн засгийн эрх чөлөөний индексээр өнөөдөр дэлхийд Сингапур, Скандиновын орнууд, Балтийн улс орнууд, Латви, Литва тэргүүлж байна. Энэ улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг юугаар хэмждэг вэ гэвэл нэг дэх үзүүлэлт нь хуулийн засаглал юм. Сайн хуулийн засаглалтай, хөрөнгө оруулалтын орчныг дэмждэг байхаас гадна хөрөнгө оруулагч хохирох юм бол хохирлоо шүүх дээр нөхөн төлүүлдэг шийдвэр гаргуулдаг боломжтой тогтолцоог бүрдүүлсэн байх юм бол эдийн засгийн эрх чөлөөтэй оронд тооцно.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөтэй оронд ордоггүй. Эдийн засгийн индексээр Монгол Улс хагас эрх чөлөөтэй улс оронд явж байгаа. Эдийн засгийн хагас эрх чөлөөтэйн зэрэгцээ хуулийн засаглал тогтоогүй улс оронд хөрөнгө оруулах нь эрсдэлтэйд тооцогддог. Тийм учраас Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн яаралтай шинэчилж, төр үүргээ биелүүлэх ёстой.

-Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жил болоход энэхүү Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шинэчлэх оролдлого өнөөдрийг хүртэл хийгдээгүй болж таарч байна уу?

-УИХ-ын дарга Г.Занданшатар 2023.04.20-ны өдрийн чуулганы хуралдааны үеэр ”Эрдэнэт” үйлдвэр дээр 2019 онд онцгой дэглэм тогтооход ямар арга хэмжээ авсан бэ гэдгээ протколоор тайлбарласан. Онцгой дэглэм тогтоодог үйл явцыг хувийн өмчид дахин хэрэглэхгүй шүү гэсэн. Гэтэл хувийн өмчид халдчихсан, хэрэглэчихсэн. Хэзээ нэгэн цагт энэ хууль хүчин төгөлдөр бус болно. Тэр цагт эс үйлдэл гаргаж байгаа, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийхгүй байгаа чиг үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүс дээр хариуцлага тооцож л таарна шүү дээ. Яагаад гэвэл 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлээр “1996 он гэхэд хүчингүй болно шүү” гээд зааж өгсөөр байтал энэ хуулийг хүчин төгөлдөр бусад тооцохгүй байна гэдэг нь харамсалтай үйл явдал.

Үндсэн хуульд зөрчилдсөн хууль хүчингүй болно гэсэн хавсралт хуулиар энэ хуулийг хүчингүй болсонд тооцно. Ардчилсан зарчмыг үндсээ болгосон төр энэ хуулийг хэрэглэхгүй явсаар ирсэн. Гэвч энэ зарчмыг мэдэхгүй, захиргааны сэтгэлгээтэй удирдлага, Засгийн газар энэ хуулийг анхлан хэрэглэсэн, хэрэглэж байна.

-Санаатай өөрчлөхгүй яваад байна уу. Эсвэл эсвэл өөр шалтгаан байгаа юм болов уу?

-Би бол санаатай гэж харахгүй байна. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа үйлдлийг 2019 онд хэрэглэсэн. Дахиад 2022 онд хэрэглэсэн нь өөрөө ойлгомжгүй байгаа. Яагаад гэвэл эрх зүйн онолын талаас нь авч үзвэл аливаа хууль дараа нь батлагдсан хуультайгаа хоорондоо зөрчилдөх юм бол дараа нь батлагдсан хуулийг дагаж мөрддөг. Аливаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хууль зөрчилдөх юм бол нарийвчилсан зохицуулалттай хуулийг дагаж мөрддөг. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенци дотоодын хууль тогтоомжтой зөрчилдөх юм бол Олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрддөг. Үндсэн хуультай харшилсан хууль байх юм бол Үндсэн хуулиа дагаж мөрддөг ийм эрх зүйт төртэй улс. Гэтэл ийм эрх зүйт төртэй улс орон шинжлэх ухаан мэдлэг боловсролыг үл тоон нийтлэг хуулийг хэрэглэхгүй гэдэг байдлаар явах юм бол бид хүн төрөлхтний түүхэнд гаргаж байгаа ололт амжилтаас ухарч байгаа хэрэг. Эргээд бид 1990, 1960-аад он руугаа орж байна шүү дээ. 1960-аад он руу ямар хэлмэгдүүлэлт явж байсныг мэднэ. Тэрэнтэй адилхан энэ зохицуулалт ядаж Үндсэн хуулийнхаа хуулийн өмнө бүгд эрх тэгш байна гэдэг зарчим ч хангахгүй, ардчилсан ёсны зарчим ч хангахгүй. Хувийн өмчийг хамгаалах Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд байгаа төр нь иргэнийхээ эдийн засаг, хууль зүйн эрх чөлөөний баталгааг нь хангадаг зохицуулалттай нийцээгүй зохицуулалтыг энэ хууль өөрөө агуулаад байгаа. Тийм учраас маш ноцтой үр дагавартай. Нөгөө талаасаа энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хэзээ нэгэн цагт өөрчилнө, хэн өөрчлөх вэ л гэдэг асуудал.

Энэ УИХ хийхгүй бол дараагийн УИХ энэ хуулийг хүчингүй болгож, энэнтэй холбоотой асуудлыг дахин сөхөн гаргаж ирж тавих болов уу л гэж би найдаж байгаа. Жирийн иргэн ч хараад ойлгохоор л хуулийн заалт.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хуулийг, мөн бусад найман хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэдгийг ойлгож харсан байна лээ. Жирийн иргэн Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гээд Үндсэн хуулийн цэцэд хандах гэхээр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиараа 1992 оноос өмнө батлагдсан хуулийг хянахгүй гэдэг заалттай. Нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргаад 1992 оноос өмнө батлагдсан хуулийг хянахгүй гэдэг заалтыг нь Үндсэн хуулиар УИХ 2020 онд хүчингүй болгосон. УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж аваагүй. Уг нь Цэц их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулж, энэ асуудлаа шийдэх ёстой. Гэтэл Цэц хэзээ их суудлын хуралдаанаа хуралдуулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Тийм учраас хэзээ нэгэн цагт энэ хуулийн заалт хүчингүй болоод жирийн иргэд бид Цэцэд 1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгаар гомдол гаргах боломжоор хангагдах болов уу гэж найдаж байна.

Одоо бол бүхэлдээ эс үйлдэхүй дээр оршиж байна. Бүгд энэ хуулийг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой гэдгээ УИХ-ын даргаас эхлээд ойлгож ухамсарлаж байгаа хэрнээ гэхдээ яагаад хийхгүй байна вэ гэдэг нь эс үйлдэл болж таарна.

-УИХ хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлж дээрх хуулийг батлаагүйгээс хувийн хэвшлүүд хохирч өмч хөрөнгөө булаалгаж байна. Энэ асуудлаар хувийн хэвшил шүүхэд гомдол гаргавал аль талдаа шийдэгдэх магадлал өндөр вэ?

-Шүүхийг яаж шийдэхийг би таамаглах боломжгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар ч тэр иймэрхүү байдлаар шийднэ гэдгийг таамаглах боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. Тэр нь төр гэж юу вэ. Төрийн эрх мэдлийг хуваарилна гэж яг ямар зарчим байдаг юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Ялангуяа шүүх эрх мэдэл гэж юу юм гэхээр хүмүүсийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг. Гэхдээ шүүх батлагдсан хуулийг хэрэглэдэг. Эрх зүйт төр байгаа тохиолдолд хуулийн дээр эрх чөлөө, шударга ёс оршин тогтнодог. Эрх чөлөө тэгш байдал шударга ёсны зарчим хангагдаагүй хууль өөрөө шударга бус хууль. Шударга бус хууль бол хууль биш юм аа гэдэг хэлц үг байдаг. Тийм учраас энэ агуулгаар харахад энэ шүүлтүүрээрээ Үндсэн хуультай нийцээгүй хууль хэрэглэхгүй байх зарчимтай. Хөрөнгөө булаалгасан, хувийн өмчөө дайчлуулсан хүмүүс шүүхэд хандлаа гэхэд шүүх хэрвээ Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн юм аа гэхэд саналаа гаргах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар саналаа гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Хуульч хүнийхээ хувьд би энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.

-Хаа байсан БНМАУ-ын хуулиар Бүрэн эрхт төлөөлөгч томилоод явахаар хэмжээгүй эрх мэдлийг Бүрэн эрхт төлөөлөгчид олгож, хувьцаа эзэмшигчидтэй өмч дээр хууль зөрчөөд байна гэдэг асуудлыг олон нийт тавьдаг?

-Тийм ээ, хэмжээгүй эрх бий болж байна уу л гэж харж байгаа. Энийг би хэлээгүй, Г.Занданшатар дарга хэлсэн. Тийм учраас УИХ олж харсан болов уу. Тендерийн хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль болон бусад хууль хэрэглэгдэхгүй байх нөхцөл бүрдчихнэ, нэгдүгээр зүйлд зааснаар. УИХ-д энийг хязгаарлах боломж байгаа. Агуулгаар харахад бусад хууль тогтоомжийг хэрэглэхгүй байгаа тохиолдолд ямар нэг алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Магадлал бол байгаа гэдгийг сая УИХ нь олоод харчихлаа л гэж харж байна.

-Засгийн газрын хувьд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэж зөвтгөдөг. Хэр бодитой зөвтгөл вэ?

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувийн компани дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсныг зөвтгөх боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улс Компанийн тухай хуультай. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалдаг тогтолцоотой. Энэ нь шүүхээрээ явдаг тогтолцоотой. Тэгэхээр хүн хөндөгдсөн эрхээ сэргээн эдлэх шүүх засаглалын асуудал шүү дээ. Үүнд гүйцэтгэх засаглал орох боломжгүй. Нөгөө талаасаа гүйцэтгэх засаглал орох нь ч буруу. Цааш, цаашдаа буруу жишиг тогтчихно. Нөгөө талаасаа Засгийн газар нь хувийн өмч рүү халдаад байх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тийм учраас дээрх үйлдэл нь дотоодын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулагч нар зугтаах, айх сэдлийг л өгч байна. Жишээ татъя, уул уурхайн лиценз аваад үйл ажиллагаа явуулж байтал Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Ингээд миний хөрөнгө царцдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсэх нь эрсдэл. Тийм учраас би хэрвээ хөрөнгө оруулагч бол энэ улсад хөрөнгө оруулалт хийх юм уу, яг адилхан уул уурхайн эдийн засагтай улс оронд хэрвээ хувийн өмч рүү Засаг ороод ирвэл түүнийг нь хамгаалдаг хуулийн тогтолцоотой, шүүхдээд шударга ёс тогтдог орон хоёрын алинд нь хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг сонголтыг хийнэ. Рациональ сэтгэлгээгээрээ бодох юм бол хуулийн засаглалтай оронд л хөрөнгө оруулалт хийнэ.

Эдийн засагч талаасаа, хөрөнгийн үр өгөөж, эрсдэлийг харвал хуулийн засаглалтай орон руу л гарч таарна. Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийхийн тулд гадаад болон дотоод орчны шинжилгээ хийдэг. Дотоод орчны шинжилгээгээр дотоод нөхцөл байдлыг тодорхойлдог. Гадаад орчны шинжилгээгээр тухайн улс орны тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөж, эдийн засгийн тогтолцоо, тогтвортой байдал, нийгмийн тогтвортой байдал, технологийн хөгжил, технологийн эрсдэлийг харж, хөрөнгө оруулалт хийхэд технологийн ямар боломж байна. Хуулийн ямар тогтолцоо байгаа юм, хуулийн ямар эрсдэл байгаа юм. Тухайн улсын байгаль орчны болон хүн ам зүйн ямар орчин байгаа юм гэдэгт анализ хийж байж, хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Хэрвээ хууль нь тогтворгүй, хуулийн засаглал нь хангалттай бус, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо нь удаан байх юм бол хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй. Улс төрийн тогтворгүй орчин байх юм бол хөрөнгө оруулах эрсдэл өндөртэй. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт гэдэг богино хугацааны асуудал биш. Монголд ялангуяа дарга нартай нь хөрөнгө оруулалт хийе гээд хэлцэл хийтэл солигддог. Дахиад л хэлцэл хийх болдог. Улс төр нь өөрчлөгдөхөөр бодлого өөрчлөгддөг. Бодлого өөрчлөгдөхөөр бодлого тогтворгүй болдог. Энэ агуулгаараа гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин өнөөдөр ч тэр улс төрийн орчин хангалтгүй байгаа.

Хуулийн засаглалаас гадна Засгийн газарт эрх олгох тухай нийтлэг хуулийн хэм хэмжээг хэрэглэхгүй гэдэг заалтууд эрх зүйн орчин бүрдүүлж байгаа. Нөгөө талаараа улс төрийн орчин ч бүрдүүлж байгаа. Энэ бүх зүйл гадаадын хөрөнгө оруулалт татах орчин юм. Бид яаж улс төрийн орчноо тогтворжуулах гээд байгаа юм, бид яаж хууль эрх зүйн орчноо бэхжүүлэх гээд байгаа юм. Наад зах нь шүүх засаглал руугаа хүн бүр харааж үл хүндэтгэж байгаа нөхцөлд хараат бусаар шийдвэр гаргах чадвар хэр байх юм. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг нь зөвхөн хуулийн орчноос гадна улс төрийн орчин, бүх орчин нөлөөлж байгаа. Ганцхан Гадаадын хөрөнгө ороуулалтын тухай хууль биш, иргэний шүүхээр шийдвэрлүүлж байгаа процессын хуулиуд ч багтана. Гадны хөрөнгө оруулагч нарт эрсдэл үүсгээд байгаа Засгийн газрын эрх олгох тухай хууль байна, Төрийн хянан шалгалтын тухай хууль байна. Энэ бүхэн эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлж байгаа учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа, би тэгж харж байгаа.

Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэзээ хамгийн өндөр байсан бэ гэхээр 2012 онд 400 орчим хувь өссөн. 2016 он гэхэд хасах руу орж, гадаадын хөрөнгө оруулагч нар зугтаагаад гараад явсан. Энэ юуг илтгээд байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчин ухарсан зохицуулалтуудаар явж байна. Монгол Улсад өнөөдөр олон улсын хуулийн фирм байна уу, байхгүй. Яагаад Монголд хөрөнгө оруулагч тогтохгүй гарч яваад байна вэ гэвэл Монголд эрх зүйн орчин буюу үйлчилгээ үзүүлэх орчин байхгүйтэй холбоотой. Ялангуяа буруу жишиг тогтоогоод ирэхээр хөрөнгө оруулагч кейс хардаг. Танай улс орон хувийн өмч рүү дайчлан ордог тохиолдол байна уу, тэрийг шүүх яаж шийдсэн юм бэ гэж асууна. Ингэж шийдсэн юм аа гэвэл хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг наад захын асуулт. Миний хөрөнгө оруулалтыг хэзээ нэгэн цагт төр нь дайчлаад авах уу, үгүй юу гэдэгт хариултын чадвар байна уу гэдэг чухал асуудал юм. Яг энэ асуудал дээр хувь хуульчийнхаа хувьд гадаадын хөрөнгө оруулагч нарт ээлгүй орчин тогтолцоогоо яаралтай өөрчлөх шаардлагатай л гэж харж байгаа.