Сонгуулийн сурталчилгааны хугацаа талдаа орлоо. Одоо арваад хоног үлдсэн байна. Нам эвслүүдийн өнгөрсөн өдрүүдийн сурталчилгаанаас “бодлогын өрсөлдөөн” бараг харагдсангүй. Уг нь тэд ирэх дөрвөн жилд улсад, иргэнд хэрэгтэй бүхний тухай мэтгэлцэж маргалдаад ч болов “мэргэн санаа”-г уралдуулах учиртай. Гэвч тэгэхгүй л байна. Нөгөө л хар PR, хов жив зонхилж байна.

Иймээс бид өөрсдөө энэ сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг “ухах” хэрэгтэй болов.

Ер нь бол мөрийн хөтөлбөрийг “...Бүтэх эсэх нь тодорхойгүй мөрөөдөл” гэдэг ч тухайн нам, эвслийн байр суурийг илэрхийлж байгаагаараа “нээгээд” үзчихэд гэмгүй юм.

Эндээс Монгол Улсын, монголчуудын эрх ашгийн, нэн тулгамдсан асуудлуудаар ямар байр суурьтай байгааг мэдэж болно.

Энэ удаад нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө Баялгийн сангийн асуудлаар ямар байр суурь “илэрхийлсэн”-ийг харъя. Баялгийн сантай болох Монголын төр, засгийн оролдлого лав арав гаруй жилийн түүхтэй. МАН ч, АН ч төрийн эрх барихдаа судалж, оролддог байв. Харин сая, хаврын отгон чуулганаар Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. Үндсэндээ Баялгийн сантай болчихсон. Мэдээж, анхны хууль болохоор засах сайжруулах, нарийвчлах зүйлүүд нэлээд байгаа талаар мэргэжилтнүүд, экспертүүд хэлж байна. Ямартай ч стратегийн ордуудыг түшиглэсэн Баялгийн сангийн суурь тавигдсан. Гэхдээ энэ сан цаашаа ямархуу хэмжээнд яаж оршин тогтнох, тэр хэрээр үр өгөөжөө хэрхэн өгөх вэ гэдэг нь энэ удаагийн УИХ-ын сонгуулиар шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ямар нам, эвсэл ялалт байгуулахтай шууд холбоотой юм. Тэгэхээр нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө Баялгийн сангийн талаар хэрхэн тусгасныг танилцуулж байна.

МАН:

...Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүнй орчныг бүрдүүлнэ. ...Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудттай хамтран хэрэгжүүлнэ. ...Монгол Улсын Үндсэн хуульд үаасан байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, Ирээдүйн өв санд ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, Хөгжлийн сангаар улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

АН:

... Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулан олон улсын болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоог бүрдүүлнэ. ... Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд хойч үеийнхэний хөгжлийн баталгаа болох Ирээдүйн өв санг байгуулна. ... Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулан өгөөж хүртэх ба аль ч сангийн эх үүсвэрийн тодорхой хувиас хэтрэхгүй хэсгийг дотоодын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох салбарт хөрөнгө оруулна. ...Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна. ...Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.

ХҮН нам:

...Уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлнэ. ...Стратегийн ач холбогдох бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ. ...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн орлогоор төсөл, хөтөлбөр шууд санхүүжүүлдэг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар бие даан үйл ажиллагаагаа ил тод явуулах нөхцөлийг хангаж, ашгийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг төсвийн хүрээнд баталдаг байхаар хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

Үндэсний эвсэл:

...Үндэсний аюулгүй байдалд харшлахаас бусад салбарын төрийн өмчийг Хөрөнгийн биржээр хувьчлах замаар төсвийн зардлыг танаж, хувьчлалаас орох орлогыг Баялгийн санд төвлөрүүлж, менежментийг нь мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийг өсгөж, зорилтот арга хэмжээнд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

ИЗНН:

...Орлогын тэгш бус байдлыг бууруулах, баялгийн шударга хуваарилалтыг хангах бодлого, нийгмийн халажмийн оновчтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. ...Уул уурхайгаас олсон сэргээгдэхгүй, тодорхой нөөцтэй, шавхагддаг байгалийн баялгаас олж буй орлогыг аливаа хэлбэрээр иргэдэд хавтгайруулан тараах нь эдийн засгийн болон нийгмийн үр ашиггүй хуваарилалт тул үүнийг зогсоож, боловсруулах болон бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг чанаржуулахад зориулах бодлого баримтална.

ШИНЭ нэгдсэн эвсэл:

...Баялгийн сангийн эрх зүйн орчныг сайжруулж, уул уурхайгаас бусад бүхий л бизнесийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжинэ.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)