Хөдөлмөрийн зах зээл дээрх албан ёсны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгаагийн гол шалтгаан нь хүүхэд асрах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлахтай холбоотой байна.

Тодруулбал, 2020 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 51.8 хувь, 2021 онд 49.9 хувь, 2022 онд 51.5 хувьтай байгаа бол эрчүүдийн жилийн дундаж нь 68.5 хувьтай байгаа юм. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийн зуны амралт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлдөг талаар "Асрахуйн эдийн засаг" буландаа бэлтгэн хүргэж байна.

Манай улсад гэр бүлийн хэн нэгэн нь заавал гэртээ хүүхдээ харах шаардлагатай болдог. Харин нийгмийн цөөн хувь нь хамтдаа хөдөлмөр эрхэлж байна. Гэвч эдгээр хүмүүст зун хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуудал жил бүр тулгарч байна. Тодруулбал, улсын цэцэрлэг зургаадугаар сарын 1-нд амардаг. Хувийн цэцэрлэгүүд долдугаар сарын 1 хүртэл ажилладаг. Тэгвэл үлдсэн саруудад хүүхдээ яах вэ?

 

Кэйс 1

 

Түүнийг А.Даваамаа гэдэг. Тэрээр таван настай хүүтэй. Цэцэрлэг амрахтай зэрэгцэн ээлжийн амралтаа авч, ажилд орохтой нь зэрэгцэн нөхөр нь ээлжийн амралтаа авч хүүгээ хардаг байна. Тэрээр “Хүүгээ хоёр болон гурван настайд нь зун хөдөө явуулдаг байсан. Өнгөрсөн жилээс хүү маань хөдөө явмааргүй байна гээд уйлах болсон. Тиймээс хөдөө явуулахгүйгээр хамт байх арга хайж эхэлсэн. Хувийн цэцэрлэгүүд хайсан боловч бүгд долоодугаар сарын 1-нд амардаг. Зуны цэцэрлэгүүд нь дүүрчихдэг юм байна. Өнгөрсөн жил би цэцэрлэг амрахтай зэрэгцэн ээлжийн амралтаа авч долдугаар сарын 15-н хүртэл хүүгээ гэртээ харсан. Харин нөхөр маань долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтаа авсан. Харин үлдсэн 14 хоногт нь би чөлөө авч байж хичээлийн шинэ жилтэй золгосон доо. Энэ жил бас л энэ аргыг хэрэглэж байна. Төлбөр төлөөд ч хүүхдээ цэцэрлэгт явуулах боломж байхгүй байна шүү дээ” гэв. 

 

Кэйс 2

 

Б.Батдэлгэрийнх гурван настай нэг охинтой. Жил бүр хамаатны хүүхдээ авч ирж хүүхдээ харуулдаг. Энэ тухайгаа “Хамаатан саднаасаа хол амьдарч буй залууст тулгамддаг нэг асуудал бол мэдээж хүүхэд харах хүн олох байдаг. Эхнэр бид хоёр хоёулаа ажил хийдэг. Зуны саруудад охиноо харах боломжгүй. Тиймээс хамаатны хүүхдүүдээсээ гуйж охиноо харуулдаг. Мэдээж хүүхдээ харуулж буй учир тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Уг нь охин маань хувийн цэцэрлэгт явдаг. Гэвч зургаадугаар сарын 1-нд амардаг. Зун ажилладаг цэцэрлэг байдаг бол залуучууд бид ажлаа хийж, амьдрахад амар байна” гэсэн юм.

Энэ бол цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав ээжүүдийн нийтлэг төрх. Тэгвэл нөгөө талдаа цэцэрлэгийн багш нар зуны гурван сар гадагшаа ажил хийхээр явсаар байна. Багш нарын хувьд хувийн цэцэрлэг шиг арай өндөр цалинтай ажиллуулбал Солонгос явах шаардлага алга гэж байсан юм.

Цэцэрлэгийн багш О.Бямбасүрэн “Удахгүй Солонгос явахаар тийзээ авсан байгаа. Учир нь зуны саруудад ажилгүй байгаа учир өндөр цалинтай ажил хийж, амьдралаа дээшлүүлэх нь зөв гэж боддог. Зуны цэцэрлэг ажиллуулбал болохгүй зүйл үгүй. Гэхдээ хувийн цэцэрлэг шиг эцэг эхчүүдээс багахан төлбөр авч арай өндөр цалинтай ажиллавал татгалзах зүйл байхгүй. Эрэлт нь байв ч нийлүүлэлт нь алга” гэв.

Зөв бодлого зохицуулалт байхгүйн улмаас идэвхтэй ажиллах хүчний ихэнх нь ийм шалтгаанаар баталгаагүй, нийгмийн даатгал төлөгдөх нь бага, үнэлэгддэггүй албан бус сектор руу гулсаж байгаа юм. Асрахуйн буюу хүүхэд харах ажлыг бий болгосноор эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломжтой.

Энэ талаар Асрахуйн эдийн засгийн талаар МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал “Хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн асран халамжлах үйлчилгээг төрийн оролцоотойгоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол гэрийн ажлыг хэн нь хийх вэ гэж байгаа хэрэг биш, түүнээс өргөн агуулгатайг эндээс харж болно. Асран халамжлах үйлчилгээг хөгжүүллээ гэж бодоход нэг талд эрэлт нь байгаа ч нөгөө талд нийлүүлэлт дутагдаж байна. Тэрхүү нийлүүлэлтийг бий болгохын тулд тэр салбар хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын хөлс нь амьжиргаагаа аваад явахуйц хэмжээнд байх учиртай. Тодорхой хөшүүрэгтэй байвал хувийн хэвшил орох тул төрийн оролцоо шаардлагатай болно. Асран халамжлах үйлчилгээг төр бодлогоор хөгжүүлээд ирвэл тэнд ажлын байр бий болно. Ингэснээр нийгэмд томоохон хөрөнгө оруулалт болно. Ажлын байр бий болгохоор тэнд ихэнхдээ эмэгтэйчүүд ажилтай болно. Тэгэхээр нэг дор хоёр, үүнээс ч олон асуудлыг шийдэж байгаа биз” гэсэн юм.

 

Шведэд шөнийн цэцэрлэг бий

 

Солонгос болон Япон, Бээжинд цэцэрлэгүүд зун амардаггүй ажээ. Шведэд бүр шөнийн цэцэрлэг бий. Шведэд л гэхэд уртасгасан цагаар ажилладаг болон ээлжийн ажилтай эцэг эхчүүдэд зориулсан шөнийн цэцэрлэгийг ажиллуулдаг ажээ. Ганц бие болоод үдэш оройн цагаар сурч боловсордог хүмүүст ч энэ үйлчилгээ ихээхэн нэмэртэй гэнэ. Шөнийн цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн газар гэхээс илүүтэй гэр шиг байдаг учраас хүүхдүүд ч  удалгүй дасдаг байна. Өдөр шөнийн  хоёр цэцэрлэгт дамнуулж явуулахаар багагүй зардал гарах байх гэж та бодож байна уу. Тэгвэл Шведийн Засгийн газар иргэдээсээ өндөр татвар авдаг ч түүнийхээ хэрээр нийгмийн халамжийн өгөөмөр бодлого хэрэгжүүлдэг ажээ. Тус улсад хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын төлбөр буюу хүүхдээ цэцэрлэгт явуулах зардал эцэг эхийнх нь цалингийн гурван хувиас дээш гарах ёсгүй гэсэн бодлого байдаг бөгөөд хүүхдээ өдөр, шөнийн цэцэрлэгт явуулдаг нэг гэр бүл гэхэд 138 орчим ам.доллар төлдөг байна.

Зун цагийг хүүхдүүд нь зугаатай, эцэг эхчүүд нь сэтгэл амар өнгөрүүлэх ганц гарц зуны цэцэрлэг. Тиймээс цэцэрлэгүүдийг зун ажиллуулдаг болгоё.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин