Энэ удаагийн "Буруу тогтолцоо" булангаараа үе үеийн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байсныг онцлон хүргэж байна.

Энэ хаврын сонгуулийг угтсан  авлигчдыг зарласан томоохон шуугиан нь газрын асуудлаар хийх сонсгол байх нь дамжиггүй болоод байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийе. УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулъя” чиглэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн юм. 

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг. Харин Нийслэл хот өнгөрсөн хугацаанд есөн хотын даргын нүүрийг үзжээ. Тэдний хэн нь хамгийн их газар олголтыг хийж байсныг дараахаас харж болно.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх түр хороогоо байгуулах шийдвэр гарах нь лавтай. Уг сонсголоор дээрх хотын дарга нарын олгосон газар хуулийн дагуу байв уу, Хууль бус олголтыг баруун, солгойгүй цацсан уу? гэдэг нь ил болох нь ээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ

Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана