Т.Доржханд: Улс орны эрх ашиг дээр нэгдэж чаддаг байх нь улс төрийн том соёл юм
2023/06/09
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа. Энэхүү өөрчлөлтийг хийхэд та болон танай намынхан гол үүрэг гүйцэтгэж дэмжиж ажилласан. Ер нь ямар өөрчлөлт болчихов. Хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Манай нам тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр 2016 оноос эхлэн байр сууриа илэрхийлж, энэ өөрчлөлтийн төлөө явсан. Яагаад гэхээр Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй байна. Байнгын гацаатай явж ирлээ. Тодорхой бодлого байхгүй учраас хөгжлийн талаар бүр яриад ч нэмэргүй ийм цаг үед бид амьдарч байна. Тийм учраас тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. 2022 онд бид “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн.
Ердөө хоёрхон долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж, 180 орчим мянган иргэнтэй уулзаж, тогтолцооны өөрчлөлтийн төлөөх 100 мянган хүний гарын үсэг цуглуулж парламентад хүргүүлж байлаа.
Мөн 2023 онд уулзалт үргэлжилсээр байсан. Бүх аймагт очиж “Хамтдаа өөрчилье” аяныг эхлүүлсэн. Иргэддээ нөхцөл байдал ямар байгаа талаар тайлбарлаж, ойлгуулсан. Ойролцоогоор 1.2 сая иргэдтэй уулзсан байдаг. Иргэд анх нэлээд эргэлзсэн байдалтай асуудалд хандаж байсан бол яг бодит нөхцөл байдлыг ярихаар асуудлыг ойлгож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байсныг энд хэлэх нь зүйтэй. Хэдийгээр манай намынхан парламентад ганц суудалтай ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тогтолцооны өөрчлөлтийн асуудалд манлайлал үзүүлж ажилласан. Тодорхой үр дүнд ч хүрлээ. Гэхдээ бидний хүсэл огт өөр, илүү том өөрчлөлт байсан. Ялангуяа сонгуулийн пропорциональ тогтолцоог 50,50 хувь байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байлаа.
-Улс төрийн өнцгөөс та бүхнийг эрх баригчдын захиалгаар ажилласан гэж харж, харддаг. Энэ тал дээр тайлбар өгчих хэрэгтэй байх?
-Хардах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ өнөөдрийн өөрчлөлт МАН-д ашигтай юу гэвэл ашиггүй. Энэ өөрчлөлт Монгол Улсад хэрэгтэй. Улс төрийн жижиг намуудад хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлэх том алхам болсон. Маш их мөнгөний сонгууль хийдэг учраас жижиг намууд гарч ирэх боломжгүй байсан бол одоо парламентад суух боломжтой болсон.
Ер нь энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол магадгүй МАН засагласан хэвээр байх байлаа. АН-ыг би ялна гэж бодохгүй байна. Яагаад гэхээр энэ намын байр суурийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй нэг намын тогтолцоо руу явах гээд байсан юм. Ардчилал байхгүй болж, эргээд 1990 оны өмнөх рүүгээ очих байсан юм уу.
Цар тахал гарч, хойд хөрш маань цаг үеийн амаргүй нөхцөл байдалд байна. Ядаж байхад хоёр хөрш маань хоёулаа авторитор дэглэмтэй. Дэлхий ертөнц ардчилсан болон авторитор улс гээд хоёр хуваагдчихлаа. Монгол Улс авторитор руу шилжих үү, үгүй юу гэдэг эрмэг дээр байна. Тэгэхээр одоо л бид энэ өөрчлөлтийг хийхгүй бол ардчилал, хүний эрх, эрх чөлөө цаашлаад энэ улсын тусгаар тогтнолын асуудалтай холбогдоод ирнэ. Тийм учраас ХҮН манлайлж ажилласан. Эрх барьж байгаа нам маань ч энэ амаргүй нөхцөл байдлыг ойлгоод зөвхөн намын эрх ашгийг нэгдүгээрт тавилгүй улс орныхоо эрх ашгийн төлөө багахан ч гэсэн өөрчлөлт хийсэнд талархаж байна. Яг шулуухан хэлэхэд, МАН-ын жаахан ном уншдагууд энэ асуудлыг дэмжээд явсан даа. Гадуур ХҮН-ынхан МАН-ын охин компани болсон, эрх баригчдын дууг дуулаад явж байна гэх яриа гарсан байна лээ. Энэ яриа бол бидний хувьд ёстой 30 дугаар асуудал болчихоод байна.
Магадгүй өөрийн гэсэн орон зайгаа алдах гээд байгаа намынхан л зориуд гаргаж сэвдэг байх. Би бол ХҮН-ын анхны гишүүн. Парламентад ганцаараа нэг намыг төлөөлж байна. Ийм атал өнөөдрийн хүртэл миний баримталж ирсэн гол зарчим бол ерөөсөө л Монгол Улсын эрх ашиг юм.
Гишүүн болохоосоо өмнө дэлхийн 100 орчим улсаар явж, 50 гаруй улсад ажиллаж байлаа. Дандаа ядуу буурай оронд очиж ажиллаж байсан. Улс орны дотоод эмх замбараагүй байвал, улс төрийн атаа хорсол, бие биедээ дэгээ тавьдаг байдал улсыг яаж сүйрүүлж байгаа жишээ Африк, Латин Америкийн орнуудаар дүүрэн байна. Түүнийг би очиж, улс оронд нь амьдарч нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн болохоор надад аливаа асуудал дээр улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил бий. Энэ зарчмаа цаашид ч баримталж явна. Ер нь улс орны эрх ашиг дээр эрх барьж байна уу, сөрөг хүчин байна уу хамаагүй, тууштай л байх хэрэгтэй. Улс орны эрх ашиг дээр нэгдэж чаддаг байх нь улс төрийн том соёл юм шүү.
-Тэгэхээр ямар ч гэсэн өөрчлөлтийг хийж чадлаа. Гэхдээ энэ өөрчлөлтөд жаахан сэтгэл дундуур байна уу гэж ажиглалаа. Тийм үү?
-Пропорциональ тогтолцоог хаяж 50 хувьд хүргэх байсан юм. Намуудын зөвшилцөл дээр 40 хувь болсон. Уг нь 50,50 байсан бол маш том өөрчлөлт болох байлаа. Үзүүрээс нь атгаад л алдлаа даа. Парламентад бодлого ярьдаг 50 хувь байхад тойргийн төлөөлөл 50 хувь байх хэрэгтэй. Энэ харьцаан дээр томоохон бүтээн байгуулалтууд, эдийн засгийн дунд болон урт хугацааны асуудлуудыг төлөвлөөд санхүүжүүлээд явах тийм зохистой харьцаа байсан. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх асуудал бол угаасаа зайлшгүй ярих ёстой зүйл.
Иргэд маань ойлгохдоо 76 гишүүн хууль баталдаг гэж ойлгодог. Гэтэл яг бодит байдал дээр хуулийн гол агуулгууд байнгын хороон дээр батлагдаж, нэгдсэн чуулганд орж ирдэг. УИХ 10 байнгын хороотой. Нэг байнгын хороо 10-19 гишүүнтэй. 10 хүн ирж ирц бүрдүүлээд зургаан хүн гараа өргөөд л хууль баталчихаад байна.
Ингэхээр ямар хууль батлагдах вэ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Т.Доржханд гэдэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Уг нь Эдийн засгийнхаа байнгын хороонд харьяалагдаж, тэндээс гарч байгаа хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажилламаар байдаг. Гэтэл Цахим бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирц бүрдүүлдэг ажилтай. Өөрийнхөө гишүүний үйл ажиллагаа, цаг хугацаагаа гурав хувааж байна. Мэдэхгүй салбар дээрээ очиж, хууль баталж байна. Энэ нь их хурлын гишүүн цөөхөн байгаагийн зовлон.
Хэрэв 126 гишүүн болчихвол нэг гишүүн нэг, дээд тал нь хоёр байнгын хороонд харьяалагдана. Эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа гэхэд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаад явж болж байна. Үүнийг дагаад хуулийн чанар сайжирна.
Ер нь цаашид парламентын гишүүдийн тоог нэмэхгүй бол хуйвалдааны парламент болж байсан нь үнэн шүү дээ. Үүний үр дүнд баахан хулгай гарсан байна. Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурван жил боллоо. Бодлого, хөгжил ярина гэж орж ирсэн. Харамсалтай нь, боломж олдсонгүй. Сүүлийн хоёр жилд дандаа хулгай л ярилаа. Парламент ийм байж болохгүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр гишүүдийн тоо л яриад байна. Танай намын зүгээс илүү эдийн засгийн ач холбогдолтой нь холбож тайлбарладаг. Хамгийн энгийн үр өгөөж нь юу юм бэ?
-Бодоод үз дээ. Яагаад Монгол Улс 1980 оноос хойш цахилгаан станц байхгүй байгаа юм. Яагаад бид төмөр замаа барьж чадахгүй байгаа юм. Яагаад боомтуудын сэргэлтийг хийж чадахгүй байсан. Энэ бүгдэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Засгийн газар дээр төсөв батлахад хөрөнгө байгаад байдаг. Гэтэл зарцуулалтыг төрийн эрх барих байгууллагууд зөв хийж чадахгүй байсан.
Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө хаачдаг вэ гэхээр УИХ-ын 76 тойрог руу л хуваагдаад явчихдаг. Тэнд мөнгө нь очоод цахилгаан станц дэд бүтэц биш зүгээр нэг аймгийн угтах үдэх хаалга болчихдог. Эсвэл төрийн захиргааны байшин болдог.
Тэгээд эргээд тэр байшинг бариулсан улстөрч л оноо авч дараагийн сонгуульд ялах нь чухал болохоос эдийн засгийн агуулга огт хамаагүй. Энэ бол хөгжлөөс хойш татаж байгаа нэг хэлбэр юм. Ингэж олон жил явсны уршгаар Монгол Улс төсөв байнгын алдагдалтай. Түүнийгээ гаднаас зээл аваад санхүүжүүлчихдэг. Гэтэл жил ирэх бүр Монгол Улсын гадаадын өр нэмэгдээд байдаг. Эдийн засгийн хувьд ханш нь байнга савалгаатай. Ийм нөхцөл байдалтай улс оронд ямар гадаадын хөрөнгө оруулагч нь ирж хөрөнгө оруулж бизнес хийх вэ дээ.
Дотоод хөрөнгө оруулагчид маань ч гадагшаа явж байна. Тэгэхээр эдийн засаг маань улам агшаад л тэлэхгүй ш дээ. Үүнийг өөрчлөхийн тулд шийдвэр гаргаж байгаа түвшин буюу парламентаасаа эхлэх хэрэгтэй. Ийм болохоор ХҮН 50,50 гэдэг харьцаа чухал гээд орилоод байсан юм. 10, 20 жилийн дараах Монгол Улс хөгжилтэй орон болох юм уу.
Аль эсвэл өнөөдрөөрөө ядуурсан улс хэвээр байх юм уу гэдэг сонголт дээр байлаа. ХҮН бол популизм ярьдаг, иргэдэд буруу мэдээлэл өгч, алга ташуулдаг, тархийг нь угаадаг ийм хөгийн тогтолцоогоо өнөөдрийнхөө зовлонтой нүүр тулж байгаад эр зориг нэр төртэйгөөр өөрчил. Ирээдүйдээ боломж өгөх нь бидний үүрэг гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хатуу зогсоно.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгийн талаар ярих нь эрт байна. Гэхдээ ирэх парламент 126 гишүүнтэй болсноор асуудалд ямар хэмжээнд хүрэх вэ. Танд ямар дүр зураг харагдаж байна?
-Богино хугацаанд бүх асуудлууд шийдэгдэхгүй нь тодорхой. Гэхдээ 2024 оны парламент бүрдсэний дараагаар тодорхой үр дүнгүүд гарна. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогууд нэлээд тодорхой, тогтвортой болно. 126 гишүүн бүгдээрээ микрофон аваад иргэдэд таалагдаж, оноо авах гэж зүтгэхгүй. Тоглоомын дүрэм нэлээд өөрчлөгдөнө. Парламентын гишүүд маань салбар салбарын бодлого хөгжлийн асуудлаар мэтгэлцдэг болно гэдэгт найдаж байна.
-Парламент Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Намууд жагсаалтаа нийтэд ил тод нээлттэй зарлах юм байна гэж ойлгосон. Мөн босгыг гурван хувь байхаар оруулж ирлээ. Энэ зарчмын өөрчлөлтүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд таниулж уриалж явсны хувьд хариуцлага хүлээнэ.Иргэд маань намын жагсаалтыг маш сайн гаргаж ирнэ гэсэн хүлээлттэй байна. Тэднийг төлөөлж чадах туршлагатай, мэдлэгтэй, нэр цэвэр нэр дэвшигчдийг жагсааж, ил зарлана гэдэг бол энэ тогтолцооны өөрчлөлтийн нэг амин сүнс юм. Энэ талаар бид бусад улс төрийн намаа уриалж ажиллана. Нийгмийн төлөөллийг багтаана гэсэн амлалтдаа хүрч, цэвэр жагсаалтаараа өрсөлдөе. Хоёрдугаарт, тойрог байгаа. Эдгээр тойрогтоо ч нэр хүндтэй, мэдлэг, боловсролтой Монгол Улсын хөгжлийг тодорхойлж чадах улстөрчдөө дэвшүүлье гэж уриалж байна. Босгын хувьд МАН гурван хувь гэсэн санал оруулсан. АН таван хувь гэсэн байна. Энэ хоёрыг дундажлаад дөрвөн хувь гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгосон. ХҮН-ын хувьд босго гурав байна уу, тав байна уу гэдэг дээр ач холбогдол өгөхгүй байна. Үндсэн зарчим маань юу вэ гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ парламентад олон намын төлөөллийг оруулж ирнэ л гэсэн байр суурьтай байсан. Энэ зарчимдаа хатуу байна.
-Та Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ хуулийн төсөл хаврын чуулганы хугацаанд батлагдаж амжих болов уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан том тулгуур хуулийн нэг нь Сонгуулийн тухай хууль, нөгөө нь Улс төрийн намын тухай хууль юм. Энэ чуулганаар багтаж батлах хэрэгтэй. Ингэж байж цогц өөрчлөлт болно. Хойшоо шидэж болохгүй. Тэгэхээр ирэх долоо хоногт багтаад Сонгуулийн тухай хуулиа батлаад шууд залгуулаад Улс төрийн намын тухай хуулиа батлах саналтай байгаа.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
На · 2023/06/09
Намын дарга доржханд мөнхсоёл 2 БСЗээлээ төлөө хулгайч царайлж намынхаа нэрийг унагаасан танай хүнам хэзээ өндийх вэ