Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НӨАТ-ын сугалаа бол урамшууллын нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын ямар нэгэн буцаан олголт биш. Бид нэг хэсэг сугалааг болиулахад, НӨАТ бүртгүүлэх хүний тоо илт багассан. НӨАТ-ын буцаан олголтыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан ч буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй. Иргэд маань НӨАТ-ын тогтолцоогоо сайн ойлгох хэрэгтэй.  Одоо өгч буй хоёр хувь бол татварын буцаан олголт биш, урамшуулал юм. Татварын тухай хуульд татвар буцаан олгох гэсэн заалт байхгүй. Манайхаас өөр улс ийм урамшуулал олгодоггүй. Хэрвээ төсвөө “эвдээд” таван хувь болголоо гэхэд эдийн засагт урт хугацаанд хүндрэл үүснэ” гэлээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргасан. Ингээд иргэдээс цахимаар санал хурааж байгаа юм. Уг цахим саналд одоогийн байдлаар 40 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгөөд байна.