Ханжоу 2022 Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Баатарсүхийн Чинзоригийн А сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлагаас өчигдөр мэдээлжээ. 

Тодруулбал Азийн наадмын үеэр Б.Чинзоригоос үр дүнгийн шинжилгээ авахад Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн S1 ангилалд багтдаг Метандиенон метаболит бодис илэрчээ.

Олон улсын шинжилгээний байгууллагаас Б.Чинзоригийн А сорьцыг энэ сарын 4-ний өдөр Хятадын допингийн эсрэг агентлагт цуглуулан шинжилсэн байна. Манай улсын тамирчин өөрийн эрхийн хүрээнд Б сорьцын шинжилгээ өгөх боломжтой. 

Тус асуудлыг Спортын арбитрын шүүхэд шилжүүлж, Азийн олимпын хорооны дүрмээр шийдэх аж. Гэхдээ Метандиенон метаболит бодис илэрсэн тохиолдолд олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулах заалттай байдаг байна.  Мөн Олон улсын шинжилгээний агентлаг нь Азийн олимпын хорооноос баталгаажсан газар юм. 

 

 

Эх сурвалж: International Testing Agency