Гэр бүл салалтаас хосууд юу хождог вэ?
2014/06/16
Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмж “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино өчигдөр "Өргөө", "Тэнгис" кино театруудад нээлтээ хийнэ үзэгчдийн хүртээл боллоо.
Бидний мэддэг хэрнээ мэддэггүй ээдрээт амьдралын талаар өгүүлэх киног хайртай хосууд хамтдаа заавал үзээрэй хэмээн зөвлье. Ялихгүй зүйлээс маргаж, хэн хэндээ бууж өгөхгүй хэмээн үзэлцэх хосууд хоёр биенээсээ хол байх цаг мөчид ямар юу алдаж, юу хожиж буйг бодоход хүргэнэ. Эцсийн эцэст хайртай хосууд салснаар хэн нь ч юу ч хожиж, аз жаргалтайтай байдаггүй гэдгийг "Миний хайр" киноноос үзэж, аав, ээжийн ухаарал хайрласан үгс ямар үнэ цэнэтэй байдгийг ойлгох болно.
Өдгөө салсан, салаагүй хамтдаа байгаа хосууд энэхүү киног үзэн эргэн нийлэх, хайртаасаа салахгүй байх хэрэгтэй гэдгийг ухаараарай л...
Гэр бүлийн амьдралыг хамтдаа босгож, хамтдаа л жаргал, зовлонгоо хуваалцана л гэж хаан сүйх, хатан бугуйвчаа солилцон бартаа, давааг сөрөн зогсдог.
Энэхүү киноны нээлтийн үеэр нэгэн эмэгтэй хайртдаа зоригтойгоор хайраа илчилж, олон хүний аз жаргал хүссэн алга ташилтын доор хайраа бататгасан гэнэтийн зүйл болсон билээ. Хосоор амьдрах энэ л хорвоод гэр бүл салалт гэдэг зүйлээс юу ч хождоггүй харин хамтдаа байх алтан цагаа алддаг гэдгийг залуустаа ухааруулахыг зорьсон бүтээл болж чадснаараа үзэгчдийн сэтгэлийг огшоож хөвөлзүүлж чадсан юм.
Уг киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо, Ц.Золжаргал нар хамтран бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.
Гол дүрүүдийг жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа нар бүтээсэн бол жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар оролцон тоглож киноны шитгээ болж өгчээ.
Д.Ана