Наадмын өдрүүдээр цаг агаар ямар байх вэ?
2024/07/05
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж халсан. Харин долдугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:Долдугаар сарын 1, 2-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 4, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 8,9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Энэ сарын 4–нд дуу цахилгаантай аадар бороо, 5-6-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна. Энэ сарын 5-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.
Мөн долдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Туул, Хараа, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10, 11-ны үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.
Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг анхааруулж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зочин · 2024/07/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh