"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор түүний ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлт гаргахаар болсон талаараа өчигдөр мэдээлэл хийх үеэр түүний төрсөн дүү нь  Н.Өнөрцэцэгт холбогдуулан шалгаж буй төрийн нууц мэдээллийг олж авсан, хадгалсан гэх хэргийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Ингэхдээ тухайн мэдээллийг задруулсан хүн нь БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн билээ. 

Тэрбээр "Төрийн нууц задруулсан гээд яваад эхэлж. Тийм юм байхгүй. Тийм боломж ч байхгүй. Тухайн хадгалсан гэх нууцын баримт юу болох ямар баримт болох талаар би огт мэдэхгүй ба мэдэх ч боломжгүй. Учир нь төрийн нууц нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу тусгай нөхцөлд танилцдаг, мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нууцыг хариуцан хамгаалах тусгайлсан ажилтантай бөгөөд миний бие ийнхүү хуулиар хамгаалагдсан баримт, материалыг өөрөө аваад явах боломжгүй юм. Мөн төрийн нууцад хамаарах материалыг авсан бол заавал баталгаажуулж тэмдэглэгддэг бөгөөд авсан хүн нь маш тодорхой байдаг.

Гэтэл ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр нэр хамаатуулж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. Энэ удаад ч мөн албан ёсоор мэдэгдэе" гэжээ.