Үерийн гамшгийн газар дээр ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ бүхэн ард нь авлига нуугдсан замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй хот байгуулалт, тогтворгүй засаглал, лобби нь төрийнхөө дээр гарсан нөхцөл байдалтай холбоотой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр ЦХХХ-ны сайд НУчралд наадмын дараа газрын бүх цахим мэдээллийг “Шилэн” ажиллагааны хүрээнд нийтэд ил тод байршуулах үүргийг өгчээ. Мөн БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын дэргэд хуульд нийцүүлэн түр ажиллуулахаар болжээ. Ингэж БХБЯ-наас агентлаг “зээлээд”, тэр хүрээнд БОАЖЯ, нийслэл, дүүргүүдийн зөвшөөрлөөр эмх замбараагүй газар олгодог байдлыг зогсоож, нэгдсэн хяналтад оруулах ажлыг зохион байгуулна гэжээ.

 

Ерөнхий сайдын тухайд үерийн гамшгийн өмнөхөн буюу 2023 оны зургадугаар сарын 23-нд 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторууд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзсан байдаг.

 

Тэр үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан,  тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Тэр үеэр “Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотын газар олголт хэт замбараагүй, хууль, эрх зүйн орчин алдаатай, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэнтэй холбооотой” гэдгийг архитекторууд хэлж байв. Тодруулбал, хот төлөвлөлт гажуудсан шалтгаан нь 1990-ээд оноос энэ салбарын бодлого алдагдаж, архитектор, хот байгуулалтын ажлыг зөвхөн газар хуваарилдаг ажил гэж ойлгосон. Хөрс суурь нь бүрдээгүй байхад Газрын тухай хуулийг хуудуутай баталж, нийслэлд газар олголтыг хэт замбараагүй олгосноос ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй гол алдаа эхэлсэн. Мөн хот байгуулалт, барилгажилтын ажлыг зохицуулдаг “Архитекторын тухай хууль” байхгүй тул ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгажилтын ажил явагдахгүй, зарим тохиолдолд араас нь төлөвлөлт хийх тохиолдол түгээмэл байжээ. Тиймээс УИХ-д өргөн баригдсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсаныг архитекторууд зөв хэмээн дүгнэж буйгаа илэрхийлжээ.

Тухайлбал,  Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа “Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газарт 24 давхар бариад явж байна”, архитектор Ц.Баярхүү “Монголын төр 30 жил архитекторуудаа сонсоогүй. Энэ удаа би талархаж байна. Ер нь бол 1990 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Засахгүй бол асуудал улам л хүндэрнэ” гэж байв.

 

Мөн Ерөнхий сайд “Нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын тодорхой баримттай асуудалд анхаарал хандуулж, томоохон хэргүүдийг олон нийтэд зарлах шаардлагатай. Ер нь Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийн бүх мэдээллийг цаашдаа ил тод байлгаж, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, өнгөрсөн хугацаанд үүссэн алдаа завхарлыг заавал засах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод бий болсон хотоо зөв төлөвлөөгүй алдаа, утаа, түгжрэл, газрын наймаа, авлига зэргийг засахгүйгээр цаашаа явбал байдал улам хүндэрнэ” гэж байсан юм.

 

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд наадмын дараагаас Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийг эргэж харах, гольдролд нь оруулах, түүнийг дагасан хууль бус үйл ажиллагаануудыг “засахад” чиглэж ажиллах бололтой.

 

Т.Батсайхан

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин