1980-аад онд тѳрсѳн Л.Оюун-Эрдэнэ ѳнѳѳгийн Монголын шинэ үеийн тѳлѳѳлѳл жирийн л залуу. Бага залуу наснаасаа улстѳрийн замналаар явсаар ѳдгѳѳ Монгол Улсын Ерѳнхий Сайдаар ажиллаж буй. Хѳдѳѳ ѳссѳн хэдий ч бизнес эрхэлж байгаагүй энэ залууд сайн муу чанарууд бүгд л бий. Би түүнийг АНУ-ын Харвардын Их Сургуулийн залуу улстѳрчдѳд зориулсан “Кеннедийн хѳтѳлбѳр”-т суралцахаас ѳмнѳ танилцаж дотноссон. Монголын улстѳрийн шинэчлэлийн талаар, улстѳр дэх залуусын оролцоо, нѳлѳѳллийн талаар, шударга ёс тогтоох шаардлагын талаар хамтдаа зѳндѳѳ л “буу халж” сууцгаадаг байв. Харвард тѳгсѳѳд явахдаа надад хандаж “Дүү нь Монголын улстѳрд орохоор эргэж буцалтгүй шийдээд явж байна. Хэр түвшинд хаа хүртэл явсан ч би одоогийн байгаа мѳн чанараасаа ѳѳрчлѳгдѳхгүй ээ” гэж хэлсэн. Тэр үед ч одоо ч би түүнд итгэдэг

 

ГУЧИН ЖИЛИЙН БАЛАГ

 

Тэр Монголдоо ирээд улстѳрд орсон. АНУ-д байхад алдагдсан орон зайгаа нѳхѳж эзлэхэд амаргүй л байсан байх. Харин тэрээр санаснаас хурдан дэвшсэн нь залуу улстѳрчийн имиж нѳлѳѳлсѳн ч байж магадгүй. Олон хүмүүс түүнээс хурдтай шинэчлэл хүлээж байсан боловч удаан байгаад нь урам хугарсан байх. Л.Оюун-Эрдэнэ ѳѳрѳѳ ч тѳсѳѳлѳѳгүй, 30 жил Монголын нийгэмд бугшиж тогтсон буруу системтэй “нүүр тулсан”: 

 

1.Намаар дамжин нийгэмд тогтсон авилга, хүнд суртлын гаж тогтолцоо

2.Нам харгалзахгүйгээр ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэлийн хулгай

3.Хэзээ ч хариуцлага тооцож чаддаггүй хууль шүүхийн засаглал

4.Үе дамжин бэлтгэгддэг “цүнх баригчид”-ын дамжаа

5.Яаж ч хууль зѳрчиж, хулгайлж завшсан ч хариуцлага хүлээдэггүй бүтэц

6.Нийтийн эрх ашгийг ѳѳрсдийн эрх ашгаас дорд үзсэн бүлэглэл

7.Ямар ч аргаар сонгогдож болдог сонгуулийн аргачлал

 

Улстѳрчдийн заль мэхэнд автаад, тэдэнд зусардаж долигоноод, авилга авч сонгоод байсан бид ч бас буруутай. Яг ѳнѳѳдѳр биднийг бухимдуулаад байгаа түгжрэл, цахилгааны хязгаарлалт, шатахууны хомсдол бүхэн ѳнгѳрсѳн 30 жилд хаа хаанаа хариуцлагагүй явсны муу үр дүн. Үүн дээр “Хѳгжлийн Банк”, “Нүүрсний” сонсголууд, БЗСангийн мэдээллүүдээс шалтгаантай олон нийтийн бухимдал нэмэгдэж байгаа. “Аль эрт асуудлуудыг шийдэж болох боломжуудыг улстѳрчид хулгайлсан байна шүү дээ” гэх халаглал нь бухимдлуудын хамгийн бодит шалтгаан. Жил жилд давтагдаад байсан хэрнээ бид энэ жил арай эрүүлээр анзаарч эхэлж байна шүү дээ.

 

СУУРЬ ШИНЭЧЛЭЛҮҮД

 

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерѳнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш олон жил гацсан, гацаасан, дутуу орхисон олон тѳслүүдийг хѳдѳлгѳж Монгол Улсын хѳгжлийн суурь бүтцүүд дээр илүү анхаарч байгааг би лав анзаарч байна:

 

1. Жилд 50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай “Тавантолгой Тѳмѳр зам” тѳсѳл

2.Жилд 35 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай “Боловсруулах Үйлдвэр”-ийн тѳсѳл

3.“Эрдэнэс Тавантолгой” уурхай дээр ЗГ-ын БЭТ ажиллуулж хулгайг зогсоож буй

4.Олон жил гацсан “Эрдэнэбүрэнгийн УЦС” тѳслийг олон улсын хэмжээнд хүлээн зѳвшѳѳрүүлэн эхлүүлж буй. 5 жилийн дараа үр дүн нь тодорхой болно

5.Орон нутгийн ажиллагаатай боомтуудын шинэчлэл хийгдэж байна

6.Оюу толгойн гэрээнд ѳѳрчлѳлт оруулж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ

7. УИХ-ын гишүүд тойрогтоо хѳрѳнгѳ оруулалт хийх нэрээр үргүй зардал гаргаж байсныг зогсоож хѳдѳѳгийн хѳгжлийг бүсчилсэн байдлаар шинэчилж байна

