Цагдаагийн байгууллагад “2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад Баянзүрх дүүргийн 26 хороо Энканто хотхонд лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу алба хаагчдаас газар дээр нь шуурхай очиж шалгасан.

Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ заан өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Одоогоор хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна.