“Сэхээтэн бол нийгмийн хөдөлгөгч хүч юм”, “1990 оны Ардчилсан хувьсгалын урьдач нөхцлийг тэр үеийн эрдэмтэн, судлаач сэхээтнүүд бий болгож, хөрс суурийг нь тавьсан”, “Сэхээтэн гэдэг сэхээрч бодох гэдэг үгнээс эхтэй. Хуучны сэхээтэн гэгддэг оюунлаг хүмүүс манай өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна”, “Нийгмийг чирж явах ёстой сэхээтнүүд хаачив" зэргээр сэхээтний эрэлд гаран шийдэл хайсан эрхэм хүмүүс нэгэн танхимд цугласан нь “Нийгмийн дэвшил-сэхээтний манлайлал” эрдэм шинжилгээний хурал байлаа.

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс сүүлийн үед нийгэмд хандсан оюун санааны өөрчлөлт, шинэчлэлтийн төлөөх оюунлаг арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж байгаагийн ээлжит нэг нь энэ юм.

 

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ардын багш Л.Дашням, Академич Б.Батхишиг, Түүхийн ухааны доктор Д.Цахилгаан, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Цолмон нарын 10 эрдэмтэн судлаач сэхээтний манлайллын талаар өөр өөрсдийн сонирхолтой илтгэлийг танилцуулсан юм. Энэ үеэр хэлэлцсэн илтгэлүүдийг тоймлон хүргэе.

 

Академич Б.Батхишиг: "Ардчилал шинэчлэлийн 15 эрдэмтэн: үүсэл санаачлага, улс төрийн зорилго, зах зээлийн эдийн засаг, үр дүн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм

 

сонин mn

-Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд тухайн үед өлсгөлөн зарлаж, тэмцсэн нийгмийн зүтгэлтнүүд, улстөрчдийн үйл хэргийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар тэдний зүтгэл, амжилттай болох гол хөрс суурийг нэр бүхий 15 эрдэмтэн тавьж, томоохон хувь нэмэр оруулсан тухай бид заавал ярьж, сануулж байх учиртай. Тухайн үед МАХН-ыг орчин үеийн дэвшилтэт үзэлт нам болгох чиглэлээр томоохон маргаан гарч байх үед ул суурьтай, үндэслэлтэй бодлого боловсруулж ардчилсан нийгэм, зах зээлд зэрэг шилжих нь зүйтэй гэсэн бодит саналыг эдгээр эрдэмтэд боловсруулж танилцуулсан байдаг гэлээ.

 

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан: 1990 оны нийгмийн хувьсгалын эхлэл: онол, улс төрийн ончироо сэдвээр илтгэл тавьсан

 

-1990 онд оюуны хувьсгал, сэхээтний хувьсгал болсон гэж боддог. Ингэж нэрлэсэн ч буруудамгүй. Ардчилсан хөдөлгөөн бол нийгмийн хөгжлийн дотроос гарсан бодит үйл явдал байсан. Түүнээс биш аль нэг намын 13 хүн өлсөөд, 15 эрдэмтэн суугаад ардчилал бий болсон гэж дутуу дүгнэж болохгүй. Ард түмний оролцоо, хүсэл эрмэлзлэлээр энэ хувьсгал гарсан шүү. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм яаж өөрчлөгдсөнтэй адил улс төрийн намын үзэл баримтлалд ч бас тодорхой хэмжээний ахиц дэвшил ч гарсан алгуурласан зарим асуудлууд ч бий. Онол үзэл баримтлалгүй нам бол сүнсгүй хүнтэй адил гэж би адилтгамаар санагддаг. Тэгэхээр нам гэдэг онол үзэл баримтлалаасаа холдвол юу болдгийг өнгөрсөн 30 жилд бид харлаа. Авилгал бол үзэл бодлын алуурчин юм байна гэдгийг үзлээ. Нийгмийн хөгжил дэвшлийн шилжилтийн үед олон нийтийн санаа бодол хувирамтай байдаг. Одоо ч бас тиймэрхүү байдал анзаарагдаж байна хэмээн шүүмжлэв.

 

 Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Цолмон: "Ардчиллыг эхлүүлсэн 15 эрдэмтэн: Аюулгүй байдал гадаад бодлого" сэдвээр өөрийн үзэл бодлоо танилцууллаа. Тэрбээр тэр үед ажилласан нэр бүхий 15 эрдэмтний нэг байсан бөгөөд өөрсдийн санал, судалгаагаа танилцуулж оролцож байснаа дурсан ярьсан нь тун сонирхолтой хууч байлаа

 

-Тухайн үеийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон 15 эрдэмтний баг бол шилжилтийн үеийн бодлогын гол зангилааг оновчтой гаргаж, хар замын зургийг бий болгосон хүмүүс. Энэ утгаараа 15 эрдэмтэн цаг үедээ нийгмийн сэхээтний хувьсгалыг эхлүүлсэн гэж дүгнэж байна.

Тухайн үед ард түмэн аль хэдийнэ хуучны захиргаадалтыг дэмжихээ больчихсон, эрх баригчдын хувьд шилжилтийн үеийн хямралт байдлаас гарах арга барилаа олж чадахгүй байсан энэ эгзэгтэй нөхцөлд 15 эрдэмтэн аль аль талд нь оюуны гүүр болж нэгдсэн ойлголтод хүргэж чадсан.

 

Ард түмнийг өөрчлөлт шинэчлэлтэд бэлтгэж анхлан гэгээрүүлсэн хүмүүс гэж ойлгож болно. Олон хэлэлцүүлэг мэтгэлцээний үр дүнд Монгол Улс ардчилал, зах зээлд зэрэг шилжих ёстой юм байна гэсэн томъёоллыг анхлан гаргаж түүндээ нэгдэж чадсан.

 

Яг биднийг ажиллаж байх үед нийгэмд социализмаа сайжруулъя гэсэн үзэл давамгайлж байсан. Тэгвэл 15 эрдэмтэн шинэ нийгэмд шилжих ёстой, социализмыг өөрчлөх ёстой гэдгийг цэгцтэй нэг гарчгийн дор гаргаж ирсэн нь томоохон ач холбогдолтой байж. Гадаадын судлаачид ч, “Монголын ардчилал цус урсгаагүй тайван замаар явсан” гэж бичдэг. Энэ тайван замаар явахад 15 эрдэмтний онол судалгаа бүтээл маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөрчилдөж болох шинэ, хуучин хоёр тал хоёул хүлээн зөвшөөрч өөр өөрсдийн өнгө аясыг оруулж ойлголцож эцэстээ Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилалд шилжиж байлаа. Би Тэр үеийн Гадаад харилцааны сайд Чойнхор даргатай хамт гадаад бодлого аюулгүй байдлын чиглэлээр анхны нооргийг нь гаргах үүрэгтэй байлаа.

 

Соц нийгмийн үед гэхэд бид гадаад бодлогын хувьд онцлог заалтуудыг оруулж чадаж байсан санагддаг. Тухайлбал, тэр үед Оросын цэргийн анги манайд байдаг байлаа. Тэгвэл бид Гадаадын цэрэг, цөмийн зэвсгийг нутаг дэвгэртээ байлгахгүй гэдэг заалт оруулж чадсан нь тэр үедээ маш шинэлэг хувьсгалч шинжтэй зоригтой шийдвэр байв.

 

Нөгөө талаар бидний саналаас хэрэгжээгүй орхигдсон зүйлс ч нэлээд байдаг. Жишээ нь, тэр үед гадаад дотоодын бүх төрлийн банк даатгалын системийг өргөжүүлэхийг дэмжинэ гэсэн заалт оруулж байсан ч хэрэгжээгүй хэвээр байна. Чингис хааны үед “Цэцдийн зөвлөл” гэж байсан нь өнөөгийн хэлээр сэхээтний манлайллын нэг хэлбэр юм. Одоо үед ийм “Цэцдийн зөвлөл”, сэхээтний манлайлал үгүйлэгдэж байгааг бид л хэлж, сануулж байж өөрчилж, илүү үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна хэмээн ярив.