8.Тѳрийн хүнд суртал, авилгын тогтолцоог хязгаарлах зорилгоор “E Mongolia” цахим үйлчилгээг нэвтрүүлэн ѳргѳтгѳж байна

9.Аялал жуулчлалын шинэчлэлийг эхлүүлсэн “Welcome to Mongolia” тѳсѳл

10.Сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулан хѳгжлийн бодлогыг хѳдѳѳд тэнцвэртэй хэрэгжүүлэх санаачлага

 

Түүнд алдаа зѳндѳѳ бий. Залуу Ерѳнхий сайдын хувиар хѳгжлийн суурь бүтцүүдээ хѳгжүүлэхэд голлон анхаарч ойр зуурын асуудлуудаа орхигдуулж байж ч магадгүй. Харин танхимын зарчмаар ажилладаг болохоор түүний ЗГ т ажиллаж буй олон сайдуудын амжилт ч нѳлѳѳлж буй. Алдаа нь бас хамаатай.

 

*ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ ВЭ?

 

“Ерѳнхий сайд Засгийн Газрыг удирдаж, тѳрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын ѳмнѳ хариуцна”  /Үндсэн хуулийн 41-р зүйл/

 

“Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” / Үндсэн хуулийн 47-р зүйл/

 

Олон хүмүүс Ерѳнхий сайд Л.Оюун-эрдэнийг, буруутай хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн зэмлэдэг. Түүнийг Ерѳнхий сайдаар ажиллах хугацаанд “Хѳгжлийн Банкны сонсгол”, “Нүүрсний сонсгол” хийгдэж, “Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл” ил болсон. Бид ТВ-ээр хүмүүсийн яриаг сонсож, бодит байдлын талаар тѳсѳѳлѳл олж авч байгаа. Харин тэднийг шалгаж, буруутай эсэхийг тогтоон хариуцлага тооцох эрх мэдэл нь Прокурор, Шүүхэд байдаг. Ерѳнхий сайд тэдэнд ямар нэгэн байдлаар нѳлѳѳлѳх нь хуулиар хориотой. Бид болохоор Ерѳнхий сайд бүх асуудлыг шийдэх үүрэгтэй гэж буруу ойлгоод байдаг. Тэрээр асуудлyудыг гаргаж тавьсан нь улстѳрийн хүрээнд ч нам дотроо ч олон дайсантай болох шалтгаан болж буй. Түүнийг огцруулж энэ асуудлуудыг замхраах хүсэл олон хүнд байгаа. Ингэснээр хэн хожно гэж?

 

*БИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ГЭЭЧ!

 

Бид бүгдэд, надад ч бас амаргүй байнаа. Гэхдээ энэ бүхэнд хэн нэгнийг буруутгах хэцүү. 30 жилийн балгаа цэвэрлэж, ирээдүйн нийгэмд шударга байдлыг тогтооход хүн бүрийн оролцоо, тэр тусмаа залуусын оролцоо хэрэгтэй байгаа. Тийм болохоор олон тѳслүүд дээр залуустай хамтарч ажиллан тэднийг дэмжихийг хүсдэг. Тэдний нэг нь Л.Оюун-Эрдэнэ. Би түүнээс ямар нэгэн албан тушаал эсвэл ѳѳртѳѳ ашигтай боломж хүсдэггүй. Тэртээх ѳдрүүдэд хамт суугаад ярилцаж байсан мѳрѳѳдлүүдээ биелүүлээсэй гэж л хүсдэг. Мэдээж түүнд алдаа зѳндѳѳ байгаа, ѳмѳѳрѳх аргагүй. Харин залуу хүний хувьд зорьж зүтгэж байгаа сайн чанаруудыг нь анзаарч байгаа болохоор дэмжихийг хүсдэг. Одоо тэрээр их улстѳрд ч, нам дотроо ч хууччуултайгаа зѳрчилдѳж, бас арга эвээ олж зорилгодоо хүрэх сэн гэж сайн мууг туулж л яваа. Түүний оронд хэн ч байсан энэ замыг туулах л байсан. Яг одоо энэ нийгэмд түүнийг “үзэн ядах” хѳдѳлгѳѳн ѳрнѳж буй. “Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй” гэсэн хэлц үг байдаг

 

Удахгүй сонгууль болно. Ер нь бол “Цаашид шударга байдал тогтох уу? эсвэл хулгайчид луйварчид улам нарийн аргаар үргэлжлүүлэх үү?” гэдэг сонголт бидний ѳмнѳ байгаа. Хувь хүнийхээ хувьд “аль ч намаас шинэ залуус олноор сонгогдоосой” гэж мѳрѳѳдѳж байна. Бас залуус сонгуульд ѳѳрийнхѳѳ итгэл үнэмшлийн тѳлѳѳ саналаа заавал ѳгѳѳсэй гэж хүсч байна. Тэдний хүсэл мѳрѳѳдлийн долгион нэгдэж байж Монгол Улс хѳгжинѳ. Ѳѳр сонголт үгүй дээ. “Үнэнээс зугатаж худалд зусардаж болдоггүй юм”. Маргааш эсвэл ирээдүйд үүнийхээ тѳлѳѳ “нүүр улайх” цаг ирдэг. Сайхан ирээдүйд би лав итгэж байгаа

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах