Нүүрсний ажлын хэсгийг шинээр байгуулж, Х.Нямбаатараар ахлуулна
2023/06/19
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний түр хороог татан буулгаж шинээр байгуулах захирамж гаргажээ. Учир нь энэ түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргаж байгаа аж.
Ингээд шинэ ажлын хэсэг байгуулж, нүүрсний хэргээр сонсгол явуулах нөхцөл бүрдэж байна. Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ.
УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм. Хугацаа нь дууссан ч түр хороо доривтой ажиллаж чадаагүй учраас хугацааг нь зургаан сараар сунгасан.
Гэтэл сунгасан хугацаандаа ч сонсголоо хийж чадаагүй бөгөөд энэ сард түр хорооны хуулийн хугацаа дуусах юм. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаандаа багтаж сонсголоо явуулж чадаагүй билээ. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд түр хороонд байна гэж үзээд татан буулгаж, шинээр ажлын хэсэг байгуулах захирамжийг УИХ-ын дарга гаргажээ.