 

МУИС-ийн Социологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор М.Батбаатар: "Сэхээтний давхаргын онцлог чиг үүргийг шүүн тунгаах нь" сэдвээр илүү онолын үүднээс илтгэлээ бэлтгэсэн байлаа. Мөн тэрбээр, ирээдүйн сэхээтнүүдийн төлөөлөл болох оюутан залуучуудын дунд хийсэн нийгмийн судалгааныхаа үр дүнгийн талаар танилцуулсан нь сонирхолтой байв

 

-Сэхээтэн гэж тэргүүний үзэл санаа бүхий соёл боловсролтой хүмүүсийг тэмдэглэж байсан бол хожим тодорхой хөдөлмөр мэргэжлийн хүмүүсийг хамааруулж үздэг болсон. Оюутнуудыг тухайлбал, сэхээтнүүдийн төлөөлөл гэж үздэг. Манай тэнхимээс одоогийн оюутан залуучуудын төлөөллөөс нийгмийн шинжтэй судалгаа авахад олонх нь сургуулиа төгсөөд гадаадад ажиллаж амьдрах сонирхол их байгаа нь ажиглагдсан. Олонх залуучуудын хувьд улс төр, нийгмийн асуудалд анхаарал хандуулахаас илүү гэр бүл, эрүүл мэнддээ анхаарахад илүү цаг гаргасан нь зөв гэсэн хариултыг өгч байгаа нь тодорхой хэмжээнд өөрчлөлт дэвшил бий болж байгааг харуулж байна. Нөгөө талаар улс төр, эдийн засаг нийгмийн шинжтэй асуудлуудаас аль болох зугтсан, надад хамаагүй гэсэн хандлага түгээмэл ажиглагдах болсон байна гэв.

 

 Ардын багш Л.Дашням: "Бид зөв амьдарч байна уу?" сэдвээр илтгэл гэхээсээ илүү өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцъя хэмээн яриагаа эхлэв.

 

-Өнөөгийн нийгмийн дүр төрх байдлыг харахад сэхээтэн нийгмийн түүчээ болсон хүмүүс хаана байна гэдгийг ярья гэж бодож байна. Сэхээтэн, оюунтан гэдэг бол сэхээрч ойлгосон хүмүүс нь оюун санааны манлайллаа үзүүлж улс орны хөгжилд бүтээгч хүчин болох ёстой гэж ойлгож болно. Гэтэл өнөөгийн нийгэмд бүтээгч хүчин болж чадахгүй харин эсрэгээрээ бүрэлгэгч, устгагч хүчин, улс орноо өөр тийш залдаг бүлэг хүмүүс гэж дүгнэхээр харагдаад байгаа.

 

 

Монгол хэл байхгүй боллоо. Монгол хэл бол мөхөх хэлний нэг юм гээд УИХ-ын гишүүн нь хүртэл яриад байж байна. Ингэж ярьдаг төрийн түшээ байж болох уу. аялгуу сайхан монгол хэл, ялангуяа яруу найргийн монгол хэл ямар тансаг, дэлхийд давтагдашгүй билээ гэж өмөөрмөөр. Нөгөө талаар харь соёл, харь сургууль шүтээд байгаа өнөөгийн байдлаа харвал үнэхээр ч монгол хэл минь мөхөх вий гэж санаа зовмоор.

 

 

Би Баян-Өлгий аймгаар, гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн сургуулиар явж үзлээ. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 34 сургууль байна. Залуучууд ихэнх нь гадагшаа гарч сурч ажиллах бодолтой болсон тухай судалгаа ярьж байна. Бид өөрийнхөө нутаг дээр өөрсдийнхөө үр хүүхдийг бусдын ажиллах хүчин болгохоор бэлтгээд байгаа юм биш үү.

