"Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 63 хүнд холбогдох найман хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авчээ
2023/07/26
Энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа.
Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхийн шатанд байгаа авлига, албан тушаалын "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 63 хүнд холбогдох найман хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авчээ.
Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнд улс төрийн өндөр албан тушаалтан байхгүй гэдгийг албаныхан онцлов. Одоогоор 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа аж.
Тэгвэл давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг шийдвэрлэж, таван хүнд холбогдох нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж буй.
Уг хэрэгт холбогдуулан:
- 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ,
- Давхардсан тоогоор зургаан хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж,
- 26 хүнд хязгаарлалт тогтоож,
- 16 хүнд цагдан хорих арга хэмжээ тус тус авсан байна.
Үргэлжлүүлэн сэтгүүлчид ШЕЗ-өөс асуулт асууж, хариулт авав.
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын улс төрчдийг "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?
Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг: УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргийг шүүх дээр өнөөдрийн байдлаар хүлээн авч, хянан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Шүүхийн өмнөх шат буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтад явж байгаа хэргийн талаар мэдээллийг ШЕЗ-өөс өгөх боломжгүй.
- Нүүрсний гэх хэргийг Хөгжлийн Банкны хэрэг шиг багцлан шийдвэрлэх боломжтой юу?
Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг: Хэрэг харьяаллын хүрээгээр орж ирдэг учир Хөгжлийн Банкны хэрэг шиг багцлан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй.