Монгол Улс ураны үйлдвэртэй болсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж таван жилийн дараа жилд 2,500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах тухай хууль зүйн сайд цахим хуудсандаа мэдээлжээ.

Сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Франц улсын "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан. Ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж байна.

Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж, таван жилийн дараа жилд 2,500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм.

Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал. Тус хөрөнгө оруулалт нь талуудад харилцан ашигтай, шударга, хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой" гэв.

Өнгөрсөн тавдугаар сард Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэрээ цөмийн эрчим хүчний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийгээд буцсан билээ.

Тодруулбал ерөнхийлөгч Эммануэл Макрон "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа.

Эхний ээлжид, эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд нэн чухал металлуудыг нийлүүлэх, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна.

Өнгөрсөн хугацаанд томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажил нь бидний эрчим хүчний шилжилт болон бидний түншлэлд нэн чухал элемент болох ураныг олборлох бололцоог олгоно гэдгийг хэлэхийг хүсэж байна" хэмээн мэдэгдсэн юм.