ШӨХТГ-аас өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард "Номин тав трейд" ХХК-д 6 тэрбум 991 сая 78 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байдаг. Харин "Номин тав трейд" нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "Номин тав трейд"-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар ШӨХТГ-ын анхан шатны шүүхэд үндэслэн тавьсан торгууль хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тул шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллаж байгаа талаараа мэдээлсэн байна.

Эргэн сануулахад, ШӨХТГ-аас "Номин тав трейд"-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 11.2.2 ба Зөрчлийн тухай хуулийн 10.7.8-д үндэслэн торгох шийдвэр оногдуулсан.

Тодруулах юм бол, "Номин" сүлжээ дэлгүүр нь хямд үнийг тогтооно гэсэн маркетинг хийхдээ: Бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараа борлуулж болохгүй гэсэн шаардлага бүхий агуулгаар гэрээлдэг нь анхаарал татсан.

"Оргил" супермаркетад 3650 гэж байсан ундаа "Номин" сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлсэн байдаг. Харин "Номин" сүлжээ дэлгүүр "Оргил" худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас "Номин" сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон хэмээн ШӨХТГ-аас мэдээлж байв.