 

Харь хэлээр шулганалдсан монгол хүүхдүүд ирээдүйд яаж монгол хүн гэж хэлж, ярих вэ. Гадаадад байгаа монголчуудад монгол хэл заадаг мэргэжлийн сургууль, багш нар хэрэгтэй байна. Дөнгөж саяхан батлагдсан Боловсролын Ерөнхий хууль гэхэд Хэлний ерөнхий хуулиа зөрчсөн агуулгатай байгааг анхаарч ойшоож байгаа хүмүүс байна уу. Монгол хэлээ бид л бодох хэрэгтэй. 

 

Гуравдугаарт, Монгол орон чинь хүнгүй, эзэнгүй боллоо. 53 оронд 300 гаруй мянган монгол хүн амьдарч байна гэж ярьж байна. Гурван аймгийн хүн амтай тэнцэх монгол хүн гадагшаа гарчихсан гэсэн үг. Ингэж ажиллах хүчээ гаргаад ямар хүнээрээ юу хийлгэх гээд байгаагаа бодож байгаа юм байна уу. Эзэнгүй нутаг бий болчихвол эртний түүхтэй, эрдэнэ ихтэй энэ газар нутаг руу маань шунадаг харц их байгаа. Гишгэх газаргүй болох вий. Маам гуайн бичсэнчлэн “Гишгэх газаргүй хөл” болох вий.Мөн монголчууд бид өөрөө хийж бүтээдэг юмгүй байна. Хүнээс юм авчраад дамладаг, үнэ хүргэдэг арилжаачин боллоо. Хоол хүнс, эмийн наймаа элдвийняюмаар өөрсдийгөө хорлоод үндэстнээ хөнөөгөөд байна уу.30 жилийн өмнө өөрчлөлт шинэчлэлтээр манлайлж байсан сэ­хээт­нүүд маань өнөөдөр ямар болов гэд­гийг эрхгүй бид нар бодох ёстой болж байна хэмээн шүүмжлэлтэй байдгаа илэрхийллээ.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: "Сэхээтнүүд Монголын хөгжлийн хурдасгуур болох нь" сэдвээр илтгэл тавилаа.

 

-Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүчин нь сэхээтнүүд байсан гэдгийг батлах олон баримт судалгаа байдаг. Ардчилсан хувьсгалын өөрчлөлтийг нэг хоёр улстөрч, улс төрийн нэг хүчний хүчээр амжилттай өрнөсөн мэтээр өнөөг хүртэл өрөөсгөл төсөөлөх болсон нь энэхүү том үйл явлын мөн чанарыг дутуу ойлгосонтой холбоотой. Тэр үеийн эрх баригч МАХН дээд боловсролыг үнэгүй олгож, олон мянган залуучуудыг ЗХУ болон бусад Зүүн Европын орнуудад үнэгүй сургаж бодлогоор сэхээтний давхаргыг бий болгоход онцгой анхаарч байсан. Ингэж анхаарснаар тэр үеийн сэхээтэн залуучууд нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог байсан. Мөн гадаад дотоодод сурсан сэхээтнүүд өөр сувгаар, өөр хэл дээр мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвартай байсан нь онцгой нөлөө үзүүлсэн. Сүүлийн үед сэхээтнүүдийн эрэлд гарсан, сэхээтнүүдээ үгүйлсэн нийгмийн хүлээлт бий болсныг дээр дооргүй хэлж ярьж байгаа. Алдагдсан цаг хугацааг хэзээ ч нөхдөггүй болохоор энэ нь хамгийн том гарз хохирол байдаг. Тиймээс нэгэн цагт бид орон бүхний пролитар нар нэгдэхтүн гэж ярьдаг байсан бол одоо бүх салбарт байгаа сэхээтнүүд нэгдэхтүн гэж уриалмаар байна гэлээ.

 

 МУБИС-ийн багш, доктор Ц.Гантулга: "Монголын Ардчилсан хувьсгалыг сэхээтнүүд манлайлсан нь" сэдвээр илтгэл тавив.

 

-1990 оны хувьсгал нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхэд чиглэсэн алхам байлаа. Хорьдугаар зууны Монголын түүхийг авч үзэхэд томоохон түүхэн үйл явдалд нийгмийн сэхээлэг, оюунлаг хэсгийнхэн манлайлан оролцож ирсэн нь харагддаг. Социализмын он жилүүдийн нэг том ололт бол БНМАУ үндэсний сэхээтэнтэй болсон явдал. Тэр үеийн сэхээтнүүд нийгмийн оюун санааны амьдралд нөлөө бүхий хүчин байх үүргээ цаг ямагт биелүүлж ирсэн. Мөн тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн, “эрэг шураг” байсныг ч үгүйсгэх аргагүй. Б”эртэгчин аймхай хулчгар даруу ноомой” гэх зэргээр адлах нь ч байсан. Үүнд тодорхой түүхэн шалтгаан, хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн дүгнэснээ ярьж байлаа.

 

Түүхч, Төрийн шагналт Д.Өлзийбаатар: "Монголын шинэ үеийн сэхээтэн ба авторитари дэглэм” (1956-1989) сэдвээр илтгэлээ тавьсан.

 

-1950-иад оны үед тэр үеийн онцлогоор сургууль төгссөн хүмүүсээ голдуу сэхээтэн гэж нэрлэдэг байсан. Сэхээтэн гэж нэрлэхээр хүмүүс тухайн үедээ бага хувь эзэлж байсан ч нийгэмд нөлөөлөх чадвар, үг үйлдлээрээ томоохон үүрэг гүйцэтгэдэг, нийгмийг араасаа дагуулдаг тийм хүмүүсийн бүрдлийг сэхээтэн гэж үндсэндээ ойлгодог. Нийгмийг чирэгч хүч гэж хэлж болно. 1950-иад оны үед ийм сэхээтэн хүмүүс ар араасаа олноор төрсөн нь тохиолдлын зүйл юм. Тэр үеийн сэхээтнүүдийн насыг харахад 25-40 насны залуус голдуу байсан.

 

1945 оны дайны дараа Монголын байдал эрс өөр болсон. Тусгаар тогтнол баталгаажсан нь хүмүүсийг сэргээсэн. Ер нь өөр улс орноос тусгаар оршиж байгаа нь монгол хүнд маш чухал байдаг. Хятадаас, Зөвлөлтөөс ангид бие даасан тусгаар улс байх нь маш чухал байсан. Тиймээс ч дэлхийн II дайны дараах байдал монголчуудыг илт сэргээсэн.

 

Төлөвлөгөөт таван жилийн ажлууд эхэлж хэтийн бодлогоор төлөвлөдөг болсон. Мөн төрийн төв талбайг нийтээрээ зассан нь нийгмийн сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлж байлаа. Төрийн ордныг тойроод Европ хэлбэрийн байшингууд барьж, тэр нь 7-8 жил үргэлжилсэн зэргээр тухайн үед хөгжиж байгаагаа харуулж эхэлсэн. Соёл, кино урлаг, театр гээд олон салбарт хөгжиж дэвшиж сэргэсэн нь монголчуудад шинэ үеийн сэхээтнүүдийг төрөн гарахад их хувь нэмэр оруулсан байдаг. Шинэ үеийн сэхээтэн залуучуудад урам зориг оруулсан бас нэг үйл явдал бол 1956 оны Зөвллөтийн коммунист намын Их хурлын үеэр Сталиныг ил тод шүүмжилсэн явдал юм. Тухайн үед Зөвллөлтийн хараанд байсан манай улсад ч энэ байдал нөлөөлж, Намын төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлаас нэг зүйл гарсан нь “Шүүмжилцгээе. Сайхан ярьцгаая. Өөрийн шүүмжлэл олон түмний итгэлийг авахад их хэрэгтэй” гэсэн тогтоол гарсан. Тэр үед “Хэтэрхий зөвлөлтийн хандлагатай болж байна”. “Орос мэргэжилтнүүдийн зан ааш хэрээс хэтэрч бна”, “Монголын удирдагчид ард түмнээсээ тасарч байна” гэх мэтээр шүүмжилж байсан хэмээн дурсав.

 

Дэд профессор Б.Цогтгэрэл: "Үндэсний сэхээтэн бүтээх процесс ба боловсролын тогтолцоо" сэдвээр тавьсан илтгэлдээ сэхээтэн давхаргыг дарангуйлдаг улс төрийн намын систем, сэхээрэх боломж олгодоггүй боловсролын тогтолцоо зэргийг асуудал болгон дэвшүүлсэн байлаа.

 

-Монгол Улс ардчилсан хувьсгалаар нэг намын бус олон намын тогтолцоонд орсон ч бараг өөрчлөлт гараагүй гэж хэлж болно. Учир нь анх нэг намд зориулан бүтээсэн системийг бусад намууд яг хувилаад копидож эхэлсэн. Сэхээтнүүдэд намгүйгээр сэхэх, хөгжих бололцоо байхгүй болчихсон. Хуульчилсан талцал газар авсан. Боловсролын тухайд орлогыг бус зарлагыг чухалчилсан гажуудал үүссэн. Үүнийг би “Сэхээрэх боломж олгодоггүй боловсролын тогтолцоо” гэж нэрлэмээр байдаг юм. Дэлхий даяар 15 наснаасаа хагас цагийн ажил хийж эхлээд 60 жил ажил хөдөлмөр хийж байна. Монгол хүн 25 наснаас 30 жил ажил хийдэг. 23-24 нас бол Европ хүмүүсийн 10-аад жил ажиллачихсан, чигээ олчихсон байдаг үе. Харин Монголд энэ үедээ ихэнхдээ хүүхэдтэй хүүхдүүд болчихдог. Гэр бүл ажилд орох орон сууцтай болох бүх мөчлөг давтагддаг учраас аав ээжийнхээ байрыг ломбарданд тавихаас өөр аргагаүй. Эртнээс ажиллаж хөдөлмөрлөж хуримтлуулдаггүйгээс ажилд орсон ч цалингийн зээлд шилждэг.

 

 ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Эрдэнэчимэг: "Монголын улс төрийн орчин дахь удирдах түвшний албан тушаалтнуудын төлөвшил хандлага" сэдвийг сонгожээ.

 

-Аль ч нийгэмд тодорхой хэмжээний илүү боловсорсон, нийгмээ авч явдаг дээд давхаргынхан буюу элитүүд гэж байдаг. Монголын улс төрд ч өөрсдийн үзэл бодол, үйл хэрэг, нөлөөллөөр олон нийтэд нөлөөлдөг элит улстөрчид гэж бий. Ийм хүмүүсийг олон улсад улс төрийн элитүүд гэж нэрлэдэг бөгөөд өндөр хэмжээнд бэлтгэгдсэн сэхээтнүүд байдаг. Эрүүл нийгэмд эрүүл элит, лидер, манлайлагчид төрдөг. Эрүүл манлайлагчдаас эрүүл бодит хөгжлийн философи, бодлого гардаг жамтай хэмээн илтгэлээ өндөрлөв. Ийнхүү нийгэм, улс төр, шинжлэх ухаан соёл, түүх гэдэг салбар бүрт танигдаж өөрсдөө хэдийнэ сэхээрчихсэн эдгээр хүмүүс цуглаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээр ажилладаг эгэл жирийн сэхээтнүүдийн дуу хоолой үгүйлэгдэж байгааг санал нэгтэй хэлж байна. “Сэхээтнүүд сэхээтнүүдээ хайж байна” ч гэж хэлж болохоор эдгээр эрхмийн үгсийг сонсч суухад үнэхээр л нийгмийг урдаа чирж явах ёстой оюунлаг хүмүүс маань чимээгүй байхаар дуу ихтүүд олшроод уруудаад байгаа ч юм уу гэсэн бодол зурсхийснийг нуумгүй.

 

 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин