Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар босох Хархорум
2023/08/02
Цадиг түүхт Монголын Эзэнт гүрний төв, дэлхийн нийслэл гэгдэж Орхоны хөндийд сүндэрлэж байсан Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаргасан билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Засгийн газар, УИХ-аас байгуулагдсан шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа БХБЯамтай хамтран Хархорум хотын үзэл баримтлалын танилцуулах анхны чуулганыг 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулжээ.
-Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон Улс, Израил Улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцов.
Цаашид шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа дэлхийн шилдэг архитектор, инженер, мэргэжилтүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулах гэнэ.
-Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх, хамгийн эрүүл ЭКО дэлхийн жишиг болсон хот барьж босгох шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс хатуу тавьж байгаа юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс төст төлөвлөлт, инженерчлэлийн өндөр чадамж шаардсан, гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг босгох үүрэг өгсөн.
-Сонирхуулахад ундны цэвэр усны хоолойг иж бүрэн зэсээр шийдэх, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.
-Чуулганы оролцогчид монгол мэргэжилтнүүдийн боловсруулсан үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, байгаль орчинд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх, ус, хүнсний хангамж, хүн амын бүтцийн төлөвлөлтийн ач холбогдлыг онцолж байв.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг, санаачлагаар босох шинэ Хархорум нь улс орнуудын эрдэмтэн, инженер, техникийн ажилчдын соруудыг урьж ажиллуулсан. Ухаан бодол, ур чадварыг сорьсон ухаалаг, эко хот болон босох нь ээ.
О.Түвшиндэмбэрэл