Хятад тохироо
2013/04/24
МАН Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр гэнэтийн завсарлага авсаныхаа маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 19-нөөр огноолон Н.Алтанхуягт нэгэн асуулга илгээжээ.
Асуулгад УИХ-ын 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолыг эргүүлэн сөхсөн байна. Уг тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байдаг. Ээ... энэ чинь нөгөө алдарт цариг шүү дээ. “Өргөн байх уу... нарийн байх уу”... дахиад л хэрүүл...
ТӨР БИШ УХАА ХУДАГ Л ТӨМӨР ЗАМТАЙ БАЙХ ЁСТОЙ
Уг нь одоогоос гурван жилийн өмнө Төрийн ордны дугуй танхимд 76 гишүүн сууж байгаад өөд уруугүй хэлэлцсээр нэгэн шийдэлд хүрсэн. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын бичиг баримтын 4.1.2-т “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг... ” хэмээн дурьдаж байгаад төмөр замын царигийн өргөн нь 1520 мм буюу өргөн байна гээд заачихаж. Тэгээд зогссонгүй. Уг тогтоолд эхний ээлжинд барих төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Мөн Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 3-ны 283 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид олгочихсон.
Тухайн үед УИХ-аас өгсөн уг даалгавар буюу тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн өмчийн хороо, ЗТБХБЯ-ны хамтарсан 30/24 тоот тушаал гаргаж “Монголын төмөр зам” компанид хэд хэдэн даалгавар өгчээ. Үүнд төслийн санхүүжилтийн эх үүсвэрээ бодлогын баримт бичигт заасны дагуу шийдвэрлэх, зөвлөх компаниа сонгож гэрээ байгуулах, хөрөнгө оруулагчдын оролцоотой компани, эсвэл консорциум байгуулах бэлтгэлээ хангахыг үүрэг болгосон. Мөн Засгийн газрын 266 тоот тогтоолын дагуу “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам,долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдэж өгөхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Ийнхүү “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндэслэлүүд бий болсон түүхтэй. Гэвч санхүүжилтийн тухайд, тэр тусмаа 55 сая ам,доллар очих газраа түрүүчийн Засгийн газрын үед лав ирээгүй юм. Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төмөр суурь бүтэц барих ажлыг эхлүүлж 2013 онд багтаан дуусгах шийдвэр ч гарагсан байдаг. Гэтэл гэнэт тэд шийдвэрээ яаран сандран өөрчлөв. Тэр нь 2012 оны гуравдугаар сар шиг санаж байна. Уг шийдвэрт “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийн 1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Сайншанд- Тавантолгой- Ухаахудаг- Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилгоор суурь бүтцийн барилга угсралтын ажлын концессыг шууд гэрээний үндсэн дээр олгож 2012 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх” хэмээн өөрчилсөн байгаа юм. Ийнхүү Ухаа худагт концессийн гэрээгээр төмөр зам барих эрхийг шууд олгож байсан юм. Ухаа худаг гэдэг нь Тавантолгойн гол баялагт эзэн суусан Энержи ресурс билээ. Энэ бол 2012 оны гуравдугаар сар. Сонгууль хаяанд буучихсан, сурталчилгааны мөнгө хэрэгтэй үетэй яах аргагүй давхцаж байгаа биз. Бодууштай, шалгууштай санагдана... Аль хэдийнэ 2010 онд эхлээд одоо бараг дуусч байх ёстой төмөр зам гацаж харин Ухаа худаг буюу Энержи ресурс л төмөр замтай байх ёстой гэсэн бодлого өмнөх Засгийн газарт байсан байгаа биз. Харин шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар өмнөх алдаа засагдаж хувийн компани давуу эрхээр төмөр зам барих эрхийг цуцалж төмөр зам бол төрийн өмч байж төрийн бодлогоор баригдах ёстой гэсэн шийдвэр гарч билээ...
