С.Наранцогт: Нэг иргэнд 233 мянган төгрөг хуваарилах тооцоо гарч байна
2024/01/17
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Иргэдийн амьдрал хэцүү байхад сар шинээс өмнө ЭТТ-н ногдол ашгийг өгөх нь ард түмэнд хэрэгтэй ч дөрвөн сард буюу сонгуулийн өмнө өгөх нь эрх баригчдад ашигтай байх нь. Цагаан сарын өмнө 120, цагаан сарын дараа 300 орчим мянган төгрөгөөд 420 мянган төгрөг өгөх гээд байх шиг байна. Үлдсэн 160 мянган төгрөгийг нэхнэ шүү. 580 мянган төгрөгийг дутуу өгөх гэж байгаа бол энэ асуудлыг би орхихгүй шүү.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнгөрсөн жилүүдэд ЭТТ ногдол ашиг өгөх асуудал дээр хойрго хандсан. Үүнийг нээж өгч байгаа нь сайн. Зөвхөн сонгуулийн жил ногдол ашиг өгчхөөд энэ тогтоолын төслөө өөрчилчхөв өө. Жил бүр авдаг байдлаар нь үлдээх хэрэгтэй. ЭТТ хангалтай ашигтай ажиллах боломж байсан. Ард түмэнд өгөх болохоор дампуурах тухай яриад эрх мэдэлтнүүд хулгай хийх үе чимээгүй байдаг байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Нэгж хувьцаанд оногдож байгаа ногдол ашгийн хэмжээг яаж тооцсон бэ? Нэг жилийн хугацаатай тогтоолын төсөл орж ирж байна. Хувьцаат компани юм бол жил бүр ногдол ашгаа тараадаг болмоор байна.
"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Энэ тогтоолын гуравдугаар заалтад Төрийн өмчит компаниудад ЭТТ-оос санхүүжилт хийгээд үүссэн өрийн асуудлыг зохицуулалт хийх эрхийг УИХ, Засгийн газраас авахын тулд тайлбар хийсэн. 2023 оны цэвэр ашиг 3 их наяд орчим төгрөг гарна. Үүний хувь эзэмшилдээ хуваах юм бол төрийн эзэмшилд ногдох ашиг нь 2.2 их наяд төгрөг, иргэдийнх 870 гаруй тэрбум төгрөг байна. Нэг иргэнд 233 мянган төгрөг хуваарилах тооцоо гарч байна.
Зочин · 2024/01/17
S XN80055877