Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.

-“Гурван зүйл дээр тодорхой шинэчлэл хийх нэн шаардлагатай байна”-

- Та гуравдугаар сарын 26-нд Ерөнхий захирлаар томилогдож, ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн радио, телевиз засаглалын хувьд нэлээд хямралтай явж ирлээ.  Ер нь нөхцөл байдал ямар байна.  Ямархуу уур амьсгал, асуудал, ололт амжилттай байгууллага хүлээж авав.  Энэ талаар яриагаа эхэлье?

- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргаж, шинэ Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарласан.  Миний бие энэ шалгаруулалтад зориг гарган оролцож, салбарынхаа есөн хүнтэй  өрсөлдөж, Ерөнхий захирлаар томилогдсон.  МҮОНРТ бол миний хувьд шинэ газар биш.  Миний хамгийн их сайн мэдэх газар бол МҮОНРТ.   Миний ажил амьдралын 23 жилийн түүхтэй холбоотой газар. Тиймээс ажилтайгаа, хамт олонтойгоо танилцана гэсэн асуудал байхгүй. Шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт,  бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа.  Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан.  Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Би өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байсан учраас тодорхой хэмжээний туршлага бий. Ингээд гурван зүйл дээр шинэчлэл хийх нэн шаардлагатай байна гэж үзлээ.  Үүний нэг нь хөтөлбөрийн бодлогын шинэчлэл. Маш чухал асуудал.  Бид олон нийтдээ шинэчилсэн хөтөлбөрийн бодлогыг танилцуулах цаг нь болсон.  МҮОНРТ хэвлэл мэдээллийн салбарт яаж ажиллах юм, ямар манлайлал үзүүлэх үү, олон нийтийнхээ хэрэгцээ, шаардлагыг яаж хангах юм, хэрхэн хараат бус байх юм гэдгийг илүү тодорхой болгон шинэчилж, нэн яаралтай батлуулах шаардлага үүссэн байна. Хоёрдугаарт, менежментийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Хууль эрх зүйн хувьд, төсөв санхүүгийн хувьд олон асуудал үүссэн байна.  Боловсон хүчин, хүний нөөцийн бодлого ч эрсдэлтэй байна.  Санхүүгийн нөхцөл байдал нэлээд дорджээ. Гуравдугаар сарын 26-нд ажлаа хүлээж аваад дөрөвдүгээр сарын 1-нээр тасалбар болгож, санхүүгээ харлаа.  Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар маань өнгөрсөн 2023 оны зургадугаар сараас хойш төлөгдөөгүй байна.  Энэ алдагдал 4.2 тэрбум төгрөгт хүрсэн. Цалингийн эрсдэлтэй нөхцөл байдалд бид ажиллаж байна.  Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдал дахиад дөрвөн тэрбумд хүрч, ингээд нийтдээ найман тэрбумын хасахтай, өртэй төсвийг боож дуусаад, Үндэсний зөвлөлдөө оруулаад байна.

-Энэ их санхүүгийн алдагдлын үндсэн шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна.  Саяхан цалингаа нэмсэн тухай мэдээлэл гарч байсан. Санхүүгийн алдагдалтай байж нэмсэн гэсэн үг үү?

- Тийм ээ.  Цалин нэмэх асуудал дээр менежментийн алдаа гарсан.  Орлого олж байж, цалин нэмэх учиртай. Гэтэл орлогын бүрдүүлэлт хийгээгүй байж цалингаа нэмсэн нь өөрөө өр үүсэх үндсэн шалтгаан болжээ. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Удахгүй дүгнэлтээ танилцуулах байх. Ер нь тоо худлаа ярьдаггүй учраас цаасан дээрх өрийн хэмжээг би шууд олон нийтэд нээлттэй хэлж байна.  Шууд үүссэн өр 4.2 тэрбум, цалингийн өр дөрвөн тэрбумд хүрсэн байдалтай газрыг хүлээж аваад сууж байна.

-“4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг” -

-Та гурван асуудлаар шинэчлэл хийхээр зорьж ажиллана гэлээ.  Хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл... гурав дахь нь юу байх вэ?

-Санхүүгийн шинэчлэл хийх ёстой.  Мөнгө өөрчлөгдөхгүй, төгрөг өөрчлөгдөхгүй.  Харин санхүүгийн орлого олж байгаа байдлууд өөрчлөгдөх ёстой.  Хуулийн дагуу хийгээд шинэчилсэн, цаг үетэйгээ нийцсэн байх учиртай.  Бид хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл ярьж байна.  Гэтэл санхүүгийн нөхцөл байдал хуучин хэвээрээ л байгаад байвал юу ч өөрчлөгдөхгүй.  2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд анхны Үндэсний зөвлөл байгуулагдаж, анхны Ерөнхий захирлаа сонгон шалгаруулсан. Өмнө нь бол ЗГХЭГ-ын агентлагийн статустай байлаа.  Харин  өөрийн гэсэн хуультай болсноор олон нийтийн статуст шилжиж, нийгмийн дуу хоолой болж, ардчилсан нийгмийн үзэл санааг хэвшүүлэх замдаа нэгэнт орсон.  Тухайн үед хуульд санхүүгийн нөхцөл байдлыг нь их тодорхой тусгасан.   Нэгдүгээрт, хураамж авдаг байх.  Хоёрдугаарт, Засгийн газар нь дэмждэг байх.  Гуравдугаарт, үйл ажиллагааныхаа тодорхой хувьд зар сурталчилгаа явуулаад түүгээрээ орлого бүрдүүлэх. Энэ нь бүтэн хөтөлбөрийн хоёр хувийг эзэлж байна.   Өөрөөр хэлбэл, өдөрт 17 цагийн эфиртэй.  Үүний хоёр хувь гэхээр нэг өдрийн 20 минут л байдаг.   Ийм хуулийн заалттай.  Дараагийн хандив тусламж авах,  өөрсдийн хийсэн контентоороо орлого бүрдүүлэх. Ийм 4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан.  Энэ дагуу л бид үйл ажиллагаа явуулж байна.

- Санхүүгийн эх үүсвэрүүдээс хамгийн том нь олон нийтийн хураамж байх. Өнгөрсөн хугацаанд хураамжийн асуудал хэр шинэчлэгдэж ирсэн юм бэ?

-Тийм ээ.  Хамгийн том эх үүсвэр нь айл өрхүүдээс авч байгаа хураамж.  Нөгөөх нь Засгийн газраас өгч байгаа дэмжлэг.  Энэ хоёр эх үүсвэр нь өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэхгүй явж ирсэн.   Санхүүгийн алдагдалд оруулах нөхцөл шалтгаан болж байна гэж би үзэж байна.  Айл өрхүүдээс хурааж байгаа нь ч өөрөө буруу явж иржээ.  Тог цахилгааны мөнгөтэй хамт татдаг. Тэгэнгүүт бид хурааж өгсний хөлс болгож, цахилгаан түгээх газруудад мөн тодорхой хувийг өгч байна.  Тэр газруудад ч манай хураамжийг хураах чиг үүрэг байхгүй, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд л хийгдэж байгаа ажил.  Ингэхээр  олон нийтээс авч байгаа хураамжийн маань 15-20 хувь нь гэхэд дундаасаа цахилгаан түгээх сүлжээнүүдэд оччихож байгаа юм.  Энэ нь өөрөө эрүүл систем үү, гэвэл үгүй.

 Дараагийн нэг асуудал нь бид нэг өрхөөс 1100 төгрөгийн хураамж авч байна.  Энэ тоо бол 2005 оны Засгийн газрын тогтоол дээр доллараар байдаг.  Ингэхдээ уг нь тогтоолд хураамжийн хэмжээг нэг ам.доллартой тэнцэх хэмжээнд байна  гэж зааж өгсөн.  Гэтэл явцын дунд аливаа төлбөр хураамжийг гаднын валютаар шийдэхгүй гэсэн хууль гарсан.  Ингээд хураамжийг тухайн үеийн нэг ам.долларын ханшаар тооцож, 1100 төгрөг гээд баталчихсан. Хотын айл өрхөөс 1100 төгрөг, аймагт бол 850 төгрөг, сумын төвийн айл өрхөөс 600 төгрөг хураадаг.  Энэ хураамж 2005 оноос хойш хөдлөхгүйгээр мөрдөгдөж ирлээ.  Уг нь бол аливаа төлбөр хураамж, инфляцтайгаа уялдах ёстой. Өнөөдөр Атар талх хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ.  Гэтэл МҮОНРТ-ийн төлбөр хураамж 1100 төгрөгөөрөө л байна. Үүнийг шинэчлэх ёстой юу гэдгийг би олон нийтээсээ ч асуумаар байна.

-“Ерөнхий захирлын үзэмжээр шийддэг систем байх ёсгүй”-

- МҮОНРТ-ийн хураамжийг төлөх ёстой эсэх маргаан олон нийтийн дунд байдаг.  Гэтэл та нэмэх тухай асуудал ярих юм байна гэж ойлголоо?

- Би ч гэсэн МҮОНРТ-ийн үзэгч, хураамжаа төлдөг.  Шүүмжлэлүүдийг сонсдог, хүлээж авна.   Гэхдээ анзаараад байхад олон нийт 1100 төгрөг гэдэг тоондоо биш байх шиг.  Тэд 1100 төгрөгөө харамлаад байгаадаа биш гэсэн үг.   Харин бид ийм төлбөр хураамж төлж байхад танай телевиз яагаад олон нийтийн дуу хоолой болж, хараат бусаар ажиллаж чадахгүй байна вэ гэсэн асуудлыг л ярьж, шүүмжилдэг.  Цаашлаад яагаад МҮОНРТ-ийг үзэхгүй байгаа юм бэ гэхээр чанартай кино, нэвтрүүлгийг нь гаргахгүй байгаад л юм.  Тэгэхээр 1100 төгрөгийн шүүмжлэлийн асуудал биш байгаа биз. Чанар нэхсэн шүүмжлэл яваад байна л гэж би хардаг.

-Орлогын дараагийн том эх үүсвэр нь Засгийн газрын дэмжлэг гэжээ. Ийм байхад хараат бус байж чадах уу. Хараат бус байдал Засгийн газрын дэмжлэг хоёр нь өөрөө урвуу хамааралтай биш юм уу?

-Хараат бус байна гээд Засгийн газрын үйл ажиллагааг бид үзүүлэхгүй байна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Яагаад гэвэл, Засгийн газар өөрөө иргэдийн саналаар бүрэлдсэн парламентаас томилогддог.   Олон нийтийн олонхын санал авсан парламент түүнээс бий болсон Засгийн газар байдаг.  Түүнээс салаалаад нийслэлийн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ нь эргээд олон нийтийнх болчихож байгаа юм. Үүнийг үзүүлэх ёстой юу гэвэл үзүүлэх ёстой. Харин түүн дээр үндэслэсэн хянах үүргийг олон нийт бид хамтран хэрэгжүүлэх учиртай юм. Тэгэхээр нэг ёсондоо энд хяналтын тогтолцоо яваад байгаа юм шүү. Шүүмжлэлийг мэдээж хүлээж авна. Хөтөлбөрийн бодлого алдагдсан байх вий, аль нэг тийшээ ханарсан байх вий.  Нийгэмд тэгш боломж олгоогүй байх вий. Шүүмжилж байгаа бол нэг асуудал байна л гэсэн үг. Энэ мэт гол асуудлууддаа анхаарч ажиллана. Гэхдээ бид ямар асуудалтай нүүр тулаад, юу хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд хэлж нээлттэй ажиллах нь зөв. Магадгүй бид олон нийтээс дэмжлэг авах үе тулна.

-Олон нийтийн шүүмжлэлийн бас нэг шалтгаан нь магадгүй засаглалын хямралтай холбоотой байх.  Удирдлагын баг нь байнга солигддог асуудал бий?

-Менежментийн шинэчлэл хийе гээд байгаа минь яг үүнтэй холбоотой.  Өнгөрсөн хугацаанд телевиз дээр ямар үйл явдлууд өрнөв.  Түүнийг бид цаашид давтах учиргүй.  Сайн, муу захирал байхаас үл хамаарч, сайн удирдлага байвал сайн явдаг, муу нь ирвэл муудчихдаг.  Эсвэл цэнхэр байвал цэнхэртээд улаан гарвал улаантчихдаг ийм олон нийтийн телевиз байж болохгүй.  Менежмент нь тогтвортой, систем нь зөв байх хэрэгтэй.  Цаашид удирдах ур чадвартай удирдагчийг л хүсээд байдаг телевизийн түүхийг давтахгүйн тулд менежментийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхээр системийг  нь зөв болгох, ганхаахгүй байх боломжийг бүрдүүлэх алхамыг хийхийг зорино.  Тухайлбал, ерөнхий захирлын үзэмжээр орон нутагт ажиллаж байгаа сурвалжлагч нарыг цомхотгож болохгүй. Гадаадад байгаа сэтгүүлчдийг дэмжихээ больж болохгүй биз дээ.  Ерөнхий захирлын хувийн хүсэл сонирхолд нийцүүлж шийддэг асуудал байх ёсгүй.  Тэгэхээр систем нь өөрөө зөв байж,  хөтөлбөрийн бодлоготойгоо уялддаг, түүн дээр ажилладаг Ерөнхий захирлын ур ухаан байна уу гэхээс бүх асуудлыг үзэмжээрээ шийддэг, түүнээс шалтгаалсан засаглалын хямрал байж болохгүй. Би өөрөө уран бүтээлч нь байсан.  Энэ байгууллагад шат шатанд нь ажиллаж байсан хүн учраас Ерөнхий захирлын дур зоргоос  үл хамаардаг систем энд байх ёсгүй гэж үздэг.   Би үүнийг л  хийнэ. Санхүүгийн хувьд хараат бус, хөтөлбөрийн  бодлого нь олон нийтийнх байх,  тэднээс шүүмжлэл аваад буцаагаад хурдан шийддэг, эргэх холбоотой байх ажлуудыг хийнэ. Тухайлбал,  МҮОНРТ-ийн дэргэд олон нийтийн төвтэй болох асуудлыг ярьж байгаа. Засгийн газрын “1111 төв” бол энэ чиглэлд тэргүүн туршлага болж чадсан.   Яг үүн шиг олон нийтийн төвтэй болно.    Мөн Засгийн газраас ирж байгаа төсвийн дэмжлэгүүд маань  ямар нэгэн улс төрөөс хараат бусаар төсөвтөө суудаг байгаасай. Тэгэхгүй бол  Засгийн газрын тэргүүн,  Сангийн сайд солигдоход манай төсөв яг үнэндээ дээшээ, доошоо болдог.  Энэ нь эргээд олон нийтийн телевизийг тогтворгүй байдал руу хөтлөөд байгаа юм.

-“Иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна”-

-Хураамжийг инфляцтайгаа уялдаж өсөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр хуульд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал. Гэхдээ үүнийг бид шийдэхгүй.  Засгийн газар ч  шийдэхгүй.  Олон нийт шийдэх учиртай.  Бид  ажил үүргийнхээ хүрээнд асуудлыг гаргаж тавьж байна.  Олон нийтийн төлөөллүүдээр хэлэлцүүлнэ.  Ер нь  МҮОНРТ байх шаардлагатай эсэх асуудлыг би дахин дахин тайлбарлах шаардлагатай юм билээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай асуудал нь өөрөө үндэсний мэдээллийн байгууллагатай салшгүй холбоотой. Тиймээс үндэсний мэдээний сүлжээ оршин тогтнох ёстой. Дээрээс нь үнэн байх ёстой. Олон нийт МҮОНРТ-д итгэдэг учраас үздэг байх гэж боддог. Манай мэдээний хөтөлбөр хамгийн тэргүүлэх зэргийн сонголттой хэвээр байна. МҮОНРТ-ийн мэдээний сүлжээ өнөөдрийг хүртэл энэ чансаагаа хадгалсаар ирсэн. МҮОНРТ 21 аймагт төлөөлөгч, сэтгүүлчтэй. 21 аймгаас мэдээлэл авч байна. Хилийн чандад сэтгүүлч нар ажиллаж байна. Монголд зөвхөн нэгдүгээр суваг биш таван сувгаар MNB гарч байна. Нэгдүгээрт үндэсний суваг, Монголын мэдээ суваг, MNB спортын суваг, MNB World суваг байна. Уг сувгаар Монголд амьдардаг гадны 20 мянган иргэд мэдээлэл авч байна.  Гэтэл өнөөдөр манай ард иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна.  Зарим нь хохирч байна.   Цаашлаад цахим орчны үйл ажиллагааг хумина гэж байна.  Яг үнэндээ бид хумиулах дургүй.  Гэтэл бидэнд ямар дархлаа байгаа юм.  Хумиулах дургүй юм бол дархлаатай байх ёстой шүү дээ.  Энэ дархлаагаа бид өөрсдөө бий болгох ёстой.  Энэ дархлаа нь л МҮОНРТ юм.  Олон нийтийн радио, телевизийн хууль дээр их тодорхой байгаа. Зорьсон зорилго, үзэл баримтлал нь хуулийнхаа  дагуу л явдаг.

-Зарим телевиз гоё зүйл үзүүлээд байхад Үндэсний телевиз үзүүлсэнгүй гэж харьцуулж дүгнэх гээд байдаг шүү дээ?

- МҮОНРТ арилжааны телевизүүдтэй өрсөлдөх шаардлагагүй.  Шоугаа хийдэг телевиз нь шоугаа хийг.  Тэр орон зайд нь бид халдахгүй байя. Олон нийтэд хамгийн сонирхолтой гэдгийг нь орхиод хамгийн хэрэгтэй, хамгийн чухал, тэнцвэртэй гэсэн мэдээлэл үзүүлье.    Жишээлэхэд,  бусад телевиз, радио хүүхдийн үзэх нэвтрүүлгийг дандаа орхидог.  Нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд өөрөө суваг солиод хэрэгтэй мэдээллээ ялгаж олж авч чадахгүй. Хүүхдэд зориулсан хөдөө аж ахуйн тухай, гэр бүлийн хүмүүжлийн тухай, Монголын үүх түүхийн тухай, үндэсний соёлыг шингээсэн хөгжим дуу хуур, зэмсгүүдийн тухай, нүүдэлчний өв соёл уламжлалын тухай хэн тэгвэл гаргаж өгөх юм бэ. Ийм төрлийн контент өөрөө ашиг олдоггүй, хамгийн их зардлаар бүтдэг. Судалгаанаас харвал нийгэмд үзүүлэх ач холбогдол нь их байдаг. Гэтэл гэр бүлийн  хамгийн анхаарах ёстой зүйл нь эцэст нь хэн бэ гэхээр хүүхэд шүү дээ. Тэгэхээр хүүхдэд очих зөв мэдээлэл нь чухал.  Ер нь  Монголын өв уламжлал, соёлын дархлаа, үнэн бодитой мэдээлэл, нэвтрүүлэг уран бүтээлийг олон нийтийн радио, телевиз л хийнэ шүү дээ. Тэгээд ч одоогоор бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл төгөлдөршөөд л, нээх гоё болоод л, өрсөлдөөн дундаас шударга гарч ирээд байгаа зүйл үнэнийг хэлэхэд алга байна. Үүнийг өнөөдрийн үзэгч, сонсогчид хамгийн сайн тунгааж суугаа байх.

- МҮОНРТ Парисын олимпыг шууд дамжуулах эрхээс хасагдсан гэсэн.  Энэ ямар учиртай юм бол?

-Бид энэ өрсөлдөөнд ялагдсан. Олимпын шууд дамжуулалтын эрх нь 2023 онд аль хэдийн яригдаад хаагдсан байсан. Олимп дамжуулах эрх нь шууд утгаараа бизнес болчихсон шүү дээ. Хувийн телевизүүд өөрсдийнхөө саналыг илгээдэг. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөний тухай асуудал. “Central TV” эрхийг нь авсан. Үндэсний олимпыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн нь МҮОНРТ мөн. Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпыг зохион байгуулах том ажлын хэсгийн үндэсний гишүүн нь мөн. Тэгэхээр бид чадлынхаа хэрээр оролцоно. Гэхдээ бид шууд дамжуулалтыг явуулж чадахгүй юм шиг байна. Эрхийг нь авсан байгууллага бусад телевизүүдтэй шууд дамжуулалтын эрхийг хуваалцаж магадгүй. Олимпын төрөлд оролцож байгаа чухал тэмцээнүүдийг бид дамжуулмаар байна.Шууд дамжуулалтад чадлынхаа хэрээр мөнгө, санхүүгээ босгоод оролцмоор байна. Бид энэ саналаа “Central TV”-д тавина. Нэгэнт шударга өрсөлдөөнөөр олимпыг дамжуулах эрхийг авсан “Central TV”-ийн сонирхлыг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой. Гэхдээ олон нийтийн эрх ашгийг хүндлээд Монголын бүх үзэгчдэд хүргэх үүднээс хөтөлбөрөө бусад телевизүүдтэй хуваалцах байх гэсэн хүлээлт надад байна. Хөтөлбөрөө хувааж авбал их сайн. Бүх тэмцээнүүдийг шууд дамжуулах эфирийн цаг тэдэнд хомс. Бүх юмыг зэрэгцүүлж гаргах технологи, сүлжээ байхгүй учраас бусад телевизүүдэд энэ ачааллаа шударгаар хуваалцах байх гэж найдаж байна.

-Таны өмнөх удирдлага МҮОНРТ-ийг XXI зууны шинэ медиа корпораци болгон хөгжүүлнэ” гэж байсан.  Та юу амлаж чадах вэ. Мөн ямар зарчим баримтлана ажиллах уу?

-Би бол МҮОНРТ-ийн тухай хуулийг л дагаж мөрдүүлнэ. Энэ нь маш тодорхой зүйл. MNB өөрөө ондоошилтой, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хөтөлбөрийн бодлого болоод үйл ажиллагааг зохион байгуулахыг Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан. Бид чанарын төлөө өрсөлддөг байна. Чанар гэдэг нь үнэн байх тухай асуудал. Мөн олон нийтэд хамгийн хэрэгтэй зүйлүүдийг хөтөлбөрийн бодлогод тусгах ёстой.  Өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байхад нэг зүйл анзаарсан.  Энэ нь хэтэрхий их босоо удирдлагатай байгаа нь анзаарагдсан.  Үүнийг халах бодлого барина.  Эрх мэдлийн төвлөрлийг бууруулна.  Ерөнхий захирал руу чиглэсэн санхүүгийн, өдөр тутмын үйл ажиллагааны нөлөөллийг багасгах бодлого барина.

-Та өмнө нь хийсэн ярилцлагадаа  “MNB World” сувгаар бахархан ярих дуртай гэж байсан.  Хэвээрээ юу.  Цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ сувгийг анх 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Тухайн үед шат шатны уран бүтээлчид, удирдлагууд, төслийн удирдагч маань ёстой л эрвийх дэрвийхээрээ ажилласан. Шинэ студи, шинэ тайз, талбай засахаас эхлээд бүхнийг шинээр, стратеги төлөвлөгөөний дагуу хийсэн. Энэ сувгийн хувьд хүний нөөцийн асуудал их чухал байдаг. Хэвлэл мэдээллийн ажилтан маань хүлээн зөвшөөрөгдөхүйц гадаад хэлтэй байх, аливаа мэдээлэлд дүгнэлт  хийх өндөр чадвартай байх, дэлхийд гарч байгаа Монголын нүүр царай шүү гэдэг үүргийг ухамсарлаж ажиллах тийм хүмүүс хэрэгтэй.  Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил нь өөрөө их удаан үйл явц байдаг юм байна. Би энэ төслийг гадаадад Монгол орныг сурталчилах, тэр дундаа аялал жуулчлалыг татах бодлогын дагуу илүү сайн ажиллаж, хөгжих ёстой гэж боддог. Хоёрдугаарт, “MNB-Спорт”. Энэ бол үндэсний спортоо дэмжих, сурталчилах, үзүүлэх зорилготой суваг юм. Олон нийтийн статустай телевиз нь л үндэсний спортоо бодлогоор сурталчлахгүй, үзүүлэхгүй бол хамгийн их хөдөлмөр зарцуулж, зардал гардаг атлаа ашиг багатай байдаг энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага гэж бараг байхгүй.  Хувийн хэвлэл мэдээлэл мэдээж ашгийн бус үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Харин Олон нийтийн радио, телевиз бол ашгийн бус, нийгэмд олон нийтэд хэрэгтэй чухал орон зайг олж хараад, түүндээ зориулсан стратегийг хийх ёстой юм.  Тэгэхээр үндэстнийхээ дархлаа, өв соёлын  чухал  хэсэг болох үндэсний спортоо хөгжүүлж, сурталчлах суваг байх ёстой. Түүнчлэн “MNB Гэр бүл”  суваг байна.

Хүүхэд, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэвтрүүлэг нийтлэл өөрөө ашиг өгөөд  байдаг салбар биш. Гэхдээ нийгмийн анхаарах ёстой хамгийн чухал хэсэг. Хүүхдэд, гэр бүлийн боловсролд  зориулсан хэвлэл мэдээллийн, нэвтрүүлгийн төрөлжсөн суваг байх  нь зүйтэй. Ингээд нийтэд нь харвал,  МҮОНРТ маань хаяагаа тэлсэн, дэд бүтцээ сайжруулсан, өнгө төрхөө өөрчилсөн, техникийн шинэчлэл хийж чадсан хөтөлбөр, хүний нөөцийнхөө бодлого дээр анхаарсан он жилүүд байсан.  Цаашид ч энэ хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Ер нь МҮОНРТ-ийн удирдлага байна гэдэг эрх мэдэл, албан тушаал, ямба эдлэхийн нэр биш. Тийм их мөнгө төгрөг, төсөв албан тушаал  гэж байхгүй. Хувь хүний хувьд  юу хийж чаддагаа харуулах, салбарын хүрээний манлайлал юм шүү дээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)