Засгийн газрын хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уялдуулах ажлын талаар тэрбээр ярилаа. 

Энэ тухай "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тийм ч учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн.

Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр нь хамтарсан Засгийн газрын эвслийн гэрээ буюу хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн. Тус ажлын хэсгийн тусламжтайгаар хамтарсан Засгийн газар цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг чиглэлээр гэрээ байгуулна гэсэн үг. 

Тус гэрээг Герман Улсын сайн туршлага буюу 2021 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гэрээг туршлага болгож судалж байна. Мөн Шинэ Зеланд, Нидерланд зэрэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэхийг зорьж байна. 

Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан гол зарчмууд

  • Хамтарч ажиллахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдгээ тодорхойлдог.
  • Улс төрийн намууд нь зөвшилцөлд хүрснээр хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг.
  • Хамтарсан Засгийн газар салбар дундын уялдааг хангуулах нь чухал.

Засгийн газрыг бүрдүүлж буй Ардчилсан Нам, ХҮН нам, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан заалт, зорилтуудын уялдаа холбоон суурилж өнгөрсөн хугацаанд ажилласан.

Зорилт, хөтөлбөрүүдийн нэр өөр хэдий ч тулгамдсан асуудал адил учраас мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь хоорондоо уялдах бололцоотой судалсан ажлын хэсэг дүгнэсэн.

Намуудын мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоог ханган хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, үүнд үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Мөн хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоол батлуулснаар цаашид сайн жишиг манай улсад үлдэнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах, мөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх чиглэлээр УИХ-д төсвийн тодотгол өргөн барихаар ажиллаж байна.

Үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийг тодотголыг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэйгөөр Ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд ажилдаа орж байна" гэлээ.