Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил Үндэсний их баяр наадмыг гурав дахь удаагаа нээж, үг хэллээ. 2021 онд цар тахлын улмаас  баяр наадам болоогүй, өнжсөн. Тэр үед Төрийн тэргүүн долдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс үг хэлж байжээ. 

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг удаа чуулганы индэр дээрээс, гурван удаа наадмын индрээс ард түмэндээ хандаж үг хэлсэн гэсэн үг.  Төрийн тэргүүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд баяр наадмын үеэр хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

 

2024 он: Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүй, эв эеийг эрхэмлэхийг сануулав

 

Энэ жилийн наадмаар гаднын хүндэт зочид ихтэй байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэдтэйгээ мэндчилэхийн зэрэгцээ Бутан Улсын Цог Жавхлант Хаан, Хатан нартай наадмын индрээс мэндчилэв. Мөн тэрээр “Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн. Тэгвэл түүхт ойн энэ жил манай ард түмэн ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, парламентат ёсоо төлөвшүүлэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа анх удаа 126 гишүүнтэйгээр сонгон байгууллаа.  

Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдэд амжилт ерөөе. Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, ёс зүйн дээд манлайллыг үзүүлж, эвийг эрхэмлэн, журмыг сахиж, итгэл дааж, сэтгэл гарган улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх учиртай.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.  Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр наадмын индэр дээрээс УИХ, Засгийн газрын гишүүдэд захиа, даалгавраа өглөө.

 

2023 он: Хүчирхэг Монгол Улс, Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улс хэмээн онцолж байжээ

 

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн хэлсэн  “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улс” хэмээх үгийг баяр наадмаар онцолж байжээ.  Мөн тэрээр Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хэлсэн “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээх шүлгээс эшлэсэн байна.  Мөн “Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990-ээд оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь монголчууд бидний ХХ зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ. Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм” гэжээ.  Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе” гэжээ.  Мөн  Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд мандан бадарч байх болтугай. Энэ бол монголчууд бидний зуу, зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.   

 

2022 он: “Хүчирхэг Монгол Улс” болохын төлөө ард нийтээрээ хамтран зүтгэцгээе

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай зарлигийг буулгаж байв.  Тэрээр “ 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ. Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.Ирж буй шинэ зуунд монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн “Хүчирхэг Монгол Улс” болохын төлөө ард нийтээрээ хамтран зүтгэцгээе” гэжээ.  Мөн Их Монгол Улсыг байгуулан, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна. Их хааны сүр хүч, билиг оюуны – суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, монгол төрийн гал голомтыг өнө мөнхөд бадраах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

 

2021 он: “Эрүүл явбал улсын наадам үзнэ”

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс үг хэлж байв. Ингэхдээ Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, түүхч Агданбуугийн Амар “Манай түүхийн сайн нь бидний багш, саар нь ч бас бидний багш юм шүү” гэж сургасныг эшлэж байжээ. Мөн Төрийн тэргүүн  “Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхэддээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье. Манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээх шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан хэлсэн захиас мэт санагдаж байна. Их зохиолчийн маань бичсэнчлэн: Олон түмэн минь эрүүл байж Олон, олон “Улсын наадам”-ыг үзэх болтугай! Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин