Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 3.4 их наядыг зарцуулах манай улсад "сануулга өгөв"
2023/11/16
2024 оны төсөв батлагдсан. Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байна. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулсан зардал байлаа. Ингээд төсвийн гүйцэтгэлээрээ орлого биелээд явж байна. Ирэх жил эдгээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж, төсөвт оруулах суурь зардал нь 3.4 их наяд төгрөг болж байгаа. Энийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх.
Ирэх жил нэг удаагийн арга хэмжээ буюу Олимп, УИХ-ын сонгууль болно. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрыг өгнө. Ингээд 4.9 их наядын 300 тэрбум төгрөг буюу тав хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр зарим нь ирэх жилийн сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байгаа" гэсэн юм.
Тэгвэл манай улс 2024-2027 онд гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж “Fitch Ratings” үзжээ. Цалин тэтгэвэр, халамж гэхчлэн зарцуулалтаа ихээхэн нэмж баталсан 2024 оны төсвөөс харвал гадаад, дотоодын олон эрсдэлийн эсрэг сөргүүлж тавих ганц хариу нь "нүүрс" байх төлөвтэй. “Fitch Ratings” агентлаг болон Олон Улсын Валютын Сан “Монгол Улс нөөцөө нэмэгдүүлж, хуваарьт өр төлбөрөө барагдуулахад бэлтгэлтэй байх”-ыг зөвлөв.
Үүнээс гадна "Монгол Улсын зохицуулалтын орчин тогтмол өөрчлөгддөг нь уул уурхайн салбарын компаниудад сөргөөр нөлөөлж, компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" нөлөө үзүүлж байгаа"-г онцолсон юм.
ОУВС-ийн зөвлөмж: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувь байна хэмээн тооцоолоод байгаа Олон Улсын Валютын Сангийн үзсэнээр эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байгаа аж.
Гадаад өр өндөр, гадаад эрсдэлээс хамгаалах нөөц хязгаарлагдмал, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай байдал нь Монгол Улсыг аливаа гадаад “шок”-ийн нөлөөнд эмзэг болгож байгааг дурдсан байна. “Гадаад шокт эмзэг” гэх хэлц Монгол Улсыг сүүдэр мэт дагаж буй нь суурь асуудлуудтай холбоотой.
Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлснээр өндөр үнээр олж авсан Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж Дүрмийн IV заалтынхаа дагуу гаргасан бодлогын зөвлөмжүүдэд дурджээ.
Зочин · 2023/11/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh