Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцсэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Энэхүү конвенцыг хэлэлцэн батлан нь зүйтэй. Тодорхой албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдээд эсвэл хэрэг үүсээд эхэлмэгц өвчтэй гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гадаад улс руу оргон зайлдаг. Мөн Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн хилийн чанадад байгаа тухай мэдээлэл ч гарах болсон. Тухайн улстай нь Монгол Улс харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас мөрдөн шалгах, шүүхийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаад байна.

Энэ конвенц батлагдсанаар бид Европын холбооны 48, бүсийн бус 5, нийт 53 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, яллагдагчийг дуудан ирүүлэх зэрэг бүх процесс нээлттэй болох уу.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар гадаад улсад байгаа гэсэн. Тэднийг Шувуу ажиллагааны хүрээнд авчрах боломжгүй байгаад байна. Оргон зайлсан этгээдүүдийг авчрах Шувуу ажиллагааны үр дүн хэр байгаа вэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Шувуу ажиллагаа амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийн 70-75 хувийг авчирсан.

Хамгийн сүүлд гэхэд захиалгаар бусдын амь насанд халдсан хэргийг шалгаж байх явцад оргон зайлсан этгээдийг олж авчирсан.

Сая Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Надад тийм мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай андуурсан байх. Н.Золжаргал Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан асуудал хоёр талын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудал бий.

Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Шувуу ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт шалгагдаж байсан хэдэн хүнийг буцаан авчирч, хэр хэмжээний хөрөнгийг оффшороос татсан бэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Шувуу ажиллагаа эхэлж байх үед интерполын улаан булант зард 22, хөх булант зард 70, нийт 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан.

2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар интерполын улаан булант зараас 5, хөх булант зараас 52 хүн, нийт 57 иргэнийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах байгууллагаас олж тогтоосон 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 4 иргэний хэргийг шүүхэд шилжүүлээд байна.