“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан цахим өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж, Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

Тус өргөдөлд “Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу улсынхаа нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд үүнийг нь төр баталгаатай хангах үүрэгтэй. Аливаа улс орон, тэр дундаа нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг эмч, онцгой байдлын ажилтан, цагдаа нарыг хувцас хэрэглэлээр хангах, онцгой нөхцөл байдалд бэлэн байх бүх эрсдэлийг тооцож, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан осол, дэлбэрэлтийн үед төрийн чиг үүргийг ахлан ажиллаж буй хүний хувьд үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас ажлаа хийж байсан гурван залуу амь эрсэдсэн. Үүний буруутныг хууль, шүүхийн байгууллагын түвшинд эцэслэн шийдэх ч энэ бүх эрсдэлд алба хаагчдаа ажиллах хувцас хэрэглэл, техникээр хангаж ажиллаагүй салбарын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй.

Засгийн газрын тухай хуулийн 20.5-д Шадар сайд гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэй бөгөөд үүнийгээ биелүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстойг тодорхойлсон байдаг. Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна.  Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын үүрэг билээ” хэмээгээд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүсжээ. 

Одоогоор тус өргөдөлд 4265 иргэн гарын үсэг зурж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна