Инженер Б.Цэвэгмид: Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн тэмдэг тэмдэглэгээг зөв болгох хүртэл торгуулиа зогсоосон гэсэн
2023/12/15
Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авч торгодог систем хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Инженер Б.Цэвэгмидийн хувьд энэ тогтолцоо нь хууль бус, жолооч нарын эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн шүүхэд хандаж, ялж байсан удаатай. Тэрээр Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авахыг зогсоосон талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авах нь яагаад хууль бус болох талаар тодруулмаар байна?
-Үүнийг анх 2016 оны наймдугаар сарын 24-нд НИТХ дээр автобусанд зориулж нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь зөв байсан байх. Би эгнээ чөлөөлсөн асуудлыг эсэргүүцдэггүй. Харин эгнээ чөлөөлөхдөө зөв тэмдэг тэмдэглэгээ тавьсан, нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулж чөлөөлсөн шүү гэдгийг манай улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, замын хөдөлгөөний дүрмийн дагуу замын тэмдэг, тэмдэглэгээг тавих ёстой байсан юм. Тэгээгүйгээс буруу болоод байна. Жолоочийг торгох үндэслэл байхгүй гэдгийг би анх хөндөж тавьж байсан.
Одоо дахиад авто замын дөрөв, таван уулзвар дээр эгнээ чөлөөлөх асуудал яригдаж байгааг мэдээллийн хэрэгслээс сонслоо. Энэ ажил бол зөвхөн Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар сууж байгаад “Нэгдүгээр эгнээг чөлөөлөөд автобус явуулчих” гэж шийдэх асуудал биш юм. Энэ бол тодорхой хэмжээгээр техникийн нөхцөл шаарддаг, техникийн баримт бичиг үйлдэж байж, болох уу болохгүй юу судалж байж тогтоодог инженерийн шийдэл. Ийм инженерийн шийдлийг манай нэг дарга шууд амаараа шийдчихдэг учраас энэ журам амьдрал дээр хэрэгжиж өгөхгүй байгаа юм.
-Тэгвэл одоо нэгдүгээр эгнээгээр явсан жолооч нарыг торгохгүй болсон гэдэг үнэн үү?
-Энэ асуудал дээр Тээврийн прокуророос анхаарал хандуулж, шалгаж үзсэн юм байна. Түүний дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс торгууль бичихийг зогсоосон мэдээлэл би аваад байна. Тодруулбал, торгууль зогсоогоод долоо хонож байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн тэмдэг тэмдэглэгээг зөв болгох хүртэл торгуулиа зогсоосон шүү гэдгийг албаны хүмүүсээс сонслоо гэсэн юм.
Энэ талаар Прокурорын байгууллагаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Б.ЗАЯА
Dd · 2023/12/17
Tegeed odoo Bas negdugeer egneegeer zorchson zurchild hamaarah torguuliig huchihguid tootsuulah uu?
Зочин · 2023/12/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh