"...Монголчууд аа, алдаагаа битгий давтаарай"
2023/07/17
Наадмын өмнөх хоёр өдөр Монголын эдийн засаг, улс төрийн хувьд онцгой чухал үйл явдал болж өнгөрлөө. Тэр нь "Монголын эдийн засгийн форум-2023" байв. Энэ форумыг улсаа олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор "...Welcome to Mongolia" уриан дор зохион байгуулжээ. “Монголын эдийн засгийн форум-2023”-д дэлхийн 23 орны 2430 төлөөлөгч оролцжээ. "JP Morgan, CITI, "Goldman Sachs", "Morgan Stanley ” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийнхэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, “Rio Tinto” зэрэг томоохон компаниудын ТУЗ-ийн дарга, захирлууд хүрэлцэн иржээ. Манай томоохон компанийн удирдлагууд ч оролцлоо.
Засгийн газраас тэдэнд ковидын дараах эдийн засгийн сэргэлт, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан. Хамгийн гол нь "...Маш сайн зохион байгуулсан" хэмээн экспертүүдийн дүгнээд байгаачлан энэхүү форум зорилгодоо хүрч чадсан бололтой. Өөрөөр хэлбэл,
Дэлхийн уул уурхай, санхүүгийн үндэстэн дамнасан эдгээр байгууллагынханд Монголтой уул уурхай, тэр дундаа лити, уран, газрын ховор элемент, мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нь зөв гэдгийг ойлгуулж чадсан болов уу.
Ер нь бол сүүлийн манай эдийн засгийн олон улс дахь үнэлгээ мэдэгдэхүйц сайжирсан.
Дээрээс нь зэсийн үнэ ойрд сайн байх төлөвтэй. "Rio Tinto"-гийн удирдлагууд ч үүнийг баталсан. Түүнээс гадна ТУЗ-ийн дарга нь "... "Rio Tinto" монголчуудын хүлээлтэд үргэлж хүрч ажиллаж чадаагүй. Үүнийг миний бие бүрэн ойлгож, ухамсарлаж байна. Бид үүнээсээ суралцаж, ажлаа улам сайжруулахын төлөө хичээнэ. Цаашид урт хугацаанд хөрөнгө оруулах ёстой. Туулах зам маань үргэлж дардан байхгүй ч бидний түншлэл, нэгдсэн нэг хүсэл тэмүүлэл, алсын хараанд тулгуурлавал тийм ч хэцүү биш гэдгийг хэлмээр байна" гэсэн нь анхаарал татсан. Эндээс цаашид "Оюу Толгой ба Монгол"-ын харилцаа муугүй байх нь гэж ойлгогдов.
Харин монголчуудын хувьд энэ форумаас дан ганц уул уурхайдаа найдалгүй, эдийн засгаа төрөлжүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүч эдийн засгийн ирээдүйн "уурхай" болохыг ойлгож үлдэв.
Хамгийн гол нь энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс "...Монгол Улс 2012 оных шиг эдийн засгийн их өсөлтийн үе дээрээ ирсэн" гэсэн томоохон дүгнэлтийг өгсөн байна.
Энэ хоёр талтай. Нэг талаар сайн. Байнга уруудаж ирсэн эдийн засаг маань 2022 оноос хойш илэрхий өссөн. Авлигатай тэмцсэнээр далд эдийн засан ил болж, тэнд эргэлддэг хөрөнгө гольдролоороо орж ирдэг болсон. Энэ форум дээр ч Засгийн газраас "...Монголын төр хөрөнгө оруулагчид шантааж, авлига, дээрмээс хамгаална" гэснийг "алга ташилт"-тай хүлээж авна лээ.
Дээрх дүгнэлт нөгөө талаар муу. 2012 он гэхэд онцгой өссөн эдийн засгаа тордоод авч явж чадаагүй. Уруудуулаад алдчихсан. Тэр утгаараа бид 2012-2022 он хүртэлх бүтэн 10 жилийг алдсан байна. Маш харамсалтай.
Тиймээс тэд манай эрх баригчид, форумыг зохион байгуулагчдад "...Монголчууд аа, алдаагаа битгий давтаарай. Энэ бол амжилт шүү. Амжилтаа хадгалаарай" гэсэн захиас, эсвэл зөвлөгөө хэлсээр байгаад буцжээ. Хичээе дээ, хэдүүлээ?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин