Байр суурь: Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2024/04/24
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хэн, хэн юу өгүүлснийг "Байр суурь" буландаа онцолж байна.
Н.Алтанхуяг: Одоо та нарын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Гэтэл яагаад хугацаа дөхсөн энэ үед ийм чухал шүүхийн асуудлыг оруулж ирж байгаа юм. Ямар санаатай, ямар эрх ашигтай юм. Шүүхийн хөгжлийн бодлого гэхээр гараа өргөөд дэмжиж болж байна.
Гэхдээ морин дэл дээгүүр ийм хуулийн төслүүдийг оруулж ирэхээ боль. Юундаа яараад байгаа юм. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг бүгдийг нь уншсан. Зарим нь асуудлыг хэтэрхий детальчилсан байна. Уг нь шүүх байгууллагын бие даасан хараат бус байдлыг дэмжмээр байна.
Гэтэл амьдрал дээр ажил чинь ерөөсөө явж өгөхгүй байна. Ямар ч арчаагүй цаас үйлдвэрлэсэн байдалтай баймааргүй байна. Байнгын хорооны гишүүд нь ч ажилдаа ирдэггүй. Эсвэл хурлаа завсарлуулаад сонгуулийнхаа дараа энэ чухал хуулиудаа хэлэлц л дээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Энэ тогтоолын төсөл батлагдах ёстой. Шүүх байгууллагын хараат бус байдлыг хангахад төсөв хөрөнгө хэрэгтэй. Шүүх нь төрийн тусгай институтийн хувьд хэн ч халдашгүй хараат байх ёстой. Унаа гуйдаг, шүүгдэж буй нөхрийнхөө машинд дайгдаад шүүгч нь давхиж явдаг байж болохгүй. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн нөхцөл байдлаас харахад шүүхийн төсвийг УИХ-аас хасдаг.
Цахим шүүх гэж яриад байна. Цахим, хиймэл оюун ухаангүй зүйл нийгэмд байхаа болилоо. Цахимын эсрэг талд кибер аюулгүй байдал гэх зүйл бий. Шүүх гэдэг гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахим байвал та нөхөд аюултай хакеруудын дайралтад өртөж хэрэг чинь байхгүй болчихвол байг гэхгүй болно.
Хакер гэдэг хэнд ч дийлдэхээ больсон. АНУ-ын Пентагон гэдэг бол хамгийн өндөр хамгаалалттай байгууллага. Гэтэл хакерын дайралтад байнга өртөж байна. Цахим гэвэл хавтаст хэргийг цаасан суурьтай байхаар нь архивт хадгалах ёстой.Гэмт хэрэг зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна. Асар их мөнгөний оролцоотой болж байгаа.
Монголын төрд маш сайн программист инженерүүд байхгүй.Төрийн албан хаагчдаа ижил нөхцөлөөр цалинжуулж байгаа. Чадвартай программист, инженерүүд хувийн салбар руу яваад өгсөн. Төрийн байгууллагууд хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж программаа зохиолгож байна. Программ хувьд байна гэдэг та бүхний бүх юм хувь хүний гарт байна гэсэн үг. Шүүх зөвхөн өөртөө зориулж хамгийн өндөр зэрэглэлд баталгаатай хийгдсэн программ дээр явахгүй бол эрсдэл учирна.
Д.Цогтбаатар: Энэ хуулийн төслийг яарч хэлэлцээгүй. Харин оройтож хэлэлцэж байгаа асуудал л бий. Шүүх дээрээ бид анхаарал тавиагүй, тэртээ ард орхичихсон асуудал бий. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг шүүхээ муулаад суудаг болсон. Ийм сэтгэлгээтэйгээр Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй.
Гэхдээ шүүхэд асуудал байхгүй гэсэн үг биш. Шүүхэд асуудал бий, шүүгчдэд асуудал бий. Харин үүнийг нь засдаг хүмүүс хууль тогтоогч бид. Бид муу ажиллаж байна гэсэн үг. Шүүхээ балбасаар байгаад шүүгчээр ажиллах хүн олдохоо больсон.
Баянхонгор аймаг л гэхэд Иргэний хэргийн танхим нь хоёр жил шүүгчгүй явсан байна. Сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн хүн ирсэн ч нэг нь ч тэнцээгүй байна. Шүүгч болж яах юм гэсэн нэр хүндийн асуудал нийгэмд үүссэн байна. Улстөрчид нь балбаад л байдаг. Энэ хөтөлбөрийг яаралтай батлах хэрэгтэй байна.
Зочин · 2024/04/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh