"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч дахин хойшиллоо. Тэрээр шүүх хурлын үеэр батлан даалтад гарч, Нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм.

 

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой баримт, материал шинжлэх сонсгол ирэх даваа гаригаас эхэлнэ. Б.Ганхуяг уг сонсголд гэрчээр дуудагдаад байгаа юм. Тиймээс нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ Өмнөх шүүх хурлуудын үеэр онцолж байснаас гадна холбогдох байгууллагуудад долоон удаа хүргүүлжээ.

 

 

Гэвч түүнийг албан ёсоор оролцуулах шийдвэрийг одоог хүртэл гаргаагүй байна. Нүүрсний хэрэг гэгдэх энэ дуулианы гол зангилааг гаргах субьект нь Б.Ганхуяг гэдэг нь тодорхой байгаа юм. Гэтэл түүний үгийг олон нийтэд хүргэхгүй байх, сонсголд гэрчээр оролцуулахгүй байх сонирхол тодорхой бүлэгт байгааг учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа юм. Олон нийтийн зүгээс түүнийг сонсголд оролцох ёстой гол хүн гэдгийг хүлээн зөвшөөрч буй.

 

 

Тэгвэл Б.Ганхуяг найм дахь удаагаа Хуульзүй, дотоод хэргийн сайд, нүүрсний сонсголын Ажлын хэсгийн дарга Б.Энхбаярт ханджээ. Түүний захидалд "...Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх, шийдвэрлэх боломжгүй гэж Шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн.

 

 

Иймд гэрчийн сонсголд оролцуулах саналыг хариуцаж зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих 461 дүгээр ангид шууд хамаарч байх тул "Сонсгол"-д ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт, хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.