Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламент хэлэлцэж, батлагдах шатандаа орсон.  Хуулийн төсөлд мөрдөн байцаалтын нууцыг задруулсан бол торгох ялтай байсныг хорих ялаар шийтгэхээр тусгасан билээ. 

Тэгвэл энэ асуудлаар өчигдөр хуульч О.Алтангэрэл мэдээлэл хийж, хуулийн төсөлд “Нууцыг задруулсан албан тушаалтан, хүн” гэж зааж орж ирсэн нь хувь хүн болон сэтгүүлчийг шийтгэх  гэж байна гэлээ.  Хуульч О.Алтангэрэл болон ХЗДХ-ийн сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын байр, суурийг хүргэе. 

Хуульч О.Алтангэрэл: Хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой гарч ирж байна

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна. Энэхүү хуулийн төслийн 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заажээ. Хуулийн байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн. 21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна.

 

ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Энэ бол сэтгүүлчид болон хувь хүнтэй ямар ч хамааралгүй заалт

-Энэ бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн зохицуулалт бөгөөд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд шинээр тусгасан заалт биш юм. Тэр тусмаа сэтгүүлчид болон хувь хүнтэй холбож оруулсан заалт биш гэдгийг хэлье. Ер нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад хариуцлага тооцох асуудал нь Франц, Герман, БНСУ, Финланд, Эстони зэрэг эрх зүйт төртэй олон улс орнуудын Эрүүгийн хуульд байдаг жишиг. Сүүлийн 100 гаруй жилд байсан манай найман удаагийн Эрүүгийн хуульд ч байсан. Энэ удаа  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны нууц, баримт, мэдээллийг хууль бусаар задруулсан албан хаагч, өмгөөлөгч гэх мэт тусгай субьектын хариуцлагыг чангатгахаар тусгасан. Мөн мэдээж мөрдөн шалгах ажиллагааны явцад олж мэдсэн төрийн нууц болон хувь хүний нууц, эмзэг мэдээлэл хамаарна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задална гэдэг яагаад гэмт хэрэг вэ гэхээр тухайн гэмт хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхэд саад болж байдаг. Нууцаар дамжуулан хүн шантаажилдаг,  хахууль авдаг, гэмт хэрэгт холбоотой хүмүүсийг оргон зайлахад тусалдаг, гэмт хэрэгт холбоотой хүмүүс үгсэн хуйвалдах, нотлох баримтаа устгах нөхцөл байдалд хүргэдэг гэх мэт сөрөг тал их байдаг.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин