УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд Төрийн ордонд үнэмлэхээ гардан авлаа. Үргэлжлүүлэн шинээр бүрдсэн парламентын анхдугаар чуулганыг 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарав. 

Эдгээр үйл явдалтай зэрэг шахам эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хурлаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцэж байгаа. 

Төрийн гурван өндөрлөгийн нэг гэгддэг энэхүү албан тушаалд УИХ-ын гишүүний үнэмлэхээ дөнгөж гардаад буй Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нарын нэрс яригдаж буй. Тэднээс Д.Амарбаясгалан шинээр бүрдсэн парламентыг даргалах магадлал өндөр байгаа аж. 

Маргааш хуралдах анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ: 

  • шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох;
  • нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
  • шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.