Хүүхэд харах үйлчилгээ хүртээмжтэй болвол үнэ буурах боломжтой
2024/08/01
Өглөө гэрээсээ гараад л үдшийн бүрийтэй зэрэгцэн гэртээ ордог байж билээ. Харин хотын хүүхдүүд хэцүү юм. Заавал хэн нэгэнтэй хамт гарахаас өөр аргагүй байх юм хэмээн байрны гадаа тоглох хүүхдүүдийг хараад ийн бодол хөврөв. Хүүхэд гэдэг эцэг эхдээ хамгаас үнэтэй. Өрөө өмлөн төрүүлсэн үрээ өөрөөсөө илүү нандигнах хайр зөвхөн хүнд ч бус амьтанд ч заяасан байдаг. Гэвч хайрлаж байна гээд хүүхдээсээ салахгүй тэврээд суух боломж өнөөгийн нийгэмд үнэндээ алга байна. Амьдрал гэх галт тэрэг нэгэнт хурдаа авчихсан энэ үед гэр бүлийн хоёр хамтдаа зүтгэхээс аргагүй цаг үе ирээд байна. Тэгвэл хамтдаа хөдөлмөрлөх залууст зуны гурван сар хүүхдээ яах вэ гэдэг асуудал толгойных нь өвчин болжээ. Азтай нэг нь зуны цэцэрлэгт хамрагдаж, аргаа барсан залуус нь ээлжийн амралтаа ар араасаа залгуулан авч хүүхдээ харж байна. Тиймээс бид “Асрахуйн эдийн засаг” булангийнхаа өмнөх дугаарт “Зуны цэцэрлэггүйгээс залуу эмэгтэйчүүд ажил эрхлэх боломжгүй болж байна” нийтлэлээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа ахмадууд болон өсвөр насны хүүхдүүд асрахуйн хөдөлмөр хэрхэн эрхэлдэг талаар бэлтгэн хүргэж байна.
Тоглоомын талбайд тоглох хүүхдүүдийн асран хамгаалагчдыг харвал ихэвчлэн эмээ өвөө нар байх бөгөөд цөөн хувь нь ээж нар нь байх аж. Харин ганц хоёр хүүхэд эгч нартайгаа тоглож байгаа харагдана. Дүүгээ ихэд болгоомжлонгуй харах энэ охиныг Д.Марал-Эрдэнэ гэдэг. Тэрээр энэ жил арван хоёрдугаар ангиа дүүргэжээ. Амралтаараа ахынхаа дөрвөн настай охиныг хардаг аж. Энэ тухайгаа “Би өвөл болон зуны амралтаараа Дорноговь аймгаас Улаанбаатарт ирж ахынхаа хүүхдийг хардаг. Ах, эгч хоёр маань хоёулаа ажилтай учир зуны гурван сар хүүхэд харах хүн олох нь тэдний хувьд хамгийн тулгамддаг асуудал гэдэг. Тиймээс амралт бүрээрээ ирдэг. Надад хүүхэд харсны хөлс гэж сард 600 мянган төгрөг өгдөг. Энэ нь намар хичээл орох үед хувцас болон хичээлийн хэрэгсэл бэлдэхэд амар байдаг. Бидний үеийнхэнд хоёроос дээш насны хүүхэд харах нь тийм ч хэцүү биш. Дүү бид хоёр өглөө 07:30 цаг орчимд сэрдэг. Өглөөний цайг нь уулгаад 10:30 хүртэл гадаа тоглуулдаг. Эргэж гэртээ ороод хоол хийж өгөөд өдрийн унтлага хийлгээд орой 18:00-21:00 цаг хүртэл гадаа тоглуулдаг. Бидний нэг өдөр ингэж өнгөрдөг. Энэ нь тийм ч хүнд ажил биш. Ялангуяа дөрвөн настай хүүхэд биеэ даачихсан байдаг. Бид гэртээ ч гэсэн хоол хийх зэрэг ажил хийдэг болохоор илүү ажил шиг санагддаггүй” гэсэн юм.
Харин хүүхдийн талбайд тоглох хоёр орчим настай хүүг харах энэ эмэгтэйг Х.Дуламсүрэн гэдэг. Тэрээр охиныхоо хүүг хардаг ажээ. Энэ тухайгаа “Хүүхдүүд маань ажилтай учир хүүхдийг нь харахаас өөр аргагүй. Гэхдээ энэ нь бидэн шиг тэтгэвэрт гарсан хүмүүст зугаатай байдаг. Тэтгэвэрт гарсан бид чинь хүүхдүүддээ хүүхэд харж өгч л тус болж байна шүү дээ” гэсэн юм.
Манай улсад хүүхэд харах үйлчилгээ байдаг. Гэрийн үйлчлэгч, асрагч гэх мэт дотроо ангилагддаг. Тэдний цалин 1.8-3.5 сая төгрөгийн үнэтэй. Орлого багатай хүмүүс 1.8 сая төгрөгөөс эхэлж байгаа асрах үйлчилгээг яаж авч чадах билээ. Харин өсвөр насныхан болон ахмадуудыг хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх боломж, нөхцөлөөр хангаж үнийг нь боломжийн тогтоосноор энэ асуудлыг зохицуулах боломжтой.
Харин энэ талаар МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал “Хүүхэд харах үйлчилгээ хүртээмжтэй болоод ирвэл үнэ буурна. Ингэхийн тулд татварын хөнгөлөлт, урамшуулал зэрэг төрийн бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өдөр тутмын хийж буй асран халамжлах цалин хөлсгүй ажлыг эдийн засгийн агуулгаар харах, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал асрахуй нь цар хүрээний хувьд дэлхийд хамгийн томд тооцогдох машин, эмийн салбарын дараа орохуйц үлэмж хэмжээтэй эдийн засаг болж болохыг улс орнууд хүлээн зөвшөөрч, анхаарлынхаа төвд авч байна. Асрахуй нь эдийн засгийн утгаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа болохоос биш эдийн засгийн маш том бүрэлдэхүүн хэсэг. Асрахуйн эдийн засагт гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй асран халамжлах хөдөлмөр багтана. Мөн асаргаа зайлшгүй шаардлагатай бүлэг буюу хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өвчтэй хүнийг асран хамгаалахад зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэл орно. Үүнээс гадна эрүүл, ид хийж бүтээх хөдөлмөрийн насны зэрэг хүн бүрийн асрах, асруулах хэрэгцээг тойрсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ ч бас орж байна.
Хүний оршихуйг тодорхойлогч, бас өрх гэр бүл төдийгүй нийгэм, эдийн засгийг тэтгэгч цөм хэсэг нь хэрнээ үл үзэгдэж, үл ойшоогдож, үл тооцогдож байгаа учраас асрах, халамжлах ажил, үйлчилгээг эдийн засгийн агуулгаар харах, хүлээн зөвшөөрөх, үнэлэх, ачааллыг багасгах, дахин хуваарилах цогц бодлогыг улс орнууд хэрэгжүүлж байна. Хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн асран халамжлах үйлчилгээг төрийн оролцоотойгоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Асран халамжлах үйлчилгээг хөгжүүллээ гэж бодоход нэг талд эрэлт нь байгаа ч нөгөө талд нийлүүлэлт дутагдаж байна. Тэрхүү нийлүүлэлтийг бий болгохын тулд тэр салбар хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын хөлс нь амьжиргаагаа аваад явахуйц хэмжээнд байх учиртай. Тодорхой хөшүүрэгтэй байвал хувийн хэвшил орох тул төрийн оролцоо шаардлагатай болно. Асран халамжлах үйлчилгээг төр бодлогоор хөгжүүлээд ирвэл тэнд ажлын байр бий болно. Ингэснээр нийгэмд томоохон хөрөнгө оруулалт болно. Ажлын байр бий болгохоор тэнд ихэнхдээ эмэгтэйчүүд ажилтай болно. Тэгэхээр нэг дор хоёр, үүнээс ч олон асуудлыг шийдэж байгаа биз. Асрамж, халамжийн үйлчилгээний бие даасан тогтолцоог бий болгоход төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.
Өсвөр насны хүүхдээр асрахуйн хөдөлмөр эрхлүүлэх нь дэлхий нийтэд цоо шинэ үзэгдэл биш юм.
Жишээ нь АНУ-д 16-аас дээш насны хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ талаар Б.Ундрал “Би АНУ-ын Чикагод амьдардаг. 17 настай. Хичээлийн бус цагаар айлын хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ өдөрт 3-5 цаг л хардаг. Цагийн 10 доллароор хардаг” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин