Өнгөрсөн долоо хоногт Нарны гүүрийн ойролцоо “Mercedes Benz G-500”, “Lexus-570” маркийн хоёр автомашин яг адилхан дугаартай замын хөдөлгөөнд оролцож байсныг замын цагдаагийнхан иргэдийн тусламжтайгаар илрүүлжээ.

Иргэдээс өгсөн мэдээллийн мөрөөр шалгахад 11 11 УНГ улсын дугаар нь “Mercedes Benz G-500” жолооч Хангэрэлийн нэр дээр байдаг болох нь тогтоогдсон байна. Харин “Lexus- 570” маркийн автомашины эзэн 11 11 УНГ улсын дугаараа Авто тээврийн газраас авсан хэмээн мэдүүлжээ.
Түүнд улсын дугаарыг эзэмших эрхийн гэрчилгээ байсан аж. Энэ талаар ЗЦГ олон нийттэй харилцах тасгийн ажилтан н.Пүрэвдоржоос тодруулахад ”Улсын дугаар давхардуулж олгох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ удаагийн зөрчил Авто тээврийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс зөрчлийг арилгуулахаар холбогдох газарт мэдэгдэл хүргүүлсэн” гэв.
Түүнээс гадна “Mercedes Benz G-500” автомашины жолооч Хангэрэл саатуулагдах үедээ хуурамч жолооны үнэмлэхтэй байжээ. Ингээд түүнийг үргэлжлүүлэн шалгахад тэрбээр “хоёр хуурамч үнэмлэхтэй, жинхэнийг нь жолооны курст ангилал ахиулах гээд өгчихсөн байгаа“ хэмээн мэдүүлсэн байна. Хэргийг ЗЦГ-ын Эрүүгийн тасагт үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