“Гацуурт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын И багийн нутагт “Ланд круйзер” загварын автомашинаараа хүн дайрч гэмтээсэн билээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Гацуурт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Чинбатад “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаараа хүн дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, цахим сүлжээнд нэр бүхий иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн гэж Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хэрэг нээсэн байна. 

Уг хэрэг нь түүний охин, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Засгийн Газрын гишүүн, Соёлын Сайд Ч.Номинд асуудал дагуулж буй аж. Учир нь хүн дайрахаар аавынх нь жолоодож явсан "Тоёота Ланд круйзер-200" түүний нэр дээрх машин юм байна. Гэтэл Ч.Номин үүнийгээ Хөрөнг Орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй аж.

Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой төдийгүй өөрчлөлт орох болгонд нэмж, бүртгүүлэх ёстой.

Саяхан ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалан мэдээлэл хийн, Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тул огцруулна, энэ бол 5 Ш ажиллагааны нэг хэсэг хэмээж байсан билээ. Тэгвэл яг адилхан нөхцөл байдал Ч.Номин дээр үүсчээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар үнэхээр л "5Ш ажиллагаа"-г шударгаар өрнүүлж буй бол Ч.Номинг Булган аймгийн Засаг даргын адил огцруулах ёстой. Харин огцруулж чадахгүй бол 5Ш нь шал худлаа, улс төржсөн шоу юм байна гэж дүгнэж болно.

Э.Мягмар

sonin.mn