ТӨРИЙН ЭСРЭГ ЦАРИГ
Гэтэл гурван жилийн дараа гэнэт “Хөөе тэр төмөр замын цариг чинь нарийн байх ёстой...за юу.....Та нар юун өргөн цариг гээд баталчихсан юм бэ ” гэлцээд эхлэв. Хэрэв Монгол Улсыг төрт улс гэж үзэх юм бол төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Хэрэв манайхыг ардчилсан орон гэж үзэх юм бол ардчиллын зарчмаар сонгож байгуулсан дээд байгууллага нь УИХ. УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэр хэрэгжих ёстой. Харин энэ байгууллагаас баталж гаргасан тогтоолыг эсэргүүцэх бол төрийн эсрэг үйл ажиллагаа гэж үзэж болно. Тэгвэл яагаад гурван жилийн дараа төрийн эсрэг үйлдэл “төмөр замын нарийн цариг” гэсэн малгайн дор илрэх болов. Сонин шүү. Шинэчлэлийн Засгийн газарт МҮАН багтаж, түүний улбаагаар Улаанбаатар төмөр замын дарга болсон М.Энхсайхан гэнэт л төрийнхөө эсрэг царигийн хэрүүл дэгдээсэн түүх саяхных. Бүр “Би хувийн харилцааны шугамаар Хятадын төмөр замын яамныхантай холбогдчихсон байгаа. Ирээч ээ гэсэн урилга бий. Хоёр хоног ухасхийгээд ирдэг юм уу... Нэлээд дээд түвшингийн хүмүүс нь уулзъя гээд байх шиг байна ” гэсэн бичлэг интернэтэд тавигдаж дуулиан болж байлаа. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлаа удирдлага болгон дурьдаж байгаад царигаа шийдчихээд байхад “Би хувиараа яваад ирье... Хятадууд уулзья гээд байна” гэдэг төрийн албан тушаалтныг тухайн үед гайхаад л өнгөрч байсан. Харин өнөөдөр түүний эхлүүлсэн тоглоом шоглоом болох цаг айсуй. Хэнтэй ч нийлж нэгдэж чаддаггүйгээрээ алдартай М.Энхсайханы дүвчигнэл гэж тоохгүй байх арга алга. Учир нь МАН энэ асуудалд хүч нэмлээ. Тэд Ерөнхий сайдад тавьсан асуулгын 1-рт “Төрөөс төмөр замын талаар баримтлах болдлого”-ын 4.1.2-т “бүтээгдэхүүн экспортод шууд тэвээрлэгдэх, ашигт малтмалын орд дахь боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д тавьж шийдвэрлүүлэхээр” заасан байгаа. Энэ юу болсон бэ. Яагаад өргөн цариг тавих гээд байгаа юм бэ. Шалтгаан нь юу вэ гэх маягаар 11 заалт бүхий асуулга өргөн барьжээ. Үнэхээр Төмөр замын бодлогын баримт бичиг гээчийн 4.1.2-т ийм заалт бий. Гэхдээ эхний ганц өгүүлбэр нь МАН ч, М.Энхсайханд ч огтоос хамаагүй бололтой. Тэр гологдсон ганц өгүүлбэрт нь Үндэсний аюулгүй байдлыг дурьдсан байдаг л даа. Тиймээс төмөр замын нарийн царигийг төрийн эсрэг , үндэсний аюулгүй байдлын эсрэг цариг гэж нэрлэж болох юм.
ТОХИРОО БУЮУ ХОЁР ЗАВСАРЛАГА БАС Х.БАТТУЛГА
Одоо би хардах эрхээ эдэлнэ. Гэхдээ оргүй юманд ор суулгаж оосоргүй юманд бүч зангидаагүй гэдгээ эхлээд сануулъя. МАН болон МҮАН тохироо хийчихсэн бололтой. М.Энхсайханыг албан тушаалаасаа халагдсаны дараа МҮАН Засгийн газраас гарч МАН-тай нийлэн Засгийн газрыг унагаах хувилбар яригдаж байгаад чимээгүй болсон. Ерөнхийдөө хамтарсан Засгийн газрууд унах магадлал өндөр байдаг. Учир нь автобусныхаа мөнгийг ч олж сураагүй гарууд Засгийн газарт орчихсонтой холбоотой. Хэн мөнгө амлана түүний урхинд гүйж орох нь элбэг учраас дээрх дүгнэлт үнэн. Эхлээд МАН яагаад МҮАН-тай нэгдмэл болов гэдгийн учрыг олох хэрэгтэй. Ерөнхий сайдад асуулга тавьсан гишүүдийн нэрсийг харвал өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа хоёрын нэр анхаарал татаж байна. Өмнөх Засгийн газар Энержи ресурсээс мөнгө авсан юм биш биз. Төмөр зам барих эрхийг нээж өгөхийн төлбөр авчихаад одоо нөгөөдөх нь нэхэгдээд байгаа юм биш байгаа. Энэ бол баримтгүй. Энэ бол хардалт. Гэхдээ логиктой. Энержи ресурс Хятад эздийнхээ өмнө амалсан төмөр замаа барих эрх нь хураагдчихсан. Өнөөдүүл нь үүргээ биелүүлэхийг шаардсан. Тулгалтад орсон Энержи ресурс өмнөх Засгийн газрын гишүүдээс шаардсан. Тэд боломжийг хайж үзээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт хийхээр оролдож байна. Зөвхөн нарийн цариг л хэрэгтэй. Монголын төмөр замыг Хятадын төмөр замын салбар сүлжээнд асуудалгүй холбох ёстой. Ерөөсөө л энэ. Үүнд М.Энхсайхан оройлон оролцоно. МҮАН-ын гишүүдийн дэмжлэг УИХ дээр санал хураахад хэрэгтэй. Харин УИХ дээр санал хураахын тулд Засгийн газраас санал оруулах ёстой. Тиймээс Н.Алтанхуягт асуулга тавьж байна. Асуулга өгсөн он сар өдөр, түүнийг огцруулахыг хэлэлцэх, мөн завсарлага авах үетэй гайхалтай сайхан таарав. Завсарлага авсан хугацаанд тэд Н.Алтанхуягтай тохиролцох ёстой. “За энэ удаа Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг чинь ор нэр төдий тэгэсхийгээд орхиё. Харин Засгийн газраас төмөр замын царигийг өөрчлүүлэх асуудлыг УИХ-д оруул...” . Ийм тулгалт хийсэн байж болно. Нөгөө талаар засгийн эрх барьж буй Ардчилсан нам дахь гол хүчин Алтангадасын доройтлын үетэй мөн таарч байна. С.Баярцогтын асуудлаар МҮАН завсарлага авсан. Ийнхүү хоёр завсарлага авсан хугацаанд хөшигний араар цариг шийдэгдэх ёстой. Одоо Алтангадас өмнөх шигээ хүчирхэг биш болсон. Тиймээс МАН-ын дэмжлэг тэдэнд зайлшгүй хэрэгтэй. Завсарлага үргэлжилж байх хооронд МАН зүгээр суусангүй. Бацаануудаа явуулж Ерөнхий сайдын хүргэний гэнэ үү нэг компанийг “илрүүлэв”.Үнэн ч бай, худал ч бай хамаагүй ээ, энэ бол цохилт мөн. МАН, М.Энхсайхан, Н.Алтанхуяг буюу Алтангадас. Тэрсэлж зөрүүдлэх боломж хомс. Ерөнхийлөгчийн сонгууль ойртчихсон энэ цагт МАН-ыг сөргөх тусам Ардчилсан намд аюултай. Мэдээж Ерөнхийлөгчид энэ туйлаас ашиггүй тоглоом. Тиймээс нарийн царигийн талд толгой дохиж мэдэх. Хэрэв энэ хардлага байж Засгийн газраас төмөр замын царигийг дахин УИХ-д оруулж ирвэл тэд нэг зүйлийг тоть мэт давтах вий. “Оросууд өргөн цариг гэхээр дургүйцээд манайхтай хамтрахгүй гэсэн. В.Якунин ирэх шалтгаан энэ...” гэх вий. Эсвэл тэд В.Якунины ирэх үеэр юм уу дараа нь энэ асуудлыг хэлэлцэж магадгүй юм. Хэрэв УИХ төмөр замын царигийг нарийнаар шийдэж өөрчлөх юм бол Х.Баттулга лав Засгийн гараас гарч таарна. Нарийн царигтай төмөр зам бариулахаар зүтгэж байгаа А.Гансүх ч бас гарах биз. Хэрэв Х.Баттулга тэргүүтэй МоАХ засгаас гарчихвал улс төрийн дахин хуваарилалт жинхэнэ ёсоороо эхлэх вий гэж эмээнэ... Энэ бүгд хятад тохироо юм. Монголын төр засаг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын эсрэг нүүж улмаар бэрс гарах боломжтой ганцхан өрөг бол нарийн цариг билээ.
Үргэлжлэл бий...
Л.Мөнхбаясгалан
Зочин · 2013/04/30
Л.Мөнхбаясг****ан чи боль чи ямар юмаараа төмөр зам мэддэг юм бэ? чадахгүй мэдэхгүй юмаараа битгий хөөцөлдөж бай.таныг бодвол төмөр замд 20 жил ажиллаж байгаа хүн хэлж байна.
Зочин · 2013/04/26
chi setguulch yum uu. ***nii nohoi yumuu mgl d nariin tsagrig tavib** yamar h urshig irhiig medej bn uu man bol targan hujgiin bool
Зочин · 2013/04/25
hubiin hurunguur tabij baigaag bayrlah yostoi bish uu turiin hulgaichid munguu bula**daj baihad
оогий · 2013/04/25
л.мӨНХБАЯСГАЛАН ТА НАР ТОМ ТОМ УЛС ТӨРИЙН ДҮГНЭЛТ ӨӨРСДИЙНӨӨРӨӨ ХИЙГЭЭД ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААГААД БАЙХ ЮМ.ЕР ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ГЭДГЭЭ ӨӨРСДӨӨ ОЙЛГОДОГ ЮМ УУ.ҮНЭН ЯДУУ ТАРХИТАЙ БАЙНА. ТА НАРЫН НИЙТЛЭЛИЙГ АРД ТҮМЭН ИХЭНХ НЬ ШУУД УТГААР НЬ ОЙЛГООД БАЙНА НААД ВИРУСЭЭ БОЛЬ