Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх туннелийн төслийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн дараах мэдээллийг хийлээ. 



Тэрбээр "Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Эдгээр төсөл гэнэт яригдаж эхэлсэн зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч тооцоо, судалгаа хийгдэж байсан. Go.mongolia буюу өөдөө тэмүүлэх Монгол гэх ган татлагатай 900 метр гүүр хийх, гүүрний цаад тал руу Богдхан уулын туннелийг барих юм.

Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн арван дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьдагчлан Кувейтийн ам руу гаргана. 

Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Түгжрэлийг бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ" гэлээ.