2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт орон даяар эхэлж, 22.00 цагт дууслаа.

УИХ-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан мэдээллийн дүнг орон даяар гар тооллого явуулж баталгаажуулах юм. Одоогоор сонгогчдоос авсан нийт саналын тоогоороо АН 13 тойргоос нийтдээ хорин зургаан суудал аваад байна.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "Эрх баригч намын болон бодлогын алдааг засаж, цаашлаад улс орноо өрийн дарамтнаас гарч, ажилгүйдлийг арилгана. Энэ сонгуулийн явцад маш олон асуудал үүссэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бид энэ үеийг амжилттай давлаа. Ийнхүү намынхаа 200 мянган гишүүний өмнөөс баярласан талархснаа илэрхийлж байна. Хамтдаа төгс парламентын төлөө ажиллана. Эцэст нь хэлэхэд, бид төрд байгаа асуудлыг арилгана гэдгээ амлаж байна.

Мөн энэ сонгуулийн явцаар Өвөрхангай аймгийн Сант сумын намын дарга Б.Баярмөнхийгөө харамсалтайгаар бид алдсан. Сонгуулийн үеэр улс төржүүлэхгүйн тулд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ээ. Харин одоо түүнийг нэхэн дурсаж, АН-ын дээд одон болох Чингис хааны одонгоор шагнаж, гэр бүлийнхнийг нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр өгөхөөр болсноо мэдэгдэж байна.